“Ундны ус бохирдолд ороогүй”

2016 оны 1 сарын 5

Ус цэвэршүүлэгч компанийнхан орон сууцны айлуудаар явж усны чанарт туршилт хийж, бүтээгдэхүүнээ худалдаж авахыг санал болгодог. Тэдний туршилтын дүнд “Орон сууцны иргэд дээд зэргийн бохирдолтой усыг ундандаа хэрэглэдэг. Ийм усыг буцалгаж уусан ч гэсэн хүний биед аюултай” гэх хариу гардаг. Харин тэд оронд нь 700 000-1 000 000 төгрөгийн үнэтэй ус цэвэршүүлэгчийг санал болгодог. Тэгвэл ийм байдлаар хуурамч бараа худалдаж авсан иргэд УСУГ-т ихээр гомдоллох болжээ. Энэ талаар УСУГ-ын Усны төв лабораторийн дарга Н.Цэвэг-Очироос тодрууллаа.

-Туршилт хийх нэрээр бараагаа худалдах явдал гарах болсон байна. Танайд энэ талын гомдол иргэдээс хэр ирж байна вэ?

-Ийм гомдол манайд ирж байгаа. “Сая гаруй төгрөгөөр ус цэвэршүүлэгч авсан чинь худлаа юм байна, усны шинжилгээний бичиг гаргаж өгөөч ээ” зэргээр иргэд манайд хандаж байна. Гэтэл тухайн иргэний гомдлыг барагдуулах эрх манай байгууллагад байхгүй. Бид иргэдэд сэрэмжлүүлэг, бодит мэдээлэл хүргэж л ажиллаж байна.

-Тэр ус цэвэршүүлэгч компанийн хэлээд байгаа шиг ундны ус дээд хэмжээнд бохирдсон юм уу?

-Гол нь иргэддээ нэг зүйлийг сануулж хэлэхэд, бид долоон эх үүсвэрийн 1000 гаруй цэгээс усыг түгээдэг. Эдгээр цэгт тогтмол шинжилгээ хийдэг. Ундны ус цэвэр, хэвийн гэдгийг хэлье. Ундны усыг газрын гүнээс авдаг учраас маш цэнгэг. Манай байгууллагын инженер, ажилтнууд, усны чиглэлээр мэргэшсэн доктор, профессоруудтай хамтран хяналт шалгалт хийдэг. Гагцхүү шугам хоолой олон жилийн насжилттай учраас зэвтэй ус гарах тохиолдол бий. Мэдээж УСУГ-ын зүгээс шугам хоолойн засвар шинэчлэлийг ээлж дараалан хийсээр л байна.

-Тодорхой багажаар нарийн туршилт хийгээд байдаг. Тэр нь тэгээд худлаа гэж үү?

-Байгалийн ус бол өөрөө тодорхой хэмжээний эрдэс бодисыг агуулдаг. Гэтэл тэрийг цахилгаан электродизийн аргаар тунадасжуулаад “бохир байна” гээд байдаг. Мэдээж мэргэжлийн бус хүмүүс түүнийг хараад “нээрэн тийм юм байна” гэж хүлээж авдаг. Тиймээс иргэддээ анхааруулж хэлэхэд, та бүгдийн ундны ус хэвийн. Гол нь бараагаа зарах гэсэн ус цэвэршүүлэгч компаниудын худал туршилтад итгэж, эд хөрөнгөөрөө хохирохгүй байхыг сануулъя.

-Энэ талын мэдээлэл, сэрэмжлүүлгийг иргэдэд хүргэдэг юм уу?

-Нийслэлийн ундны усны чанарт хяналт тавьдаг Усны төв лабораторийн зүгээс ус хэвийн гэдгийг зөндөө мэдээлсэн. Өнгөрсөн жил Байгаль орчны яамтай хамтраад сарын ая хийх байдлаар ухуулга, сурталчилгааг ч хийсэн.

Манай ажилтнууд нийслэлийн ундны усны долоон эх үүсвэр, гэр хорооллын 600 гаруй худаг, нийтдээ 1000 орчим цэгт шинжилгээг тогтмол хийдэг. Иргэддээ хэлэхэд усыг буцалгаад л хэрэглэхэд ямар ч асуудалгүй.

Б.ЗАЯА

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна