Гээгдэх вий

2016 оны 1 сарын 4

Шинэ оны босгон дээр хүүхдийн мөнгө асуудал хэвээр байна. Учир нь сар бүрийн 20-нд дансанд ордог мөнгөө хүлээсэн эхчүүд халамжийн газрын утсыг улайстал залгажээ. Халамжийн газрынхны хэлж буйгаар хүүхдийн мөнгийг шилжүүлэх бэлтгэл ажлыг гүйцэтгэн Сангийн яам руу шилжүүлсэн аж. Гэвч Сангийн яам ямар ч тайлбар, хариулт өгөхгүй гүрийсээр он гаргачихав.

Ийнхүү хүүхдийн мөнгөө авч чадаагүй хүмүүст шинэ онд ялгавартай өгөхөөр болсон нь эргэлзээ, болгоомжлол дагуулсаар байгаа. Уг нь дээрх мөнгийн өрхийн амьжиргааны төвшин тодорхойлох судалгааны 1-17-р бүлэгт багтсан өрхийн хүүхдэд тэтгэмжийн мөнгийг үргэлжлүүлэн олгохоор шийдвэрлэсэн байна. Харин энэ бүлэгт багтсан эсэхээ харъяа хорооноосоо асуух учиртай. Магадгүй дахин тодорхойлуулах шаардлага гэвэл өргөдлийн маягт бөглөх учиртай хэмээн албаныхан хэлсэн. Зарим нь 2016 оноос өмнө энэ бүх мэдээллээ өөрчлүүлэх, шинэчлүүлэх ёстой хэмээн ташаа ойлгож байсныг залруулах нь зүйтэй хэмээн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Ц.Туваан хэлсэн юм.

 

ЭНЭ САРЫН 20-НООС ӨМНӨ АМЖИХ ХЭРЭГТЭЙ

Айл өрхийн амьжиргааг тодорхойлох нь тун чиг учир жанцантай гэлцэнэ. Хэрэв LED телевиз, автомат угаалгын машин, богино долгионы зуухтай, өөрийн гэсэн байртай айлуудыг амьжиргаа сайтайд тооцох нь хэмээн хүмүүс бухимдаж байв. Харин бодит байдалд энэ нь мөн л ташаа, хэтрүүлэгтэй ойлголт хэмээн албаныхан няцаалаа. Тэдний хэлж буйгаар одоо мөнгө авч байгаа, өрхийн мэдээллийн нэгдсэн санд 660 мянган өрхийн 781 орчим мянган хүүхэд бүртгэлтэй байгаа аж. Үүнээс 601 мянга нь 1-17 дугаар бүлэгт байгаа учраас ямар нэг асуудал үүсэхгүй хэмээв. Мөн 2013 оноос хойш төрсөн хүүхдүүдийн мэдээллийг эцэг эхчүүд өрхийн мэдээллийн сандаа албан ёсоор оруулах учиртай. Үүний тулд батлагдсан өргөдлийн маягтыг бөглөн өрхийн мэдээллийн сангаа шинэчлэх нь. Гэхдээ хүмүүст чирэгдэл учруулахгүйн тулд тухайн өрхийн мэдээллийн санд шинээр төрсөн хүүхдийн мэдээллийг автоматаар оруулахаар ажиллаж байгаагаа Халамжийн газрынхан дуулгав. Улсын хэмжээнд нэг сая 30 мянган хүүхэд сар бүр 20 мянган төгрөг авдаг байна. Үүнээс 601 мянга нь тасралтгүй, үргэлжлүүлэн аваад явах боломжтой. Харин үлдсэн 429 мянган хүүхэд өрхийн мэдээллийн сангийн бүлгээ 1-17-д багтаж байгаа эсэхийг тодорхойлуулснаар мөнгө авах эсэх нь тодорхой болох нь. Гэхдээ энэ сарын 20-ноос өмнө үүнийг баталгаажуулах учиртай.

 

ТҮР ОРШИН СУУГЧИД ОРХИГДОХ УУ?

Хүүхдийн мөнгөө авахын тулд хороондоо хандан батлагдсан өргөдлийн маягт бөглөн амьжиргааны төвшингөө тодорхойлуулах юм байна. Өөрөөр хэлбэл, тус санд байгаа мэдээллээ шинээр тодорхойлуулж, үнэлүүлэхийг хүсч байгаа бол харъяа хороондоо хандах хэрэгтэй ажээ. Гэвч алагчлахгүй, шоовдорхлохгүй гэсний цаана хоосон хоцрогсод үлдэх нь гарцаагүй хэмээн халаглах нэгэн таарах юм. Сүхбаатар дүүргийн 14 дугаар хорооны иргэн П.Одонтуяа “Хүүхдийн мөнгөө авч чадахгүй болчихвол байдал хүнд болно. Тэр мөнгөөр тогныхоо мөнгийг төлдөг юм. Сар бүр өсч гардаг тогны мөнгөө төлдөг юм. Гэтэл амьжиргааны төвшингөөр нь хүүхдийн мөнгө олгоно гэнэ. Ядаж цахилгаан бараагүй байх ёстой болж байх шиг. Хэцүү л байна” гэв. Энэ мэтчилэн мэдээллийг бүрэн дүүрэн өгч чадахгүй байгаагаас ташаа ойлголт залруулахын аргагүй газар авах нь уу гэх болгоомжлол төрөв. Магадгүй гээгдэгсэд нь 1-17 дугаар бүлэгт багтах хүмүүс болчих вий дээ.  Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны иргэн Д.Оюунгэрэл “Хороондоо очиж өргөдөл бөглөн амьжиргааны төвшингөө тодорхойлуулах ёстой гэх шиг болсон юм. Гэтэл хорооныхон энэ талаар ямар ч мэдээлэл алга байна лээ. Тэгэхээр яах учиртайг мэдэхгүй л байна” гэсэн юм. Энэ мэтчилэн төөрч будилсаар энэ сарын 20 өнгөрчихвөл нэгдүгээр сард хүүхдийн мөнгө олгогдохгүй болно. Мөн өрхийн мэдээллийн сангийн мэдээллийг авахдаа түр оршин суугчдыг “Алагчилсан” юм биш биз гэсэн бодол төрөв. Учир нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд түр оршин суугч иргэн /өөрийн нэрийг хэлэхийг хүсээгүй/ албан ёсны бүртгэлтэй хороондоо хандан өөрийн мэдээллийг харах гэсэн боловч “Хаягтаа оршин суудаггүй учраас амьжиргааны төвшин тодорхойлох судалгааг аваагүй” гэжээ. Тэгээд тухайн хорооны ажилтан “Түр оршин суугаа газраасаа асуу, тэнд судалгаанд хамруулсан байх учиртай” гэжээ. Ингээд амьдарч байгаа хороондоо хандтал “Огт судалгаа аваагүй, түр оршин суугчдаас авахгүй” гэж хэлсэн байгаа юм. Магадгүй хүүхдийн мөнгөө зайлшгүй авах учиртай ч энэ мэт шалтгааны улмаас хасагдах хүмүүс ч бас байна. Тиймээс төрийн албыг төрлийнх болголгүй, ард түмнээ алагчлалгүй бүртгэлжлүүлэн байгаа онож буудаасай хэмээн олон эхчүүдийн өмнөөс үг дайлаа.


Д.ОЮУНЧИМЭГ

ЭХ СУРВАЛЖ: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна