Саудын Араб-Ираны байдал хурцадсаар

2016 оны 1 сарын 5

Гэрэл зургийг: Atta Kenare / AFP / Getty Images

 

Исламын шиит, суннитийн урсгалуудын төвүүд болох Иран, Саудын Арабын сөргөлдөөний шинэ давалгаа нэгдүгээр сарын 2-нд хэт даврагч хөдөлгөөнд хамаатай гэх 47 хүнийг Саудын Араб цаазалснаар эхэлсэн юм.

 

Цаазлагдсан хүмүүсийн дунд Саудын Арабын шиитийн цөөнхийн лидерийн нэг шейх Нимр аль-Нимр байсан юм. Олон нийтийн эмх замбараагүй байдал гаргахад уриалсан гэж түүнийг 2012 онд Саудын хүчнийхэн баривчилсан байсан юм. Түүнийг цаазалсан нь дэлхийн шиитүүдийн дунд дургүйцлийг өрнүүллээ.

 

 

Тегеранд шиитийн жагсагчид Иран дахь Саудын Арабын Элчин сайдын яамыг бут ниргэсэн байв. Ираны зүүн хойд нутгийн Мешхед хотод Саудын консулын газрыг бас шатаасан байлаа.

 

Энэ бүгдийн дараа нэгдүгээр сарын 3-нд Саудын Арабын Гадаад хэргийн яам Тегерантай дипломат харилцаагаа тасалж буйгаа зарласан юм. Нэгдүгээр сарын 4-нд Саудын Арабын гол холбоотны нэг Бахрейн мөн л дипломат харилцаагаа таслан Ираны дипломатуудыг 48 цагийн дотор улс орноосоо гарахыг шаарджээ.

 

Наяад оны сүүлчээс хойш хоёр орны харилцаанд хамгийн хурц хямрал үүсээд байна. Тэр үед Ираны даяанчид Меккад хаж хийж яваад амь үрэгдсэний дараа тэд дипломат харилцаагаа тасалж байв. Мөн тэр үеэр Ирак-Ираны дайнд Саддам Хусейныг Саудын Араб идэвхтэй дэмжиж байлаа. Одоо энэ хоёр улс цэргийн хоёр сөргөлдөөнд (proxy war) эсрэг зогсож байгаа. Сирид “Исламын улс” ба “Жебхат ан-Нусра” бүлэглэлтэй холбогдсан жихадистуудыг Саудын Араб дэмжиж байгаа. Харин Иран нь Сирийн Засгийн газарт нь тусладаг.

 

Йеменд Саудын Араб (Бахрейн, АНЭ зэрэг орны хамт) хоусын шийтийн босогчдыг бөмбөгдөн дайрч байгаа бол Иран нь тэдгээр босогчдод тусладаг.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна