Р.Бурмаа: Эзэнгүй материалыг хэвлэл хариуцна

2016 оны 1 сарын 5

УИХ-аас баталсан Сонгуулийн нэгдсэн хуулиар 2016 оны УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор буюу 48 гишүүн тойргоос, 28 гишүүн пропорциональ буюу хувь тэнцүүлсэн хэлбэрээр сонгогдох болж буй. Улсын Дээд шүүхэд өнөөдрийн байдлаар 24 нам бүртгэлтэй байгаа. Дээрх хуулиар эдгээр нам УИХ-ын сонгуульд бүртгүүлж, өрсөлдөх боломжтой бол шинээр нам, эвсэл байгуулан УИХ-ын сонгуульд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэн оролцох боломжгүй болж, 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон юм.

Үүнээс гадна сонгуулийн сурталчилгаа хийх өдрийг 18 хоногоор хязгаарласны зэрэгцээ хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдах мэдээллийг заавал хариуцах эзэнтэй байхаар хуульчилж өгсөн юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Р.Бурмаагаас тодрууллаа.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй мэдээлэл заавал “эзэн”-тэй байхаар хуульчилж өглөө. Гэхдээ гүтгэсэн бол хэвлэл, мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Харилцаа холбооны зохицуулах хороо шийдвэрээ гарган зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэхээр зааж өгсөн нь хэр оновчтой юм бэ. Гүтгэснийг тогтоодог байгууллага нь шүүх биш үү?

-Улс төрийн намууд, нэр дэвшигчид өөрсдийн сурталчилгааны материал дээр заавал нэрээ тавь гэж байгаа нь сонгогчид үнэн бодитой мэдээлэл хүрч, сонголтоо зөв хийх боломжоор хангахыг зорьж байгаа хэрэг. Ийм учраас мэдээллээ телевизээр цацах бол тэр намын, тэр нэр дэвшигчийн сурталчилгаа гэдэг бичиг нь заавал урсах ёстой. Радиогоор бол тэр нам, тэр нэр дэвшигчийн сурталчилгаа гэдгийг нэвтрүүлгийн эхэнд, дунд, төгсгөлд хэлэх ёстой. Сонин хэвлэлд хаяг нь заавал тавигдсан байх ёстой.

Энэ мэдээллийг улс төрийн нам, нэр дэвшигч Сонгуулийн ерөнхий хороонд гаргаж өгөхдөө “Өдөр тутмын сонинд хэвлүүлсэн нь энэ, өөрөө сонин болгож тараасан нь энэ” гэдгээ давхар баталгаажуулах юм. Хэрвээ өөрсдийн гаргаж тавьсан сурталчилгааны материал дээр хэн нэгнийг гүтгэсэн байх юм бол шүүх тогтоолоо гэхэд хариуцлагыг нь нэр дэвшигч болоод нам хүлээнэ. Ингэж нэртэй, хаягтай, буух эзэнтэй болгохгүй болохоор өмнө нь хэн нэгэн нэр дэвшигч өрсөлдөгч нэр дэвшигчээ буулгаж авахын тулд гүтгэсэн мэдээлэл цацдаг, богино хугацааны дотор няцаалт хийх боломж нь тухайн өрсөлдөгчид байдаггүй байсан. Тэгэхээр эзэн хаяггүй материалын хариуцлагыг тухайн мэдээллийг цацсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрөө хариуцахаар зохицуулж өгсөн. Ингэхдээ өргөдлийг хаашаа харьяалуулах вэ, хаана зөрчлийг хянах вэ гэдгийг маш тодорхой зааж өгсөн. Тэгэхээр гүтгэсэн гэдгийг тогтоодог байгууллага нь тогтооно. Тэрний дагуу шийдвэр гаргаад зохицуулах нь Шударга өрсөлдөөн болон Харилцаа холбооны зохицуулах хороо юм.

Өмнө нь хүн гүтгэсний дараа хэвлэл мэдээллийн байгууллагыг 250 мянган төгрөгөөр торгодог байсан. Гэтэл үр дүнд нь сонгогчид худал мэдээлэл очдог. Сонгогдох ёстой хүн нь гүтгэгдээд ялагдчихсан байдаг гээд үр дагаврууд нь маш хортойгоор гардаг. Сонгуулийн нэгдсэн хуулиар энэ асуудлыг илүү нарийвчилсан учраас буруутай этгээд нь хариуцлагаа хүлээнэ. Жишээ нь, тухайн нам, нэр дэвшигч нь бусдыг гүтгэсэн байвал сонгуульд өрсөлдөх нэрсийн жагсаалтаас хасах хүртэл арга хэмжээ авах бол ташаа мэдээлэл цацсан хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэхээр зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн байгууллага эзэн биегүй, нэр усгүй тийм мэдээллийг тавих ёсгүй. Хэн нэгний далд сурталчилгааг хийж, хэн нэгнийг гүтгэж болохгүй л гэсэн үг.

-Нам болон нэр дэвшигчид өөр ямар зохицуулалтаар хариуцлага тооцохоор заасан бэ?

-Хориглосон 30 гаруй заалт үүнд хамаарна. Жишээ нь, сонгогчид мөнгө тараах юм бол, мөнгө амлах юм бол, төсвийн хөрөнгөөр ажил үйл бүтээнэ гэж амлах. Ажилд оруулна гэх юм уу, зээл амлах юм бол нэр дэвшигчийн жагсаалтаас хасна.

-Фейсбүүк, твиттер ашиглан бодитой бус мэдээллүүд цацагдах болсон. Үүнийг яаж хянах вэ. Хоёрдугаарт, өнгөрсөн жил гишүүдийн гар утасны дугаараар сонгогчид руу нь мессеж илгээж байсан. Үүн шиг бусдын нэр ашиглан сонгуулийн үр дүнд нь нөлөөлөхүйц мэдээллийг гар утсаар дамжуулан олон нийтэд цацах юм бол хариу авах арга хэмжээ нь юу байх вэ?

-Твиттер, фейсбүүк ашиглан хуурамч мэдээлэл цацвал хандалтыг нь хаах хүртэл арга хэмжээг Харилцаа холбооны зохицуулах хороо авахаар хуульд туссан. Өмнө нь сонгуулийн сурталчилгаа дуусахаас өмнө твиттер, фейсбүүкийн бүх сурталчилгааг хаадаг байсан бол одоо нээлттэй үлдээнэ. Яагаад гэвэл хаангуут нэг хэсэг нь гүтгээд байдаг, нөгөө тал хариу няцаалт хийх боломж байдаггүй. Тэгвэл энэ боломжийг нь олгоод санал авах өдөр хүртэл сошиал медаг ашиглах боломжтой байхаар зохицуулсан.

-Намууд нэр дэвшигчээсээ мөнгө авч тойрог өгдөг, эсвэл намын нэрсийн жагсаалтад багтаадаг. Ингэсэн нөхцөлд яах вэ?

-Хуульд тийм заалт байхгүй. Нэр дэвших үйл ажиллагаа хуулийн дагуу явж байж, нэрсийн жагсаалтад бүртгэгдэнэ. Сонгуулийн нэгдсэн хуулиар мөнгөний зохицуулалтыг аль болох багасгах, улсын төсвөөс хөрөнгө гаргахгүйн тулд нэр дэвшигчдийн сурталчилгааны плакат, зурагт хуудсыг гудамж талбай дахь сурталчилгааны самбарт үнэ төлбөргүй тавих зохицуулалт хийж өгсөн. Мөн нэр дэвшигчид өгөх хандивын хэмжээ өмнө нь иргэн нэг сая, хуулийн этгээд гурван сая байсан бол одоогийн мөрдөж байгаа хуулиар иргэн таван сая, хуулийн этгээд 15 сая хүртэл төгрөгийн хандив өгч болохоор зохицуулсан. Түүнчлэн нэр дэвшигч хувь хүн өөрөө хууль ёсоор олсон орлогоосоо сонгуульд зарцуулж, түүнийгээ тайлагнахаар болж байгаа.

-Сонгуулийн зардлыг яаж хянах вэ?

-Аудитын байгууллагаар хянуулж байж, мэдээллээ өгнө. Хэрвээ буруу мэдээлэл гаргасан бол зохих хариуцлагаа хүлээнэ.

Сонгуулийн нэгдсэн хуулийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНЭ ЛИНКЭЭС үзэх боломжтой.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна