Номтой нүүдэл

2016 оны 1 сарын 5

Сониноос саяхан Солонгосын Боловсрол телевизийн баг намайг зорьж ирдэг юм байна. Нүүдлийн номын сангийн тухай кино хийх гэнэ. Цаатны нутагт зураг авна гээд зохиолоо хүртэл биччихэж. Болохгүй нь юу байхав. Өмнө нь би гурав ч очсон юм чинь. Сүүлийнхэд нь хүүхдэд ном уншуулаад урцнаас урцны хооронд цаагаар дажгүй л явж байсан. Харин буцахдаа эргэж харах гэж байгаад муухай унасан даа. Цааны нуруунд хэлж амжаагүй “Баяртай” гэсэн үгээ газар унасан хойноо хэлж хэвтсэн гэдэг. Эргэж харахад тэнцвэр алддаг юм байна. Толгойн арьс хага ярагдсан тул сумын эмнэлэгт оёулж билээ. За тэр ч яахав. Кино зураг манай гэрээс эхлэв. Номуудыг минь үзээд зохиолч гэдгийг минь мэдлээ. “Хар шувууны цагаан түүх” номыг ихэд сонирхож байна. Тэгээд уншаад өгье гээд авч явлаа. Найруулагч маргааш нь кино зургаа цаатны нутагт биш эмгэн хэрээ хоёрын нөхөрлөсөн говьд авахаар шийдсэнээ хэллээ. Тэгээд яахав бид хөлгийн жолоог Хөвсгөл аймаг руу биш Хөвсгөл сум руу залах нь тэр. Очтол хэрээний нисч явсан тэнгэрт эмгэн хальж, эмгэний аж төрж байсан газарт хэрээ нь үлджээ. Эмгэнийг амьсгал хураахад хоёр хэрээ нь тооноор шагайж гаг гаг гэлдээд байсныг том хүү Цэвээндорж нь ярьлаа. Өнгө төрхөө алдаж хөгшин банхар шиг болсон өвгөн хэрээ одоо хүртэл тэднийхээс салдаггүй гэнэ. Харин нөгөө эм хэрээ нь танигддаггүй гэж хэлж байна.

Намайг дандаа ном уншуулаад явдагггүй бас унших номыг нь зохиож өгдөг хүн гэсэн санаагаар кинондоо оруулах бололтой. Үнэндээ би ч бас нилээд номынхоо санааг нүүдлийн номын сан аялуулж явахдаа буцалсан амьдралын дундаас олсон билээ. За тэгээд говийн хоёр айлын дунд тэмээгээр аялж яваа зураг авах боллоо. Олон айлд очлоо. Унах тэмээ олдсонгүй. Хаа явдаг юм бэ. Хулан зээртэй хамт онгон зэлүүд газар дураараа бэлчдэг ч юм уу, бүү мэд. Ботгондоо хоргодсон хэдэн ингэнээс өөр юм хотонд нь алга. Ингэ унахаас өөр аргагүй болов. Тэгтэл тохош алга. Тэмээчин айлуудаар сураглаад олсонгүй. Сумын төвд нэг тохошны сураг гарав. Очтол айлын амбаарт тоос шороонд дарагдсан нэг муу тохош байна. Хэрэглэхээ болиод удсан бололтой. Түүнийг аваад нөгөө ингэтэй айлдаа иртэл эзэн нь буйл зорчихсон сууж байна. Ингээ буйллах гэж бөөн л орилоон бахираан боллоо. Арай гэж бурантаг хийх хөх бүс оллоо. Зураг авч эхэлтэл ингэ ботгондоо хоргодоод явдаггүй шүү. Хүн хөтөлж явахаас өөр аргагүйд хүрэв. Тийнхүү явтал баахан мотоциклтой залуус хөндий дүүрэн хөх утаа татуулсаар айсуй. Тэмээчдийн маань уналга тийм болжээ.

Өнгөрсөн хавар Сингапурын нэгэн телевиз манай нүүдлийн номын сангийн тухай кино хийхээр Дундговь аймгийн Өлзийт суманд очиход ч тийм явдал тохиолдож байсан. Надад унуулахаар аль номхон тэмээгээ л авчирсан байх. Тэгтэл мордож амжаагүй байтал ухасхийн босч, толгойгоо байдгаар нь гэдийлгэн цахдаж бурантаг булаагаад залсан зүг рүү биш харсан тийшээгээ алхалж гарах нь тэр. Сүүлд нь хичнээн сөг гээд хэвтэж өгөхгүй эргэцэн, би бараг шүхрээр буухаас наанагүй юм болж билээ. Өнгөрсөн зун Америкийн нэг сэтгүүлчээс надад 9 дүгээр сарын 26-нд хаа байх вэ? гэсэн захидал ирэв. Би тэр өдөр нүүдлийн номын сангийн аяллаар Баян-Өлгий аймгийн Сагсай суманд очих байв. Урьдчилаад төлөвлөчихсөн тул Улаанбаатарт байх аргагүй. Тэгтэл нөгөө сэтгүүлч Сагсай суманд намайг хүлээж байлаа. Мөн л тэмээ унуулан зураг авч, сүүлдээ надтай хамт Ховд аймгаар аялж, бүр Дөргөн нуур хүргээд буцсан.

Гадаадын хүмүүс намайг дандаа л тэмээ унаад явдаг гэж ойлгодог бололтой. Холливудын алдарт кино жүжигчин Ashton Kutcher миний говьд яваа тэмээтэй зургийг өөрийнхөө Facebook-т тавьсан юмсанж. Түүнээс хойш тэмээтэй номын санг сонирхогчид олширсон юм шиг байна. Нүүдлийн номын сан аялуулахдаа би аль тааралдсан хөлгөөрөө явдаг байсан. Анх үхэр тэргээр аян замд гарсанаа мартдаггүй. Тэгээд л мориор, цаа бугаар, цасны чаргаар, мэдээж ихэнх замаа машинаар, онгоцоор туулсан. Зургаан морин тэргээр хүүхдүүдтэй гурван жил аялсан. Харамсалтай нь ердийн хөсөг жил ирэх тусам ховордсоор байна. 2010 онд билүү дээ, Германы “3 Film”гэдэг студи монголд ирж, манай нүүдлийн номын сангийн тухай кино зургийг Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт суманд авахаар боллоо. Зохиол ёсоор бол би сарлаг тэрэг жолоодоод хүүхдүүдэд ном уншуулж явах юм гэнэ. Сарлаг бэлдүүлэх талаар сумын нэг удирдах хүнтэй гэрээ хийжээ. Сарлагаа хөллөөд хөдөлтөл учир зүггүй давхиснаа гэнэт хойш сууж буулгаа хүзүүнээсээ мултлаад хаячих нь тэр. Хичнээн оролдсон ч энэ байдал давтагдсаар байв. Учир нь дороо олдлоо. Хүзүү нь цахлайтаад шархалчихсан юмсанж. Тэгэхээр буулга яаж хүргэх вэ дээ. Нөгөө даргаас өөр сарлаг хүслээ. Сарлагаараа алдартай бүхэл бүтэн сумаас тэргэнд ордог нь тэр гэнэ. Арай ч дээ. Дэлхийд ховорхон нүүдэлчдийн соёл иргэншил дуусах арай болоогүй л баймаар. Германы киночдод өөр суманд очих цаг байгаагүй тул аргагүйн эрхэнд хүнээр хөтлүүлж зураг авсан. Дээр нь суусан миний хувьд дэндүү ичгүүртэй байлаа. Нүүдэлч овгийн хөвгүүн ингэж явах ч гэж дээ. Харин тэр киног олон улсын их наадамд ороход хэн нэгэн хүн ажиглаа болов уу, яагаа бол?

Нүүдэлчдийн оронд ердийн хөсөг хумигдсаар буй нь даанч харамсалтай. Байгаль орчинд хөнөөлтэй төмрийн хаанчлал хүрээгээ тэлсээр байх шиг. Гэтэл ердийн хөсөг өвс ногоог ер гэмтээдэггүй. Тэр нь газар дэлхийгээ хайрлах сургамжийг хүүхдүүдэд ямагт өгч яваа мэт санагддаг. Гадаадынхан яагаад нүүдлийн номын санг сонирхоод байна вэ? Байгаль ээжтэйгээ амин шүтэлцээтэй нүүдэлчдийн соёл иргэншлийг хүүхдийн уншлагатай холбосонд л байгаа юм.

Японы NHK телевиз “Азид хэн нь хэн бэ?” нэвтрүүлэгт намайг урихдаа түүнийг л чухалчилж байх шиг санагдсан. Акутагавагийн шагналт зохиолч Такаги Нобуко Азийн орнуудаас хоёр зохиолч сонгон теле-ярилцлага хийж, өөрөө оршил бичиж номыг нь хэвлүүлдэг ажээ. 2008 онд намайг зорьж ирсний учир нь бас л нүүдэлчний оюуны соёлтой холбоотой. АНУ-д “Тэмээ-миний номын сан” гэсэн ном хэвлэгдэн гарч, дэлхийн олон улс оронд түгэн тарсан нь ч нүүдэлчний хөвгүүд охидын аж төрлийг гадаадынхан сонирхож буйн нэгэн жишээ. Мөн Америкийн “Highligts For Children”сэтгүүлд монголын нүүдлийн номын сангийн нэгэн удаагийн аяллын тухай миний бичсэн өгүүллийг уншигчдын хүсэлтээр дахин хэвлэж байсан. Ер нь Америкийн нилээн хэдэн сонин сэтгүүлээс гадна Франц, Швед, Энэтхэг, Солонгосын хэвлэлүүдэд гарсан. Японы нэгэн сэтгүүл манай нүүдлийн номын санд бүтэн дугаараа зориулсан ч удаа бий.

Нүүдлийн номын санд чинь очиж туслая гэсэн хүсэлт их ирдэг. АНУ, Япон, Канад, Хятад, Солонгос, Франц зэрэг орноос хүүхдэд хайртай сайхан сэтгэлт хүмүүс ирж бидэнтэй хамт аялж байсан. Эндээс аялал жуулчлал эрхлэгчдийн нүдэнд нэгэн шинэ бүтээгдэхүүн харагдаж л байгаа байх.

Хүүхдийн нүүдлийн номын сан монгол орныхоо бүх аймаг, бараг бүх сумаар аялсаар хорин тав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. 137 мянган км замыг туулчихаж. Дэлхийн бөмбөрцгийг бүслүүрээр нь гурав тойрох хэмжээний урт зам. Энэ зам 1991 оноос эхлэсэн билээ. Тэр үед би ардчилал зах зээлийн шинэ тогтолцооны үеийн хүүхдэд ямар ном уншуулах вэ? гэсэн асуултад хариулт эрж байлаа. Хариултаа би Мюнхен дэх Олон улсын хүүхдийн номын сан /IJB/-гаас авлаа. Тэндээс надад дэлхийн хүүхдийн шилдэг номын жагсаалт гаргаж өгсөн. Орчууллаа. Монголын эртний уран зохиолын сан хөмрөг рүү эргэн хартал дэлхийн түвшнээс үл дутах бүтээлүүд ч цөөнгүй байв. Монголын олон үеийнхний ухааныг ундруулж, сэтгэлийг сэлбэсээр ирсэн “Чингисийн билиг” хэмээх сургаал зохиолыг хэвлүүллээ. Түүнээс үүдэн монголын анхны хүүхдийн зохиолч нь Чингис хаан гэсэн өгүүлэл бичиж, Олон улсын хүүхдийн утга зохиолын “Bookbird”сэтгүүлд нийтлүүлсэн.

Эртний төдийгүй орчин үеийн бүтээлээс ч сонгож авсан. Тухайлбал өмнөх нийгэмд үндэсний үзэлтэн хэмээн адлагдаж явсан С.Сандагдоржийн “Далавчтай морь”, Р.Чойномын “Доной” зэрэг хүүхдэд зориулсан шилдэг үлгэрийг хэвлүүлсэн. Номын тоо нэг мэдэхэд зуун наймд хүрсэн байв. Борлуулах гэж үзлээ. Бүтсэнгүй. Тэгэхээр нь Японоос “Сүхийн цагаан морь” төсөл оруулан ирж, 2001 оноос өрх толгойлсон олон хүүхэдтэй эхчүүлд сар бүр 20 мянган төгрөг өгч эхлэв. Харин түүнийг юунд зарцуулж байгаа нь тодорхойгүй байлаа. Уул нь үр хүүхдийнхээ оюуны хөгжилд зориулах учиртай юм. Лав л надаас нэг ч ном худалдаж авсангүй. Хот хөдөөгийн 200 шахам өрх айлд найман жилийн турш өгөөд тэр шүү дээ. Тэгж байтал 2002 онд Японы Ибараги сургууль бидэнд автобус бэлэглэв. Нэгэнт унаатай болсон тул 1991 оноос ердийн хөсгөөр эхлэсэн нүүдлийн номын сангийн аялалаа цааш үргэлжлүүлж билээ. Засмал замын тэрэг манай адармаатай дэгэн догонтой газраар явахад тийм ч амар байсангүй. Бид олон улсын хүүхдийн номын зөвлөлийн шагнал хүртэж, мөнгөөр нь туулах чадвар сайтай машин худалдан авч, хөдөөгийн багачуудад ном хүргэх аяндаа дахин гарсан.

Хүүхдийг номоор баясгахын зэрэгцээ үлгэр ярьж, шүлэг уншиж, дуу дуулж, хүүхэлдэйн тоглолт үзүүлдэг. Мэргэн үг түргэн хөдөлгөөн хослуулсан “Тарвагацах”, “Цагаан тэмээцэх” зэрэг эртний монгол тоглоом зааж, хамтран тоглодог. Багадаа Чингис хаан, тэр ч байтугай Хүннүгийн Шаньюй ч тоглож байсан байж мэднэ. Мөн хүүхдүүдтэй ном хаялцаж, намайг ялсанд нь “Номонд мэргэн” алтан медаль гардуулдаг. Хүүхдийн уран зохиол сурталчлах “Уран жиргээ”, “Хэнз хурга”, “Андерсений өдөр”, “Астрид Линдгрений уншлага”, IBBY-монгол салбар зэрэг олон ажил үүсгэж байлаа. Харин одоо Засгийн газраас өрнүүлж буй Ном хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Нүүдлийн номын сангийнхаа үйл ажиллагааг чиглүүлж байна. Хэдийгээр энэ хөтөлбөр багачуудыг ном хэмээх гайхамшиг руу даллан дуудаж байгаа ч сургуулийн номын санд хуучин ном дал наян хувийг эзлэсэн хэвээр байна. Тиймээс би сүүлийн жилүүдэд эцэг эх багш нарт өнөөгийн хүүхдийн ширээнд тавих номын тухайд лекц унших боллоо. Энэ ажлыг БСШУ-ны яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дэмжлэг, Олон улсын хүмүүнлэгийн Go Help байгууллагын тусламжид тулгуурлан хийж байна.

Өчигдөрхөн үүр шөнийн заагаар нэг хачин зүүд зүүдлэв. Яг л кино шиг юм. Дүүрэн номтой аварга гэр тэрэг явж байна. Хичнээн ч юм бэ, маш олон шар хөллөөстэй. Хоёр талаар морьтон хүүхдүүд давхилдан ирж “Надад ном” “Надад ном” гэлцэн хашгиралдана. Зүүдээ тайлах гэж зүйл зүйлээр л бодлоо. Нүүдэлчдийн их гүрний эзэн хаан маань арай найман зууны тэртээгээс шинэ цагийн ач гуч нартаа “Илдэнд биш үгэнд ижилдэж цэцдийн суудалд дэвших цаг чинь ирлээ” хэмээн айлдаж байгаа юм биш байгаа даа. Үгэнд ижилдэж цэцэн болъё гэвэл номтой нөхөрлөхөөс өөр аргагүй мэт. 2007 онд би Highlights сангийн урилгаар Америкт очиж бараг л бүх муж улсаас нь ирсэн иргэдэд лекц уншихдаа:

Ном уншвал толгой хөгжинө
Толгой хөгжвөл гар хөдөлнө
Гар хөдөлвөл ам хөдөлнө

гэж хэлэхэд тус сангийн ерөнхийлөгч “Энэ бол хүн төрөлхтний хамгийн зөв томъёолол” гэж үнэлсэн учраас тэр үгэндээ улам ч итгэлтэй явах болсон юм. Манай хүүхдүүд оюун ухаанаараа олон улсын түвшинд цахиур хагалсаар явааг сонсоход цэцдийн толгойг өргөмжлөх цаг ирнэ гэсэн итгэл минь улам л батажсаар байна. Хэрэв бид түүхийн жингийн цуваанаас байгаль ээждээ ээлтэй өвөрмөц соёл иргэншлээ гээлгүй авч явж, зэр зэвсэгээр биш оюун санаагаар ялагдашгүй хүчирхэг шинэ үеийг бий болгож чадваас нүүдэлчний орон дэлхийд дахин сэргэн мандах болно. Түүнд өчүүхэн боловч тус нэмэр болох гэж л өдий олон жил цагийн салхинд элэгдэн нүүдлийн номын сан аялуулж явна. Монголчуудын цаг ирэх болтугай.

Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн
Хүүхдийн зохиолч ЖАМБЫН ДАШДОНДОГ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна