“Олимпийн эрхийн нормативыг эрт баталгаажуулах нь чухал байсан”

2016 оны 1 сарын 5

Энэ сарын 2-ны  өдөр БНХАУ-ын Сямын  хотноо болсон Олон улсын марафоны тэмцээнд оролцсон манай баг тамирчдаас ОУХМ Б.Гантулга, Л.Отгонбаяр, Б.Мөнхзаяа нар олимпийн эрхийн нормативыг дахин биелүүллээ.Тус тэмцээнд дасгалжуулагч Б.Төрбатын удирдлага дор долоон тамирчин амжилттай оролцож, өчигдөр эх орондоо ирсэн юм.

Ингээд хөнгөн атлетикийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Төрбаттай ярилцлаа.

-Марафоны тамирчдын хувьд шинэ оны эхэнд өндөр амжилтыг үзүүллээ. Юуны өмнө урд хөршид болсон тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй юу?

-Монголын марафон гүйлтийн шигшээ багийн долоон тамирчин БНХАУ-ын Сямын хотноо болсон Олон улсын марафоны тэмцээнд амжилттай оролцоод ирлээ. Олимпийн эрх олгох “Алтан шошигтой” буюу батлагдсан зам дээр болсон "Xiamen International marathon" тэмцээнд дэлхийн олон орноос шилдэг тамирчид оролцсон. Эмэгтэй ангилалд ОУХМ Л.Отгонбаяр, Б.Мөнхзаяа нар 9, 10-р байрт орж, өнгөрсөн жил биелүүлж байсан олимпийн эрхийн нормативыг дахин хангасан. Мөн эрэгтэй ангилалд ОУХМ Б.Гантулга 11-р байрт орсон ч цагийн хувьд мөн хангалттай гүйж чадлаа. Олон улсын хөнгөн атлетикийн холбооны баталгаатай  Алтан зэрэглэлийн зам дээр топ 10-т орсон тамирчидад олимпийн эрхийг олгодог байгаа. Энэхүү тэмцээн манай тамирчдад үнэхээр ээлтэй байлаа. Бид үүнд сэтгэл өндөр байна. Учир нь өнгөрсөн жил биелүүлсэн олимпийн эрхийн нормативыг оны эхэнд дахин баталгаажуулна гэдэг бол бидэнд илүү ашигтай. Тэгэхээр тамирчдын амжилтаа Олон улсын хөнгөн атлетикийн холбоонд эрт бүртгүүлж чадаж байна гэсэн үг. Одоо гавьяат тамирчин Б.Сэр-Одоос гадна ОУХМ Б.Гантулга, Л.Отгонбаяр, Б.Мөнхзаяа нар “Рио”-г зорих боломжтой болж байна. Монголын дөрвөн марафонч “РИО-2016” олимпийн наадамд оролцох эрхийн нормативыг биелүүлж, дахин баталгаажуулчихлаа. Бид энэ оны эхэнд том зорилтоо биелүүлж чадлаа.

-Марафоны төрөлд Олимпийн эрхийн цагийн норматив ямар байдаг вэ?

-Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос гарсан дүрэм байдаг. Олимпийн наадмын эрэгтэй ангилалд 2 цаг 19 минут(2.19.00), эмэгтэйчүүд 2 цаг 45 минутаас(2.45.00)дотогш гүйсэн байх ёстой. Мөн ДАШТ-д эхний 20-р байрт орохдоо цагийн нормативыг биелүүлэх, батлагдсан “Алтан” зам дээр эхний 10-т орсон тамирчид мөн цагийн нормативыг биелүүлсэн бол олимпийн наадамд оролцоно гэж дүрмэнд бий. Гавьяат тамирчин Б.Сэр-Одын хувьд өнгөрсөн онд олимпийн эрхийн цагийн нормативыг батлагдсан зам дээр хийж, үүнийгээ оны сүүлээр баталгаажуулсан.

Гавьяат тамирчин Б.Сэр-Одоос гадна ОУХМ Б.Гантулга, Л.Отгонбаяр, Б.Мөнхзаяа нар “Рио”-г зорих боломжтой болж байна. Монголын дөрвөн марафонч “РИО-2016” олимпийн наадамд оролцох эрхийн нормативыг биелүүлж, дахин баталгаажуулчихлаа. Бид энэ оны эхэнд том зорилтоо биелүүлж чадлаа. Энэ удаагийн тэмцээн бол Монголын хөнгөн атлетикийн тамирчдын түүхэнд үзүүлсэн чухал түүхэн амжилтын нэг байлаа.

Тэгвэл 2016 оны эхэнд дээрх гурван тамирчин “Алтан” зэрэглэлийн зам дээр цагийн амжилтаа баталгаажууллаа. Тэгэхээр бидний хувьд Бразил улсад болох олимпийн наадамд дөрвөн тамирчин оролцох боломжтой болж байна. Бидэнд дахин найдвар байгаа. Учир нь энэхүү тэмцээнд залуу тамирчин Г.Хишигсайхан 11-р байрт орохдоо 2 цаг 47 минут 33 секундын амжилтыг үзүүллээ. Түүнд үндсэн зайгаа 2 цаг 45 минутад туулах боломж байгаа нь харагдлаа. 7 дугаар сарын 11 хүртэл бидэнд хугацаа байна. Тэгэхээр бид дахин олимпийн эрхийн төлөө бэлтгэлээ сургуулилтаа хийх болно. Энэ удаагийн тэмцээн бол Монголын хөнгөн атлетикийн тамирчдын түүхэнд үзүүлсэн чухал түүхэн амжилтын нэг байлаа. Ирэх 6 дугаар сард Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос "Рио-2016"-д оролцох эрхийг авсан тамирчдын нэрсийг гаргах юм.

-Энэ удаагийн "Xiamen International marathon"-д Кени, Этиопын тамирчид медалийн тавцанд зогсжээ. Гэтэл БНАСАУ, Узбекстан, Монголын тамирчид л топ 10-т багтсан байна.?

-Тийм ээ. Сяминын тэмцээн бол үнэхээр өрсөлдөөн их байсныг харууллаа. Дэлхийд марафоны төрлөөр ноёрхож байгаа Этиоп, Кенийн тамирчид мөн л хурдан байлаа. Тэдний урд хэн ч гарч чадсангүй. Эрэгтэйчүүдийн ангилалд Кенийн тамирчин түрүүлэхэд Этиопын таван тамирчин араас нь орлоо. Азийн тамирчдаас Узбекистаны Андрей Петров топ-10-т багтсан. Үүний араас манай Д.Гантулга орсон бол Н.Мөнхбаяр 13, Г.Гүррагчаа 18-р байрыг эзэлсэн. Эмэгтэй ангилалд эхний дөрвөн байрт Этиопын тамирчид ороход БНАСАУ-ын марафончид 6, 8-р байрт орлоо. Манай гурав 9-11-р байрт орсон гайхалтай амжилттай ирлээ. Тамирчид маань энэхүү тэмцээнд өндөр амжилт үзүүлж, олимпийн эрхийн нормативыг баталгаажуулахын тулд олон сарын бэлтгэлээ зориулсан. Бид энэ удаа медаль хүртэж чадаагүй ч гэлээ зорьсондоо хүрч, эрхийн нормативыг эрт баталгаажуулж чадлаа.

-Одоо манай марафончдыг ямар тэмцээн хүлээж байгаа вэ?

-Олимпийн эрхийн нормативыг биелүүлсэн тамирчдын хувьд оролцох тэмцээнийг холбооны удирдлагуудтай ярилцаж байгаад гаргана. Хамгийн ойрын тэмцээн ирэх гуравдугаар сард БНСУ-ын Сөүл, БНХАУ-ын Чунчин хотод байгаа. Тухайн үед эдгээр тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорно.

 

НЭМЭЛТ:

"Xiamen International marathon" /2016.01.02/

42 км 195 метр.

Эрэгтэй:

11-р байр: ОУХМ Д.Гантулга 2 цаг 18 минут 50 секунд. (Олимпийн эрхийн цагийн нормативыг 2 дахь удаагаа)

13-р байр: спортын мастер Н.Мөнхбаяр 2 цаг 28 минут 40 секунд.

18-р байр: спортын мастер Г.Гүррагчаа 2 минут 35 миунт 15 секунд.

Эмэгтэй:

9-р байр: ОУХМ Л.Отгонбаяр 2 цаг 42 минут 47 секунд (Олимпийн эрхийн цагийн нормативыг 2 дахь удаагаа)

10-р байр: ОУХМ Б.Мөнхзаяа 2 цаг 43 минут 31 секунд (Олимпийн эрхийн цагийн нормативыг 3 дахь удаагаа)

11-р байр: спортын мастер Хишигсайхан 2 цаг 47 минут 33 секундэд замаа туулжээ.

Тэмцээнийг зохион байгуулагч орны тамирчдаас 13-р байрт орсон нь хамгийн өндөр амжилт болжээ.

Ч.БОЛОРЧУЛУУН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна