Орон сууцны хөнгөлөлтөд 44 тэрбум төгрөг олгожээ

2016 оны 1 сарын 4

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар иргэдэд хэд хэдэн төрлийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлдэг. Үүний нэг нь орон сууц худалдаж авсан, эсвэл барьсан тохиолдолд үнийн 30 хүртэлх сая төгрөгийн 10 хувьд хөнгөлөлт тооцох ёсоор 30 сая төгрөгийн 10 хувь болох гурван сая хүртэлх төгрөгийг буцаан авахаар заасан байдаг. Тэгвэл энэ хөнгөлөлтөд хамрагдах иргэдийн тайланг энэ сарын 1-нээс хүлээж авч эхэлжээ. Энэ талаар Татварын ерөнхий газрын Татварын улсын байцаагч Ш.Энхжаргалаас тодрууллаа.

-Орон сууцны хөнгөлөлтөд хамрагдах иргэд хаанаас мэдээлэл авч болох вэ?

-Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 15-ны хооронд тайлан хүлээн авдаг. Өөрөөр хэлбэл, орон сууцны хөнгөлөлт эдлэх иргэд тайлангаа хоёрдугаар сарын 15-нд багтаан татварын албанд өгөх юм. Хөнгөлөлт эдлэхэд бүрдүүлэх бичиг баримтыг Татварын ерөнхий газрын цахим сайт болох www.mta.mn сайтаас харах боломжтой.

-Эхний жилдээ орон сууцны хөнгөлөлтөд хамрагдах иргэд нэн тэргүүнд хаана хандах вэ?

-Энэ жилийн хувьд 7-8 төрлийн материал бүрдүүлж өгнө. 2016 оны хувьд тайлангаа цахим системээр өгч болохоороо өмнөх жилүүдээс давуу талтай. Иргэд нэгдүгээрт, харьяа дүүргийн татварын албандаа татвар төлөгчийн дэвтэр, хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, хоёр хувь цээж зурагтайгаар бүртгүүлнэ. Цэнхэр дэвтэртээ тэмдэглэл хийлгэж баталгаажуулна. Мөн цахим татварын системд тайлангаа шивэх нууц үгээ авна.

Ингээд хөнгөлөлтөд хамрагдах хүсэлт, цалингийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, орон сууцаа банкны зээлээр авсан бол зээлийн гэрээ, эсвэл орон сууц захиалгаар бариулах гэрээ зэргийг авч ирэх шаардлагатай. Эдгээр материал эх хувилбараараа байвал нотариатаар баталгаажуулах шаардлагагүй. Харин эх хувиараа байх боломжгүй материалыг нотариатаар баталгаажуулна.

-Өмнөх жилүүдэд энэ хөнгөлөлтөд хэчнээн иргэд хамрагдсан бэ?

-2014 онд улсын хэмжээнд 71 мянга гаруй иргэнд 44 тэрбум төгрөгийн татварын хөнөгөлөлт олгосон. Хөнгөлөлтөд хамрагдах иргэн жилд 10-11 мянгаар нэмэгддэг.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА

ЗУРАГЛААЧ: Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна