Иргэдэд эмийн үнийн хөнгөлт үзүүлж байна

Хуучирсан мэдээ: 2016.01.04-нд нийтлэгдсэн

Иргэдэд эмийн үнийн хөнгөлт үзүүлж байна

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг өнгөрсөн онд УИХ шинэчлэн баталсан. Уг хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн бөгөөд шинэ хуульд оюутнууд эрүүл мэндийн даатгалаа өөрсдөө төлөхөөр болсон. Мөн иргэд өөрсдөө эмнэлгээ сонгон үйлчлүүлэх боломжийг Эрүүл мэндийн даатгалын хуулиар  бий болгоод байгаа юм.

Монгол Улсын 1,3 сая иргэний Эрүүл мэндийн даатгалыг төр хариуцдаг. Энэ нь жилдээ 12,1 тэрбум төгрөг болдог бөгөөд нэг даатгуулагчийн сард төлөх шимтгэл 670 төгрөг, жилд 8040 төгрөг төлөгдөж байгаа юм. Хэдийгээр төр дааж байгаа нь тухайн зорилтот бүлгийн хувьд сайн  хэрэг  ч дээрх мөнгө нь эрүүл мэндийн даатгалаараа чанартай тусламж, үйлчилгээ авахад хэтэрхий бага хэмжээний мөнгө юм.

Тиймээс 18 нас хүртэлх хүүхдүүдийн болон оюутан сурагчдын төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувиас доошгүй байхаар, өөрөө хариуцан шимтгэлээ төлдөг бол   Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувиас доошгүй байхаар хуульчилж өглөө.

 Иргэн бүр жилд 1.800.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ЭМД-аараа хөнгөлөлттэй авах эрхтэй байдаг. Гэтэл гэр бүлийн гишүүдийн зарим нь ийм хэмжээний эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагагүй, харин нөгөө нь үүнээс ч их хэмжээний мөнгийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулах шаардлагатай байдаг. Тэгвэл хуулийн шинэчлэлийн хүрээнд гэр бүлийн гишүүд дээрх эрхээ шилжүүлэх боломж бүрдүүлснээрээ өрхийн даатгалын харилцааг бий болсон байна.

Иргэдийн хувьд эрүүл мэндийн даатгалаа өргөн хүрээнд ашиглаж байгаа нэг хэлбэр нь зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт юм. Даатгалын сангийн зардлын 7 орчим хувийг үүнд зарцуулдаг ба гэрээ бүхий 576 эмийн сантай хамтран иргэдэд эмийн үнийн хөнгөлт үзүүлж байна. Хуулийн шинэчлэлийн хүрээнд зөвхөн өрх, сум, багийн эмчийн жороор үйлчилдэг байсны дээр нэмээд аймаг дүүргийн эмнэлгийн амбулаторийн эмчийн жороор бичиж эмчид үнийн хөнгөлөлт үзүүлэхээр боллоо.

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар:

  • Хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж үйлчилгээ

  • Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээ, шаардлагатай эмнэлэгийн хэрэгсэл

  • Зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгсэл

  • Өрх сум тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх зарим сэргээн засах үйлчилгээ, гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ,

  • Хорт хавдрын хими болон туяаны өдрийн эмчилгээ

  • Жирэмсний 37 хоногоос өмнөх ба төрсний дараах үеийн хавсарсан эмгэгийн эмчилгээ зэрэг нь эрүүл мэндийн даатгалд хамрагдахаар болсон байна.

Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж