З.Зидан “Реал” багийн ахлах дасгалжуулагчаар томилогджээ

2016 оны 1 сарын 5

Францын нэрт хөлбөмбөгчин, дэлхийн болон европийн аварга З.Зиданыг Испанийн Мадрид хотын “Реал” багийн ахлах дасгалжуулагчаар томилох шийдвэр гаргасныг тус клубын ерөнхийлөгч Флорентино Перес мэдэгджээ. “Хааны клуб”-ын Захирлуудын зөвлөлийн шуурхай хуралдаанаар дээрх шийдвэрийг гаргасан байна.

Өнгөрсөн оны аравдугаар сард З.Зиданаас “Реал” багийн ахлах дасгалжуулагчийн албыг хашихад хүсэхэд “2015-2016 оны тоглолтын улирал ид явагдаж байгаа үед биш тоглолтын улирал дуусахаар зун шинэ ажилдаа ормоор байна.” гэсэн тайлбар хийн татгалзаж байжээ.

Хэвлэлийн бага хурал дээр З.Зидан үг хэлэхдээ ”Ахлах дасгалжуулагч хийх боломжийг олгосон клубынхээ удирдлагад баярлалаа. Манай баг бол дэлхийн шилдэг баг, дэлхийн шилдэг хөгжөөн дэмжигчидтэй баг юм. Оны сүүлч гэхэд багаа ямар нэгэн шагналд хүргэхийн төлөө би бүхнийг хийх болно. Энэ өдөр бол миний хувьд маш чухал өдөр болж байна.” гэж өгүүлжээ.

Ерөнхийлөгч Флорентино Перес хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ “Рафаэль Бенитес бол хөлбөмбөгийн томоохон мэргэжилтэн, “Реал” багийн дасгалжуулагчаар сүүлийн хэдэн сар ажилласанд нь талархлаа илэрхийлж байна.” гэжээ. Испанийн аварга шалгаруулах тэмцээний 18 тойргийн дараа “Реал” баг 37 оноотойгоор 3 дугаар байранд явж байна. Түүний өмнө “Атлетико” 41 оноотой, “Барселона” 39 оноотойгоор бичигдэж байгаа ажээ.

43 настай З.Зидан 2013 онд холбогдох сургалтыг дүүргэж зохих шалгалтуудыг өгч дасгалжуулагчийн тусгай зөвшөөрөл авсан ажээ. 2013 оны зун “Реал” клубээс дасгалжуулагч болох хүсэлтийг тавихад З.Зидан “Оффисийн ажил хиймээргүй байна.” гэсэн тайлбар хийж татгалзсан ч тус клубын спортын захирал болж тус клубын залуучуудын “Кастилья” багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан юм.

З.Зидан “Реал” клубт 2001-2006 онуудад зүтгэж байхдаа 155 гоол хийж 2003 онд Испанийн аварга шалгаруулах тэмцээнд, 2001, 2003 онуудад Испанийн Цомын төлөө тэмцээнд, 2002 онд УЕФА-гийн Цомын төлөө тэмцээнд, Аваргуудын лигийн тэмцээнд түрүүлж байжээ.

Бэлтгэсэн Д.Өлгийсайхан

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна