Хүний хүүхдүүд яасан байх нь уу

2016 оны 1 сарын 5

Шинэ оны эхний өдөр Баасан гариг таарч дараалан амралтын хоёр хоног угсарч дэлхий нийтээрээ шахам гурав хоног амарлаа. Монголчууд бид оргилуун дарсаа буудуулангаа Ерөнхийлөгчийнхөө мөнгөн аягатай сүүг амсахыг харлаа. Айл болгон нийслэлт салат хийж, нийслэл салатаа идсэн бүсгүйчүүд, шинэ жилийн өмнө хаясан жингээ буцаагаад нэмсэн талаарх гомдол сошиалаар чамгүй түгэв.

Бид ийнхүү шинэ жилийн амралтаа тэмдэглэсэн бол хүний хүүхдүүд яасан байх нь уу. Синьхуа агентлагийн мэдээлснээр шинэ жилийн амралтын гурав хоногт 120 мянган жуулчин Бээжингийн өвлийн спортын цогцолборуудад амралтаа өнгөрөөжээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 37 хувиар өссөн дүн аж. Бээжингийн цана, чаргаар гулгах, тэшүүрээр тэших том том паркууд хүний хөлд дарагдаж өнжсөн. Спортын цогцолборуудаас гадна Бээжин хотын эргэн тойрондох газрууд зочлох жуулчдын тоо мөн энэ жил өссөн байна. 340 мянган хүн Бээжингийн ойролцоох газруудыг сонгон амарсан нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 8.9 хувь өссөн дүн юм. Нийтдээ шинэ жилийн гурав хоногт Бээжин хот жуулчлалаас 25.84 сая юань буюу 4.1 сая ам.доллар олжээ.

Бээжингийн Амралтын жуулчлалын группээс мэдээлснээр өнгөрсөн 2015 онд 2.4 сая жуулчин хүлээн авсан нь өмнөх 2014 онтой харьцуулахад 4.5 хувь өссөн гэсэн үг юм.

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна