Таймс скверт нохойд зориулж концерт толилуулав

2016 оны 1 сарын 5

АНУ-ын экспериментал уран бүтээлч, хөгжмийн зохиолч, хөгжимчин Лаури Андерсон Нью Йоркийн төв дэх Таймс Скверт анх удаа нохойд зориулж гурван минутын концерт толилуулжээ.

Найман жилийн өмнө тэрбээр зөвхөн нохдод зориулсан концерт тоглох мөрөөдлөө найздаа хэлэхэд түүнийг тоглож байна гэж боджээ. Уран бүтээлдээ шинэ технологи оруулдаг Лаури Андерсон 2012 онд тэр мөрөөдлөө биелүүлж, Сиднейн дуурийн театрын өмнө хэдэн зуун хүнийг нохойтой нь урьж, маш бага давтамжаар (нохдыг чанга дуу хөгжмөөр айлгаж цочоохгүйн тулд)“Нохойн зүрх” нэртэй концерт тоглосон юм. Концерт дуусахад ноход таван минутын турш хуцсан аж. Бүр хамгийн урд эгнээний шүлсээ гоожуулсан ууртай ноход ч хөгжийн аянд дуртай байсан гэнэ.

Харин Таймс скверт түүнийг гурван минутын концертоо толилуулахад нохойгоо дагуулсан очсон хүмүүс талбай дээр сууцгаан, хажуугаар өнгөрч явсан хүмүүс сониучирхан үзэж байжээ. Дээрх сонирхолтой концерт нь Таймс скверийн биллбордын дижитал бүтээлийн галлерейд тавигдсан бөгөөд түүнээс өмнө Энди Уорхол, Бьорк, Йоко Оно нарын алдартнууд бүтээлээ толилуулж байсан юм байна. Америкийн экспериментал уран бүтээлч Лаури Андерсоны нохойд зориулсан концерт нь төрөхөөс үхэх хүртэлх амьдралын тухай хөгжмөөр илэрхийлсэн яруу найраг юм.

Түүний 2012 оны “Нохойн зүрх” концерт нь Америкийн кино академийн дээд шагнал “Оскар”-т нэр дэвшсэн байна. 75 минут үргэлжилдэг уг кино концерт нь мөнх бус амьдрал, хайр, урлагийн тухай ажээ. Түүний концертын гол баатар нь уран бүтээлчийн хайртай нохой, терриер үүлдрийн Лолабелл нэртэй нохой байжээ.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна