Эхнээс нь эрсдэлгүй хэрэгжүүлэхийг эцэг эхчүүд хүсч байна

2016 оны 1 сарын 5

-Бусад улс оронд энэ төрлийн үйлчилгээ эрхлэхдээ хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж, хүчирхийлэл үйлдсэн тохиолдол ч гарч байжээ. Тиймээс хүүхэд харах үйлчилгээ эрхэлж буй байранд хяналтын камертай байхыг шаардахад илүүдэхгүй билээ-

Идэр есийн хүйтэн тачигнаж, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч байна. Гадаа хүйтрэх тусам гал түймрийн аюул нэмэгддэг. Хүйтэн сэрүүний улирал хүүхдүүдэд хамгийн халтай. Тэр дундаа харж хандах хүнгүй, гэрээ сахиж үлдсэн бага насны хүүхдүүд галд түлэгдэж, бэртэж гэмтэхийн сацуу амь насаа алдах тохиолдол ч гарсаар байна. 2015 онд л гэхэд улсын хэмжээнд нийт 4377 удаагийн объектын гал түймэр бүртгэгдэж, гал түймрийн аюулд 34 хүн түлэгдэж гэмтсэнээс 10 нь хүүхэд байна. Гал түймрийн улмаас 50 хүн нас барсны 15 нь бага насны хүүхэд байгаа юм. Хүүхдүүд гал түймрээс гадна халуун цай хоол, буцалсан ус зэрэгт голчлон түлэгддэг бөгөөд түлэгдсэн хүүхдүүдийн 84.2 хувь гэртээ байхдаа түлэгдсэн байдаг. Галын аюулаас гадна хүүхдүүд ахуйн осол гэмтэлд өртөх нь түгээмэл. Осол гэмтэлд өртсөн 2-4 насны хүүхдүүдийн 60,9 хувь нь гэртээ унаж, гэмтэх, түлэгдсэн байдаг ажээ. Ийн балчир хүүхдүүд асран харах хүнгүй, том хүний хараа хяналтын гадуур байгаагаас сар бүр 15 хүүхэд зүй бусаар хорвоог орхиж байгаа гэсэн харамсалтай тоог НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргажээ. 2015 оны байдлаар 2-5 насны нийт 266 мянган хүүхэд байгаагаас гурван хүүхэд тутмын нэг нь цэцэрлэгт хамрагдахгүй байна.

Балчир хүүхдүүд асран харах хүнгүй, том хүний хараа хяналтын гадуур байгаагаас сар бүр 15 хүүхэд зүй бусаар хорвоог орхиж байгаа гэсэн харамсалтай тоог НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргажээ. 2015 оны байдлаар 2-5 насны нийт 266 мянган хүүхэд байгаагаас гурван хүүхэд тутмын нэг нь цэцэрлэгт хамрагдахгүй байна.

Энэ мэт харамсалтай хэргийг таслан зогсоох, хүүхдүүдийг болзошгүй аюулаас сэргийлэх үүднээс УИХ-аас Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг өнгөрсөн оны долдугаар сарын 2-ны өдөр батлан гаргасан. Хууль шинэ оны эхний өдрөөс /2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс/ хэрэгжиж эхэлж байна. Эгзэгтэй үед хэрэгжиж эхэлж буй эл хуулийг УИХ-ын эмэгтэй гишүүд санаачлан боловсруулж, хэлэлцүүлсээр багагүй хугацааг туулсан юм. Хууль гаргах зайлшгүй шаардлагатайг олон нийт хүлээн зөвшөөрсний дээр Ерөнхийлөгч хуулийн төслийг дэмжсэн нь хууль батлагдах ташуур болсон нь мэдээж. Ямартай ч хууль хэрэгжээд эхэллээ. Харин хэрхэн зөв зүйтэй хэрэгжүүлэх вэ гэдэгт бултаараа санаа сэдэл, сэтгэл зүтгэл гаргах хэрэгтэй байна. Товчхондоо бол гараа сайн бол бариа сайн гэх гээд байна л даа. Амьдралд баян болохоор хичнээн сайн хууль батлаад ч хийдэл гараад байдаг болохоор энэ удаагийн “Хууль төрсний дараа” буландаа Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн сайн саарыг уншигч тантай хуваалцахыг хүслээ.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль нь хоёр наснаас ерөнхий боловсролын сургуульд элсэх хүртэлх насны хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд 8 бүлэг, 17 зүйл, 37 хэсэг, 43 заалттай ажээ. Энэхүү хуулийн дагуу хүүхэд харах үйлчилгээг эрхлэх хүсэлтээ 3000 гаруй иргэд илэрхийлээд байгаа тухай мэдээлэл шинэ оны өмнөхөн цацагдаж байсан. Энэ нь 5000 иргэн ажлын байртай болно гэсэн урьдчилсан тооцоо биелэх магадлалтайг баталж байгаа юм. Уг үйлчилгээг эрхлэхийн тулд зүгээр л нэг өргөдөл өгөөд хүлээх бус үйлчилгээ үзүүлэх тухайн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчаас өөрийн хүүхдээ харуулах саналаа илэрхийлсэн хүсэлтийг нэгтгэсэн байхыг хуулчлан заасан юм. Тэгэхээр 3000 иргэний хүсэлтийн цаана 15 мянган хүүхдийн хувь заяа байгаа гэсэн үг юм. Мөн 30 орчим мянган аав ээж айх аюулгүйгээр амар тайван ажлаа хийх, ажилгүй хэсэг нь ажилд орох боломжтой болох нь гэсэн зураглал тодорч байна.

Мэдээж хууль хэрэгжихээс өмнө 3000 хүн хүсэлт гаргаж байгаа юм чинь бүх юм жигдрээд ирмэгц энэхүү үйлчилгээ улам л хүрээгээ тэлнэ гэсэн үг. Харин тэр олон хүний хүсэлтийг биелүүлэхэд төсөв мөнгө хүрэлцэх үү гэдэг асуулт хамгийн түрүүн гарна. 2016 оны улсын төсөвт хүүхэд харах үйлчилгээнд зориулан 10 тэрбум төгрөг төсөвлөсөн. Хууль хэрэгжиж буй эхний жил учир энэ мөнгө хангалттай байж болох ч хойш хойшдоо улам өсөн нэмэгдэх нь гарцаагүй.

Нөгөөтэйгүүр хүүхэд харах үйлчилгээ эрхлэх насыг 18-65 хэмээн тодотгон оруулсан. “Хүүхэд харагч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, бага насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн, халдварт болон сэтгэцийн өвчингүй, эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 18-аас 65 насны Монгол Улсын иргэн байна” хэмээн хуульчилсан. 18 нас гэдэг дэндүү балчирдана, өөрөө хүүхэд насаа үдэж ч амжаагүй залуу хүнээр хүүхдээ харуулах зүрх зориг аав ээжүүдээс гарах нь юү л бол гэсэн эргэлзээ олны дунд байна. Олон дүү өсгөсөн туршлагатай байлаа ч 18-20 нас бусдын хүүхдийг харж хамгаалах, хайрлан өсгөхөд ахадсан хэрэг гэсэн болгоомжлол бий. Мөн хэт өндөр настай хүнээр хүүхдийг асруулах нь зөв үү гэдгийг ч эцэг эхчүүд асуусаар байна. Хүүхэд харах үйлчилгээг эрхлэх иргэн, хуулийн этгээдэд зориулсан сургалтын хөтөлбөрийг Боловсрол, шинжлэх ухааны сайд батлах уг үйлчилгээг эрхлэх иргэн тав хоногийн сургалтад хамрагдахаар төсөлд тусгасан нь дэндүү чамлалттай. Тавхан хоногийн сургалтаар хүүхэд харах бүрэн дүүрэн мэдлэг олгоно гэдэг хэнд ч итгэлтэй сонсдохгүй. Таван хоног сургачихаад таван хүүхдийн амь нас, эрүүл мэндийг даатгаж байгаа нь буруу гэх тэрслүүд үзэлтэн байгааг ч дуулгахад илүүдэх юун.

Хуульд ...“хүүхэд харах үйлчилгээ” гэж хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд асран халамжлах, хамгаалах, хооллох, тоглуулах, амраах үйл ажиллагааг хэлнэ... хэмээн тодотгосноос харахад энэ үйлчилгээнд хүүхдийн хүмүүжил, боловсролын асуудал орхигдсон. Гагцхүү аюул осолгүй асран хамгаалж байх нь л чухал гэдгийг хуульчилсан. Сургуулийн өмнөх боловсролын туршлагатай багш, хүмүүжүүлэгчид үүнийг эрс эсэргүүцэж байгаа. Учир нь хүүхдийн бие хүн болж төлөвших эхлэл 1,5-5 насанд тавигддаг ажээ. Наад зах нь хувцсаа эвхэж, сандлаа хурааж сурахаас эхлээд өнгө будаг, дүрс ялгаж сургах наад захын сургалтыг хуульчлах учиртай байсан хэмээн үзэх хүн олон байна. Харин хууль санаачлан боловсруулсан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг дээрх асуултын хариуг “Улсын зүгээс телевизүүдэд шаардлага тавина. Телевизүүдтэй эфирийнхээ тодорхой цагийг сургуулийн өмнөх боловсролд зориулах гэрээ хийх юм. 10-11 цаг ч байдаг юм уу 12-13 цагийн хооронд сургуулийн өмнөх боловсролын программыг явуулах ёстой гэж. Хоёр багш нийлээд 10 хүүхэд аваад гэртээ юм уу, байр түрээслээд энэ үйлчилгээг явуулж байгаа нөхцөлд тодорхой цагуудад телевизээ асаагаад хүүхдүүдээ боловсролынх нь хичээлд хамруулчихна. Өөрсдөө үзсээр байгаад тэр бүх хичээлүүдийг өөрсдийн болгоод авчихна” хэмээн хариулсан байна.

Хүүхэд харах үйлчилгээг зөвшөөрөл бүхий иргэн өөрийн гэртээ явуулж болох ч тусдаа өрөө, илүү гэр заавал байхаар хуульчилжээ. Үйлчилгээг гэрт зохион байгуулахаар бол гал тогооны тусгай гэртэй байхаар заасан нь хэрэгжих магадлал багатай. Мөн гурван иргэн хамт ажиллаж 15 хүүхэд нэг дор харж болохын дээр хүүхэд харах явуулын үйлчилгээг хуульчилжээ. Хот, суурин газраас бусад газар хүүхэд харагч гэрээт үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрсөн байна. Гэвч явуулын үйлчилгээ эрхлэгчид хүний нялх үрд явуулын сэтгэлгээгээр хандах вий гэсэн болгоомжлол ч ыбайна. Ер нь бол таньж мэддэг, туршлагатай, олон хүүхэд төрүүлж өсгөсөн, зан харьцааны хувьд төлөв төвшин хүнд хүүхдээ харуулах хүсэл хүн бүрт төрөх биз. Гэхдээ олуулаа байхын хэрээр ар гэрийнхэн нь өдрийн найман цагт хаана байх вэ, хэдий тусгай өрөөтэй ч тэр айлд хүүхдийн хүмүүжилд нөлөөлөхүйц гаж буруу зан үйл гарахгүй гэдгийг хэн батлах билээ.

Энэ хуулийн хэрэгжилтэд хамгийн түрүүн хянах хүмүүс бол эцэг эхчүүд. Гэвч аав ээж нар багахан зөрчлийг мэдсэн ч үл мэдэгч болоод өнгөрдөг нь нууц биш. Бусад улс оронд энэ төрлийн үйлчилгээ эрхлэхдээ хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж, хүчирхийлэл үйлдсэн тохиолдол ч гарч байжээ. Энэ мэт ноцтой но-той зөрчил дутагдлыг илрүүлэх хамгийн найдвартай хэрэгсэл бол хяналтын камер. Хууль хэрэгжүүлэхдээ хүүхэд харах үйлчилгээ эрхэлж буй байранд хяналтын камертай байхыг шаардахад илүүдэхгүй билээ. Нөгөөтэйгүүр хуулийн хяналтад мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагч, хүүхэд гэр бүлийн хөгжлийн ажилтан хяналт тавихаар тусгасан байна. Хууль зөрчсөн бол эхний удаад сануулах, дараа нь торгох, зөрчлийг давтан, удаа дараа гаргасан бол зөвшөөрлийг хүчингүй болгохоор заасан байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нас харгалзахгүй эл үйлчилгээнд хамруулахаар заасан нь бий. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд харж асрах нь эрүүл хүүхдийн асаргаанаас тэс өөр. Тэдний зовлонг адилхан зовлон туулж буй хүн л ойлгоно. Үүнийг ч онцлон тодотгож өгөх нь шударга хэрэг болох биз ээ. Энэмэтчилэн хүүхэд харах үйлчилгээний эрсдлийг эхнээс нь нарийн тооцож, хүүхдийн эрүүл мэнд амь насаар дэнчин тавилгүй хэрэгжүүлэхэд анхаарах биз ээ.

Хүүхэд харах үйлчилгээний санхүүжилтийн төрөөс үзүүлэх дэмжлэг нь цэцэрлэгийн хүүхдэд олгодог хувьсах болон хоолны зардал байна. Халаалт, цахилгааны зардлын тухайн хүүхдэд ногдох хэсгийг эцэг эх хариуцах бөгөөд сард 12100 төгрөг байхаар тооцоотой байгааг хууль боловсруулагчид тодотгож байсан. Түүнчлэн эцэг эх, асран хамгаалагчийн сайн дурын үндсэн дээр үзүүлэх нэмэлт төлбөр байж болно гэж үзсэн юм.

Д.ЦЭЭНЭ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна