Өмнөд Азид газар хөдөлснөөс 200 хүн гэмтжээ

2016 оны 1 сарын 5

 

Энэтхэгийн Манипур мужийн төв Импхал хотын баруун захад өчигдөр /I.4/ өглөө хүчтэй газар хөдөлснөөс 11 хүн амь үрэгдэж, 200 орчим хүн гэмтэж бэртжээ. АНУ-ын Геологийн судалгааны төвөөс мэдээлснээр газар хөдлөлтийн голомт Импхал хотоос баруун зүгт 29 км зайнд 57 км-ийн гүнд 6.8 магнитудын хүчтэй байжээ. 270 мянга орчим хүн амтай Импхал хотын ойролцоо үүрээр газар хөдлөх үеэр хүмүүс унтаж байсан аж.

 

Газар хөдлөлтийн улмаас Энэтхэгт зургаан хүн, хөрш Бангладешид таван хүн амь үрэгдсэн байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл Мьянмарын өмнөд хэсгийн Янгон хот болон Балбад хүртэл мэдрэгджээ. Манипур муж нь Мьянмар, Бангладеш улстай хил залгаа оршдог байна.

 

Өмнө нь 2005 онд Пакистаны Кашмир бүс нутагт 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс 75 мянган хүн амь үрэгдсэн аж. Мөн өнгөрсөн 2015 оны дөрөвдүгээр сард Балбад хүчтэй газар хөдөлж, 9000 мянган хүн амь үрэгдэн, 900 мянга орчим хүн орон гэрээ алдсан юм.

 

Энэ бүс нутагт Энэтхэгийн эх газрын хавтан Евро-Азийн хавтантай мөргөлдсөний улмаас хүчтэй газар хөдлөх нь элбэг байдаг юм. Хавтангууд жилд 4-5 см-аар хоорондоо ойртдог байна.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна