Турк дараагийн Сири болох уу?

2016 оны 1 сарын 4

Туркийн үндэсний цөөнх курдууд өдгөө нийт хүн амын 20 хувийг эзлэх болжээ. Турк гэр бүлүүдийг бодвол курдууд хоёр дахин олон хүүхэдтэй байдаг аж. Туркийн засгийн газар болон Курдын ажилчдын намын (PKK) хоорондох гал зогсоох гэрээ хоёр жилийн дараа өнгөрсөн долдугаар сард зөрчсөнөөс хойш зөрчил мөргөлдөөн дахин сэргэжээ. Туркийн зүүн өмнөд хэсэгт өнөөдөр өрнөж буй үйл явдал 1990 оноос хойших хамгийн их цус асгаруулсан зөрчил мөргөлдөөн болж байна. Курдуудын зүгээс Туркийн засгийн газар “Исламын улс” бүлэглэлийг дэмжиж байгаад буруутгаж байгаа аж. Харин Туркийн ерөнхийлөгч курдуудын эсрэг цэргийн ажиллагааг зогсоохгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд өнгөрсөн жил 3000 дайчныг устгасан гэжээ. Туркийн зүүн өмнөд хэсэгт өнгөрсөн зургаан сарын хугацаанд курдын 100 хүүхэд, эмэгтэй амь үрэгдээд байгааг хүний эрхийг ажиглах байгууллагаас мэдээлжээ. Хохирогчид голдуу Туркийн армийн тусгай ажиллагаа болон зэвсэгт мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн аж.

 

 

Курдыг дэмжигч нам “Ардын ардчилсан нам” /HDP/ өнгөрсөн зургадугаар сарын парламентын сонгуульд 13 хувийн санал авч, Эрдоганы нам олонхын суудлаа алдсан юм. Гэвч Эрдоган эвслийн засгийн газар байгуулахаас татгалзаж дахин сонгууль зарлажээ. Түүнчлэн Эрдоган Курдын Ажилчдын намын эсэргүүцлийн бослогын эсрэг цэргийн ажиллагааг дахин эхлүүлж, бүс нутагт шөнийн хөл хорио тогтоогоод байна. Мөн курдыг дэмжин үг хэлсэн Туркийн сөрөг хүчний лидерүүдэд эрүүгийн хариуцлага тооцохоо ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгджээ.

 

Үүний зэрэгцээ АНУ нь Оросын шаардлага шахалтаар Сири дэх “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийн эсрэг үр дүнтэй тэмцэж буй курд болон араб бүлэглэлүүдийг дэмжин зэвсэг техникээр хангахаар болжээ. ОХУ нь “Исламын улс” бүлэглэлийн эсрэг газрын тэмцэлд Вашингтоныг үр дүнтэй арга зам олохыг шаардаж, шахалт үзүүлсэн байв. Вашингтон Сирийн хойд хэсэг дэх курдуудыг зэвсгээр дэмжин туслах болсон нь эргээд Туркийн аюулгүй байдалд заналхийлэл болж байгаа юм.

 

Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган

 

Мөн уйгуруудын асуудлаас үүдэн Турк Хятадын харилцаа муудаад байгаа юм. Хятадын баруун хэсэг дэх уйгуруудыг Турк хүлээн авч, дамжин өнгөрүүлж байгаа нь Бээжингийн хувьд Зүүн Туркестаны тусгаар тогтнох хөдөлгөөнийг дэмжсэн үйлдэл болж харагдаж байгаа аж. Гэвч тэдгээр уйгуруудын дунд Сирид очиж “Исламын улс” бүлэглэлд нэгдэх хүсэлтэй хүмүүс олон бий. Түүнчлэн Бангкок хотноо өнгөрсөн наймдугаар сарын 17-нд Эраван сүмд бөмбөг дэлбэлсэн халдлагыг уйгурууд үйлдсэн хэмээн Тайландын засгийн газрын мэдээлж, 109 уйгур дүрвэгчийг Хятад руу буцаажээ.

 

“Курдын ажилчдын нам” 1984 оноос хойш Туркийн зүүн өмнөд хэсэгт тусгаар тогтнуулахын төлөө тэмцэж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 40 мянга гаруй хүн зөрчил мөргөлдөөнд амь үрэгджээ. Курдуудын тусгаар тогтнохыг эрмэлзэж буй Туркийн зүүн өмнөд хэсгийн уулархаг бүс нь улсын төсвийн нэлээд хувийг залгидаг хэр нь стратегийн ач холбогдол багатай аж.

 

 

Курдуудын тэмцэл дунд Туркийг дараагийн Сири болохоос аврах аврагч нь Умард Атлантын цэргийн эвсэл буюу НАТО болж байна. Турк улс 1952 онд НАТО-д гишүүнээр элссэн аж. НАТО-гийн гишүүний хувиар Турк тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн, халдашгүй байдлаа хамгаалуулах эрхтэй. Энэ эрх өнгөрсөн арваннэгдүгээр сард Туркийн арми Оросын байлдааны онгоцыг буудан унагаасны дараа Эрдоганы гол өмгөөлөл болж байв. Энэ хэрэг явдлаас үүдэн ОХУ Турктэй харилцаагаа тасалж, эдийн засгийн хориг арга хэмжээ авсан юм. Түүнчлэн Турк НАТО-гийн гишүүн тул Оросын онгоцыг сөнөөсөн нь зохион байгуулалттай гэх хардлагыг Москва хэлж байв. Украины улс төрийн хямралаас болж НАТО, ОХУ-ын харилцаа хүйтэн дайны хэмжээнд хүрч муудаад буй юм.

 

Курдууд гэж хэн бэ?

 

 

Курдууд бол Ойрх Дорнодын дөрвөн орны (Турк, Иран, Ирак, Сири) нутаг дэвсгэрт таран оршиж буй төргүй, төрөлх нутгийнхаа гадна амьдарч буй ард түмэн юм. Бүс нутгийг хамарсан газар нутгийн асуудал дээр тэдэнд ч бас хэлэх юм бий. Гэхдээ тэдний хэлэх үг арабын ертөнцөд үймээн самуун дэгдээх том шалтгаан болно. Курд үндэстний нийт тоо 20-40 саяын хооронд хэлбэлздэг. Нэгэн судалгаагаар Туркт 15 сая, Иранд 7-8 сая курд амьдардаг гэсэн тоо нь амьдралд нэлээн дөхүү үзүүлэлт юм. Сирийн хувьд 1-2 сая курд үндэстэн бий гэж үздэг. Тэднээс 800 мянга нь тус орны иргэншилгүй учраас хууль бусаар оршиж сууж буйд тооцогддог. Иракт орших Курдистаны Засгийн газраас тус улсад 5.3 сая курд үндэстэн амьдарч байгаа гэсэн албан ёсны тоог илтгэдэг ч Иракийн эрх баригчид өөрсдөө 4.3 сая курд амьдарч байгаа гэдэг. Ингээд Курдистанаас гадна Иракийн мужуудад амьдарч буй курдуудын тоог багцаагаар тооцож үзвэл 6-6.5 саяд хүрнэ. Европын зөвлөлөөс курд үндэстнийг тоолсон үзүүлэлтийг харвал 800 000 нь Германд (гол төлөв Сири, Туркээс ирсэн), 100 000 нь Шведэд (Иран, Иракаас ирсэн), 90 000 нь Англид (Иракаас ирсэн), 120 000-150 000 нь Францад (олонх нь Туркээс ирсэн) тус тус амьдарч байгаа аж. Хуучин ЗХУ-ын нутаг дэвсгэр дээр ч хэчнээн курд үндэстэн амьдарч буйг тоолох аргагүй. Израильд гэхэд л 130 000 күрд үндэстэн бий гэдэг. Дүгнээд хэлбэл, дэлхий дахинаа 35 орчим сая курд үндэстэн амьдарч байгаа аж. “Курдистаны Ажилчдын нам” (КАН) АНУ, Европын холбооноос гаргасан алан хядах үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын жагсаалтад багтдаг бөгөөд олон оронд салбартай. Сирид “Ардчилсан холбоо”, Иранд “Курдистаны Эрх чөлөөт амьдралын нам” гэсэн салбар намуудтай бөгөөд Иракт ч бас үйл ажиллагаагаа явуулдаг. Дээр нь Сири дахь курдын улс төрийн намууд нь “Барзанигийн Курдистаны Ардчилсан нам”, “Талабанигийн Курдистаны Эх орончдын холбоо” гэж байна.

 

Б.АНХТУЯА

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна