Жолооч нарын оноог тооцож эхлээгүй байна

2016 оны 1 сарын 5

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хууль өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ч зарим заалтыг энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлэхээр заасан юм. Тухайлбал, жолооч нарт зөрчлийн оноо тооцох заалт. Одоогоор жолооч нарын зөрчлийг хэрхэн тооцох, яаж зөрчлийн оноог нэмж, хасах вэ гэдгийг тодорхойлох тусгай программ боловсруулалтын ажил дуусаагүй байна. Иймээс ирэх хоёрдугаар сард багтааж жолоочийн зөрчлийн оноог хянаж, тооцох тусгай цахим программыг бэлэн болгоно гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ. Үүний дараа жолооч нар зөрчлийн оноо, торгуулийн хэмжээ, жагсаалтаа утсандаа тусгай апплэйкшн татаж харах уу эсвэл зөвхөн www.torguuli.mn сайтад хандаж авах уу зэргийг шийдэх юм. Мөн жолооч нарын зөрчлийн жагсаалт, торгуулийн системийг Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн газрын аль нь хариуцан хянах вэ гэдэг ч тодорхой болно.

Өөрөөр хэлбэл, жолооч нарын зөрчлийн оноог яг хэзээнээс тооцох вэ, яаж бодох вэ гэсэн нэгдсэн шийдэл одоогоор гараагүй байна. Энэ нь жолооч нарт оноо тооцож эхлээгүй гэсэн үг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар жолооч нарын зөрчлийн ерөнхий 10 оноотой байх юм. Оноог нэмж, хасаж тооцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн нэгээс таван оноог хасах зарчмаар явна. Хэрвээ зөрчлийн оноо нь дуусвал тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасна. Гэхдээ зөрчлийн оноогоо хасуулаагүй ч хуульд заасан үндэслэлээр эрхээ хасуулбал зөрчлийн оноо автоматаар хүчингүй болох юм. Тухайлбал, зам тээврийн осол гаргасан жолооч тав, жолооны үнэмлэхгүй машин баривал хоёр, жолооны үнэмлэхгүй этгээдэд автомашинаа шилжүүлбэл машины эзний нэг оноог хасах гэх мэтчилэн тооцно. Хэрвээ зөрчлийн оноо хасагдсанаас хойш нэг жилийн хугацаанд дахин зөрчил гаргаагүй бол хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээж урамшуулах эсвэл хоёр жил өнгөрвөл 10 оноог бүтнээр нь өгөхөөр хуульд заажээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна