УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

2016 оны 1 сарын 4

“Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл нар өнөөдөр /2016.01.04/ “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурлын даргын 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 60 дугаар захирамжаар Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нараар ахлуулан, нийт 15 гишүүнтэйгээр буюу УИХ-ын гишүүн А.Бакей, Сү.Батболд, Ж.Батзандан, Г.Батхүү, С.Баярцогт, Д.Эрдэнэбат, Ц.Даваасүрэн, С.Дэмбэрэл, О.Содбилэг, Я.Содбаатар, Ц.Цолмон, Л.Энх-Амгалан нар ажлын хэсэгт ажилласан байна.

Монгол Улсын төрийн бодлого нь оновчтой, алсын хараатай, залгамж чанартай, уялдаа холбоо нь хангагдсан, хууль тогтоомжид нийцсэн, стратегийн ач холбогдолтой байх нь зүйтэй гэсэн үндэслэлээр “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан болохоо Улсын Их Хурлын гишүүн А.Бакей танилцуулав.

Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх Үндсэн хуулийн заалтыг иш үндэс болгон Монгол Улс 2030 онд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой өсч байгаа эдийн засгийн олон салбартай, нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан, унаган байгаль, экологийн тогтвортой байдлыг хадгалсан, тогтвортой ардчилсан засаглалтай улс болно хэмээн тус баримт бичгийн төсөлд тусгажээ.

Монгол Улс урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг 2016-2020, 2021-2025, 2026-2030 он гэсэн 3 үндсэн үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал нь НҮБ-аас батлан гаргасан Тогтвортой хөгжлийн үзэл санаанд суурилсан бөгөөд Монгол Улсын өөрийн онцлог, тулгамдаж байгаа асуудлуудтай нягт уялдаатай байхаар тооцож боловсруулжээ.

Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал нь 4 үндсэн бүлгийн хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд:

Нэг. Эдийн засгийн бодлогын хүрээнд хөдөө аж ахуйг эрчимжүүлэх, дэлхийн зах зээлд Монголын органик бүтээгдэхүүний брэндийг бий болгож, экспортлох; аж үйлдвэрийн салбарт түүхий эдийг боловсруулан нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх; уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих таатай орчин бүрдүүлэх; Монголын унаган байгалийн хосгүй газруудыг сурталчлах, аялал жуулчлалын төрөл, дэд бүтэц, зохион байгуулалт, үйлчилгээг сайжруулан ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх; эрчим хүч, түлш шатахууны хангамжийн дотоодын найдвартай эх үүсвэрийг бий болгох, эрчим хүчний экспортыг нэмэгдүүлэх;

Хоёр. Нийгмийн тогтвортой хөгжлийн хүрээнд эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх; иргэн бүрт хүртээмжтэй, чанартай боловсрол олгох, насан туршийн боловсролын үндэсний тогтолцоог бүрдүүлэх; ядуурлын бүх төрлийг эцэс болгох; хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажилгүйдлийн түвшинг бууруулах; нийгмийн дундаж давхаргын эзлэх хувийн жинг тууштай нэмэгдүүлэх;

Гурав. Байгаль, орчны тогтвортой хөгжлийн хүрээнд усны нөөцийг хамгаалж, хомсдолоос сэргийлэх; эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усан хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх; уур амьсгалын өөрчлөлтөд дасан 1зохицох үндэсний чадавхийг бэхжүүлж, сөрөг нөлөөллийг сааруулах; байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэл, хэрэглээнд нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах; цаг агаарын аюулт үзэгдэл, байгалийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх; хот суурины ногоон байгууламжийн төлөвлөлтийг боловсронгуй болгож, хог хаягдлын менежментийг сайжруулах;

Дөрөв. Тогтвортой хөгжлийн засаглалын хүрээнд тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх салбар, орон нутгийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжилтийг хангах, хяналт тавих хариуцлагатай, чадварлаг засаглалын бүтцийг бүрдүүлж, бэхжүүлэх; төр, засгийн бүх шатны байгууллагын удирдлагын манлайллыг дээшлүүлэх, бүх нийтийн оролцоо, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хангасан ил тод, хариуцлагатай засаглалыг үндэсний болон орон нутгийн түвшинд бүрдүүлэх; улс төрчид, төрийн албан хаагчдын ёс зүйн талаарх хууль тогтоомж, дүрмийг чанд мөрдүүлэн, бүх хэлбэрийн авилга, хээл хахуулийг устгах; тогтвортой хөгжлийн зорилтуудад чиглэсэн олон улсын хамтын ажиллагаанд идэвхитэй оролцох зэрэг зорилтыг тус тус хэрэгжүүлэхээр тодорхойлсон байна.

Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтэд хоёр жил тутамд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дөрвөн жил тутамд хөндлөнгийн үнэлгээ хийхээр тусгасан байна.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна