Италийн шүүгч 2019 он хүртэл гомдол хүлээж авахгүй гэв

2016 оны 1 сарын 5

Ажилд дарагдсан Италийн нэгэн шүүгч албадлагын дор удаан хугацаагаар мөлжлөгт өртөхгүй байх тухай Үндсэн хуулийн эрх нь зөрчигдөж байна хэмээн үзэж, 2019 он хүртэл гомдол, нэхэмжлэл шинээр хүлээж авахгүй гэсэн байна.

Италийн өмнөд хэсэгт орших Таранто хотын иргэний шүүхийн шүүгч Алберто Мунно гэгч одоо 500 гаруй хэргийг хэлэлцэж байгаа тул ирэх гурван жилийн хугацаанд ямар ч гомдол, нэхэмжлэлийг шүүхээр хэлэлцэхгүй гэж мэдэгджээ. Итали шүүгч 2019 оны нэгдүгээр сарын 18-наас л хэргүүдийг шүүхээр төлөвлөгөө гаргасан гэнэ.

Шинэ оны өмнө Италийн хоёр бизнесмен 200,000 еврогийн маргааныг  шийдвэрлүүлэхээр шүүхэд хандахад ийм хариу сонсчээ. Хоёр бизнесмен хэргээ таслуулахын тулд гурван жил хүлээх болсон байна.

Тэд 2019 оноос өмнө хэргийг нь шүүж өгөхийг хүсэхэд Таранто хотын иргэний шүүхийн шүүгч Мунно өөрийгөө Хүний эрхийн тухай конвенцид заасны дагуу олгогдсон эрхээ сануулж, хэт их ачаалалтай ажиллах нь мөлжлөгт өртөхгүй байх эрхийг нь зөрчиж буйг анхааруулсан гэнэ.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна