НӨАТ-ын буцаан олголт нийтийг хамарч амжаагүй байна

Хуучирсан мэдээ: 2016.01.04-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын буцаан олголт нийтийг хамарч амжаагүй байна

Нэмэгдсэн өртгийн албан татварын шинэ хууль хэрэгжээд дөрвөн хоног өнгөрлөө. Энэ хугацаанд үйлчлүүлэгч иргэн, худалдаа үйлчилгээ үзүүлдэг иргэн, аж ахуйн нэгжүүдийн дунд хэрхэн яаж, нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ 20 хувиа буцаан авч, хонжворт сугалаанд орох вэ гэдэг талаарх мэдээлэл, ойлголт хангалтгүй байна. Эхний ээлжид “Петровис”, “Сод Монгол” ШТС, “Номин”, “Макс” хүнс, “Скай” худалдааны төв, “Миний” “Боса” сүлжээ дэлгүүр зэрэг газрууд сугалаатай баримт буюу нууцлалын зэрэглэлтэй тусгай кодтой, зориулалтын баримтыг хэвлэж эхэлжээ. Харин энэ сарын 15-ны өдрөөс эхлэн зах, худалдааны төвөөр сугалаатай баримт олгож эхэлнэ. Зарим сүлжээ дэлгүүрүүд дотор байрлах түрээсийн лангууны бараа бүтээгдэхүүнд нууцлалын зэрэгтэй кодтой баримтыг олгохгүй гэсэн тайлбарыг хийж эхэлсэн байна. Тухайлбал “Номин” сүлжээ дэлгүүр доторх бялуу, цэцэг зэрэг барааг худалддаг түрээсийн лангууны НӨАТ-ыг бид хариуцахгүй гэж иргэдэд мэдээлжээ. Харин “Миний” сүлжээ дэлгүүрийн тухайд кассаас доторх түрээсийн лангууны бүтээгдэхүүнийг бүрэн өөрсдөө хариуцна. Кассын гадна байрлах эмийн сан, нүдний шил, бэлэг дурсгалын лангууны татварыг тухайн түрээслэгчид хариуцна гэсэн тайлбар хийлээ.

Худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд нь худалдан авагч нартаа татварын нэгдсэн системээр баталгаажсан сугалаа бүхий баримтыг хэвлэж өгөх. Мөн Татварын ерөнхий хуулийн 18.1.8-д зааснаар Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, постерминал машин хэрэглэх үүрэгтэй. Гэхдээ жижиг дэлгүүр, аж ахуйн нэгж бүр өнөөдөр дээрх кассын машингүй иргэдэд үйлчилж байна. Гэр хороолол, орон сууцны дундах жижиг дэлгүүрүүдийн ихэнх нь НӨАТ төлдөггүй. Кассын машин өндөр өртөгтэй учир авч чаддаггүй зэрэг үүссэн бэрхшээлээ ярилаа. Энэ сарын 1-ний өдрөөс  иргэд үе үе баримт шаардах болсон. Иймээс цаашид зайлшгүй кассын машинтай болж, худалдан авалтын үнийн дүнг хэвлэсэн баримтыг гаргаж өгөх шаардлагатай байна. Энэ нь эргээд бэлэн мөнгөтэй холбогдоно. Ингэхээр худалдан авалт, бүтээгдэхүүний борлуулалт өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад буурсан гэж жижиг хүнсний дэлгүүрийн худалдагч нар тайлбарлалаа.

Иргэдийн хувьд хамгийн эхлээд www.ebarimt.mn сайтад нэвтэрч хэрэглэгчээр бүртгүүлэн хувийн дугаартай болох аж. Бараа үйлчилгээ худалдан авч буй хувь иргэн та энэхүү баримтаа авч өөрийн нэр дээр бүртгүүлснээр төрөөс олгох НӨАТ-ын 20 хүртэлх хувийн буцаалт болон сар бүр зохион байгуулагдах сугалаат урамшуулалд оролцож, 100 сая хүртэл төгрөгийг хожих боломжтой болох юм. Хамгийн эхний урамшуулалт сугалаа энэ сарын 17-ны өдөр явагдах юм байна. Одоогоор татварын 1800-1288 дугаарын утсанд хэрэглэгчдээс гомдол маш ихээр ирсээр байгаа аж. Тухайлбал, “Хүрмэн” эмийн сан , “Замбала” дэлгүүр, “Сансар” сүлжээ дэлгүүр, “Магнай трейд” ШТС, “Миний дэлгүүр”, “Pizza Hut”, “Orange” супермаркет, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр зэрэг газрууд иргэдэд сугалаатай баримт олгохгүй байна гэсэн гомдол бүртгэгджээ. Хуулиараа иргэдээс тухайн аж ахуйн нэгж, дэлгүүрийн нэр дээр иргэнээс хоёроос дээш гомдол ирвэл хуулийн дагуу татварын байцаагч хариуцлага тооцож эхлэх юм байна. Мөн иргэдийн гаргасан гомдлыг нөхөн барагдуулах аж. 

Иргэд www.ebarimt.mn сайтад нэвтэрч зааврын дагуу та тасалбарын дугаарыг оруулсны дараа систем дээр бүртгэгдэж, хоёр хувийн буцаан авах боломж нээгдэнэ. Сугалаанд орсон өдөр иргэн та ялах юм бол автоматаар таны урамшуулал таны дансанд шууд орох юм байна. Бага дүнтэй гүйлгээг автоматаар дансанд хийх учраас иргэд цахим сайтыг ашиглах шаардлагатай болжээ. Сугалааны тухайд сард 2-3 удаа явагдах юм. Ингэхдээ нэг сугалаагаар гурван удаа оролцох боломжтой. Мөн энэ сарын 1-20 хүртэлх өдрийн баримтаар нэг сарын сүүлийн долоо хоногт сугалаанд оролцох боломжтой. 3, 4, 5 дугаар саруудад сард хоёр удаа сугалааг зохион байгуулах хуваарийг төслийн багийнхан гаргажээ.


Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж