Сонгуулийн жилийн босгон дээрх АНУ

2016 оны 1 сарын 5

АНУ энэ жил шинэ Ерөнхийлөгчөө сонгоно. Нэр дэвшигчдийг албан ёсоор долдугаар сарын сүүлээр зарлах юм. Бүгд найрамдах намын Огайо мужийн Кливленд хотноо долдугаар сарын 18-21-нд, харин Ардчилсан намынхан Пенсильвани мужийн Филадельфи хотноо долдугаар сарын 25-28-нд тус тусын намын их хурлаа хийн нэр дэвшигчээ зарлах юм.

 

AP Photo/Andrew Harnik

 

Энэ жилийн арваннэгдүгээр сарын 8-нд явагдах сонгуулийн дүнгээр АНУ-ын шинэ 46 дахь Ерөнхийлөгч тодрох учиртай. Одоогийн Ерөнхийлөгч Барак Обама Үндсэн хуулиар гурав дахь удаагаа нэрээ дэвшүүлэх эрхгүй учраас Цагаан ордон шинэ эзэнтэй болох юм.

 

Ардчилагчдын хөзрийн хатан

 

Намуудын доторх Ерөнхийлөгчийн сонгуулийн марафон өнгөрсөн жилийн хавраас явагдаж байгаа юм. Эрх баригч Ардчилсан нам дотор тэргүүн хатагтай асан, Төрийн нарийн бичгийн дарга асан ХиллариКлинтон, Вермонт мужийн сенатор Берни Сандерс, Мэриленд мужийн захирагч асан МартинО'Мэлли нарын гурван хүн өрсөлдөж байна.

 

 

Энэ гурвын яриагүй манлайлагч нь Хиллари Клинтон бөгөөд тэргүүлэх байраа алдаагүй явна. Ерөнхийлөгчийн амбицаас өнөөгийн дэд ерөнхийлөгч Жозеф Байден татгалзсаны дараа Хилларийн байр суурь улам бэхэжсэн билээ. Гэсэн ч Клинтонд яаран титэм өмсгөхийг хэн ч яарахгүй байгаа. Найман жилийн өмнө залуу сенатор Обамад бараг халааслаад байсан ялалтаа Хиллари алдсаныг бүгд сайн санаж байна. АНУ-ын улс төр судлаачид энэ сонгууль нь АНУ-ын анхны өнгөт арьстан Ерөнхийлөгчийн засаглалын тайлангаар хийх бүх нийтийн санал асуулга болно гэж хэлцгээж байна.

 

Шинэ Ерөнхийлөгчийн өмнө Обамагийн улс төрийн өвөөс үнэтэйг нь авч үлдэн сонгогчдын хүлээн авахгүй байгаа бүгдээс татгалзах энгийн биш үүрэг тулгарна.

 

Бүгд найрамдахчуудын хөзрийг Трамп үймүүлж байна

 

Сонгуулийн өмнөх марафоны эхэн үе нь сөрөг хүчин Бүгд найрамдах намын хувьд энэ горилогчид их байна. Нийт 17 нэр дэвшигч байснаас бөгөөд чамгүй нэр хүндтэй таван улстөрч нэрээ татан өнөөдрийн байдлаар 12 хүн байна.

 

Дональд Трамп

 

Эдэн дотор АНУ-ын Ерөнхийлөгч байсан аав, хүү Бушийн удмын Флорида мужийн захирагч асан Жеб Буш байгаа. Гарал, улс төрийн боломж, хөрөнгө цуглуулах талаар тэр Клинтоноос дутахгүй. Гэхдээ тэр нэг л гялалзаж өгөхгүй байна. Улс төр судлаачид түүнийг сэргэнэ гэсэн найдлагаа орхиогүй харж байгаа. Одоо түүний чансаа нь намынхаа сонгогч нарын дунд таван хувиас хэтрээгүй явна.

 

Харин судлаачдын хамгийн муу үнэлгээ өгч, гавихгүй гэж үзэж байсан Дональд Трамп хамгийн өндөр чансаатай явна. Этгээд араншинтай тэрбумтан Дональд Трамп сонгуулийн кампанит ажлыг өөрийн хөрөнгөөр хийж байгаа бөгөөд олон сэдвээр ихээхэн хурц бөгөөд улс төрийн соёлгүй хэллэгээр ярьж байгаа хэдий ч бүгд найрамдахчуудын дунд явуулсан санал асуулгаар 40 хувийн рейтингтэй явна. Түүний рейтингтэй ойр чансаатай яваа нь Техасын сенатор Тед Круз, гэхдээ түүний чансаа Трампаас хоёр дахин бага байгаа юм. Хэрэг дээрээ Трамп үүнээс ч илүү дэмжлэгтэй, залуухан, боловсролтой сонгогчид түүнийг дэмжиж буйгаа ил гаргахаас ичингүйрч байна хэмээн мэргэжилтнүүд сануулж байгаа.

 

Ямар ч байсан бүгд найрамдахчуудын нэр дэвшигчдийн эхний тавд дээрх хоёроос гадна Флорида мужийн сенатор Марко Рубио, тархины мэс засалч, өнгөт арьстан БенКарсон, Нью-Жерси мужийн захирагч Крис Кристи нар багтаж байна.

 

Тоглоомын дүрэм

 

Бушийнхан. AP Photo/J. Scott Applewhite

 

Нэр дэвшигчдийг албан ёсоор долдугаар сарын сүүлээр зарлах юм. Бүгд найрамдах намын Огайо мужийн Кливленд хотноо долдугаар сарын 18-21-нд, харин Ардчилсан намынхан Пенсильвани мужийн Филадельфи хотноо долдугаар сарын 25-28-нд тус тусын намын их хурлаа хийн нэр дэвшигчээ зарлах юм.

 

АНУ-ын сонгуулийн системийг хамгийн ардчилсан гэж хэлэх нь юу л бол. Сонгуулийн харьцангуй бага саналтай нэр дэвшигч Ерөнхийлөгч болж байсан тохиолдол байдаг. Систем нь хуучинсаг, тэгээд бас ээдрээтэй. Хиллари тухайн үедээ төлөөлөгчдийн сонгуулиар л Обамад ялагдсан гэж байв. Одоо тэр үүндээ дүгнэлт хийгээд “супер төлөөлөгчдийн” саналыг цуглуулах чиглэлд ажиллаж байгаа юм.

 

Хэвлэлийнхний дүгнэлтээр, Хиллари их хурал дээр ялахад шаардлагатай таван хувийн саналын дэмжлэгийг аваад байгаа ажээ. Улс төрийн намуудын хурал дээр бараг өрсөлдөөнгүй гарч ирэх нь гайхмаар зүйл биш ердийн хэрэг юм. Ер нь бол ердийн төлөөлөгчдийн саналыг эртнээс орон нутгийн праймеризийн дүнгээр хуваарилсан байдаг. Тийм ч учраас хурал эхлэхийн өмнө нь хэн нь азтай, хэн нь азгүй нь тодорхой болсон байдаг билээ.

 

"Брокерын" их хурлыг угтах уу?

 

Трамп бүгд найрамдахчуудын хөзрийг хольж хутгасан учир намын дээд удирдлага нь “брокерын” гэгдэх их хуралд нухацтай бэлтгэх болсон гэж The Washington Post сонин бичсэн байв. Төгсгөл нь тодорхойгүй их хурлыг ингэж нэрлэдэг ажээ. Олон удаагийн санал хураалтаар, хөшигнй арын наймаа, хэлэлцээрээр асуудлыг шийдэхээр зүтгэх юм. Бүгд найрамдах намд тэр нь сайн зүйл биш.

 

Жишээлбэл, 1976 оны “брокерын” их хурал дээр Рональд Рейганы улс төрийн хүчтэй довтолгооныг тэр үеийн Ерөнхийлөгч Жеральд Форд няцааж чадаад Ерөнхийлөгчид дахин нэр нь дэвшиж байлаа. Гэхдээ их хурлын “тэр хуйвалдаан, зөрөлдөөн” нь бүгд найрамдахчуудын дунд хагарал авчраад Форд сонгуульд ялагдсан юм.

 

Горилогчид ОХУ-ын талаар

 

Сонгуулийн улс төрийн хөтөлбөр улс төрийн намуудын их хурал дээр өөрийн гэсэн багтай тодорхой нэр дэвшигч тодорсон тохиолдолд тодорхой болно. Тиймээс мөрийн хөтөлбөрийн талаар одоо ярих нь утгагүй. Трампыг Путин “сонгуулийн өрсөлдөөны үг дуугүй лидер, авьяастай хүн” хэмээн тодорхойлсон. Гэтэл одоо тэргүүлж байгаа хоёр горилогчийн ОХУ-д хандах хандлага эрс өөр. Хиллари тухай үед "Перегрузка буюу ачааллыг нэмэх гэсэн утгатай" үгийн оронд алдаатай бичигдсэн бэлгэдлийн товчлуурыг олны өмнө Лавровт бэлэглэж байсан юм. Гэтэл одоо түүнийгээ “Фройдын хэллэг” мэтээр тайлбарлан ОХУ-тай бүхий л асуудлаар хатуу ярихаа амлаж байгаа.

 

 

Трамп улс төрд шинэ хүн ч хэрэв Ерөнхийлөгч болбол Москватай тохиролцож чадах хүн гэж өөрийгөө нэрлэж байна. Путин түүнийг магтсанд тэрээр “өөрийн орон болон гадаадад нэртэй хүнээс ийм магтаал сонсох нь нэр төрийн хэрэг” гэж хариу хэлсэн байгаа.

 

Сонгуулийн кампанит ажлын дэг

 

АНУ-ын сонгуулийн улирлыг уламжлалын дагуу Айова муж нээдэг. Хоёрдугаар сарын 1-нд тэнд улс төрийн тэргүүн намуудын төлөөлөгчдийг их хуралд сонгох орон нутгийн идэвхтнүүдийн хурал эхэлнэ. Дараа нь хоёрдугаар сарын 9-нд Нью-Гэмпширт явагдана. Дараалаад хоёрдугаар сардаа Невада, Өмнөд Каролина мужууд саналаа өгнө. Гуравдугаар сарын 1-нд “супер Мягмар гариг” эхэлнэ. Энэ өдөр 14 мужийн төлөөлөгчид сонгогдоно.

 

Уламжлалаар эдгээр анхан шатны санал хураалтууд сюрприз авчрах магадлалтай.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна