Улс төрийн намын тухай хуулийг өргөн мэдүүллээ

2016 оны 1 сарын 4

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2016.01.04/ Улс төрийн намын тухай хуулийн шинэчлсэн найруулгын төслийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өргөн мэдүүллээ.

Улс төрийн намуудын төлөвшил, улс төрийн тогтолцоонд гүйцэтгэх үүрэг, эрх зүйн орчин учир дутагдалтай байгаа нь ардчилсан төрийн байгуулал зохих ёсоор ажиллахгүй, засаглалын хямралт байдал үүсэхэд нөлөөлж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан болохыг Улсын Их Хурлын даргад танилцуулав.

Өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж буй “Улс төрийн намуудын тухай” хуулийг 1990 онд баталсан нь улс төрийн намын эрх зүйн үндсийг тогтоосон анхны алхам байсан бөгөөд 2005 онд "Улс төрийн намын тухай” хууль болгон шинэчлэн найруулсан. Энэхүү шинэчилсэн найруулгад дэвшилттэй зохицуулалтууд тусгагдсан боловч намын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, гишүүдийн эрх, үүрэг, намын дотоод ардчиллын талаар хангалттай нарийвчлан зохицуулаагүй хэмээн үзжээ.

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дээрх асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийг зорьж 9 бүлэг 53 зүйлтэйгээр боловсруулжээ. Уг хуулийн төсөл батлагдсанаар улс төрийн намыг улсын төсвөөс санхүүжүүлж буй өнөөгийн зохицуулалт өөрчлөгдөж зарим шинэ санхүүжилтийн хэлбэр нэмэгдэж байгаа ч мөн зарим санхүүжилтийн хэлбэр тодорхой хязгаартай болох юм байна. Түүнчлэн улс төрийн намуудын талаарх эрх зүйн орчин сайжирснаар монголын улс төрийн намуудын төлөвшил шинэ шатанд гарч, парламентын ардчилал бэхжиж, улс төрийн хямралт байдал гарах магадлал буурч, үндэсний аюулгүй байдлын баталгаа, ардчилсан эрх зүйт төрийн төлөвшил сайжрах нөхцөл бүрдэх аж. Мөн иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн баталгаа хангагдаж, улс төрийн намууд хандивлагчаас хараат бус болж, бодлогын намууд болсноор иргэд улс төрийн сонголтоо хийхдээ тэдний тодорхой үзэл санаа, мөрийн хөтөлбөрийг нь харгалзан үздэг болж, иргэдийн улс төрийн боловсрол, соёл, ухамсар дээшилнэ гэж хууль санаачлагч үзсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна