Ялгарах тэмдэг

2016 оны 1 сарын 5

Cartier ордны зарим бүтээл сайхан домогтой.

 

«Таж Махал» зүүлт

Зүрхэн хэлбэртэй очир эрдэнэ нэгэн цагт Таж Махал бунхныг босгосон Энэтхэгийн захирагч Шах-Жаханых байжээ. Жүжигчин Ричард Бартон үүнийг эхнэр Элизабет Тейлорынхоо 40 насны ойгоор нь 1972 онд бэлэглэжээ. “Би түүндээ жинхэнэ Таж Махалыг бэлэглэх гэсэн юм. Гэтэл тээврийн зардал нь хэтэрхий өндөр байлаа” хэмээн тэр шоглон хэлж байлаа. Холливудын од чулууг бадмаарагаар эмжсэн алтан гинжтэй зүүлт болгон гоёжээ.

«Таж-Махал»

 

Уоллис Симпсоны хуримын бөгж

Хоёр ч удаа гэрлэсэн америк жүжигчин Уоллис Симпсонд дурласан Британийн хаан VIII Эдуард хаан ширээнээсээ татгалзан бүх насаа хөөгдмөл байдлаар өнгөрүүлжээ. Тэр Симпсонд бүхнээ зориулсан. Симпсонд бэлэглэсэн хуримын бөгж нь 19,77 каратын номин эрдэнийн чулуун шигтгээтэй байлаа. “Одоо бид бие биедээ зориулагдлаа” гэсэн үгийг бөгжин дээр сийлсэн. Виндзорын герцогын ахайтан Cartier ордны үнэнч үйлчлүүлэгч байсан ба түүний цуглуулгад франц брэндийн эдлэл их байдаг. Тухайлбал, хуримынхаа 20 жилийн ойгоор бэлэглэсэн зүрхэн хэлбэртэй энгэрийн зүүлт, “Бурхан минь Уоллис хааныг ивээ” гэсэн үгтэй очир эрдэнийн бугуйвч байдаг.

 

Нина Ага-ханы пантер барс бүхий гоёлууд

Алмаз, индранил мэтийн үнэт чулуун шигтгээ бүхий пантер барсын дүрсийг Cartier өөрийн олон гоёлдоо оруулдаг. Зүүлт, бугуйвч, энгэрийн зүүлт, бөгж зэргийн эдгээр цувралыг жонон Cадруддин Ага-хан өөрийн эхнэр, англи-энэтхэгийн холимог фото модель Нина Дайерт олныг бэлэглэсэн байв. Нэгэн үе тэр эмэгтэйд Cartier ордны чамгүй олон пантер цугласан байв. Энэ ер бусын гоёлууд дундаас цүнхний бариул болгодог бугуйвч онцгойрдог.

Нина Ага-Хан

 

Барбара Хаттоны хаш чулуун хүзүүний зүүлт

Энэ  гоёлыг “саяар үнэлэгдэх охинд” (Woolworth худалдааны эзэнт улсын өв залгамжлагч Барбара Хаттоныг ингэж нэрлэж байв) хуримын бэлэг болгон эцэг нь бэлэглэжээ. Хүзүүний зүүлт нь 27 ширхэг хаш чулуугаар хэлхсэн, чулууны хамгийн жижиг нь 1,5 см-ийн голчтой. Энэ хүзүүний зүүлтийг 2014 онд Sotheby’s дуудлага худалдаагаар 27 000 000 ам.доллараар арилжжээ.

Барбара Хаттоны хүзүүний зүүлт, Cartier Барбара Хаттон

 

“Бар” гэдэг хавчдаг энгэрийн зүүлт, Барбара Хаттоны цуглуулгаас, Cartier

 

II Елизаветын титэм

Cartier ордны Halo титмийг Йоркийн герцог (хожим VI Георг хаан) эхнэр Елизаветад 1936 онд хаан ширээнд суухаас гурван долоо хоногийн өмнө бэлэглэжээ. Хожим энэ титэм нь ирээдүйн хатан хаан II Елизаветад шилжжээ. Хатан хаан 18 насныхаа ойгоор түүнийг бэлгэнд авчээ. Очир эрдэнээр чимэглэсэн тэр титмээр Кейт Миддлтон жонон Уильямтай гэрлэх ёслол дээр гоёжээ.

Кейт Миддлтон

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна