Р.Бурмаа, Н.Ариунболд нарыг АТГ-т шалгуулна

Хуучирсан мэдээ: 2016.01.05-нд нийтлэгдсэн

Р.Бурмаа, Н.Ариунболд нарыг АТГ-т шалгуулна

Р.Бурмаа сайдыг Төрийн нарийн Н.Ариунболдтой нь АТГ-т шалгуулахаар болжээ

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд нар АТГ-т дуудагдахаар болжээ. Гурил үйлдвэрлэгчдийн холбоо, Хүнсчдийн холбоо зэрэг мэргэжлийн холбоод хамтран салбарын сайдаа, төрийн нарийнтай нь АТГ-т шалгуулахаар гомдол гаргажээ. Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд шинэ жилийн баяртай давхцуулан “2016 онд улаанбуудайн гурил импортлох зөвшөөрөл олгох тухай” А467 тоот тушаал гаргажээ. Уг тушаалаар хоёр том компанид давуу эрх олгосон нь АТГ-т шалгагдах үндэслэл болсон байна.

Өнгөрсөн жил манай улс ургацынхаа багагүй хувийг алдсан. Үүнээс үүдэж гурилын хомсдолд орж, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид түүхий эдийн хомсдолд орж, талх, боорцог, гоймонгоо үйлдвэрлэж чадахгүй шахам болж байсан. Тиймээс ч салбарын яамандаа хандаж импортын гурил оруулж ирэх зөвшөөрөл хүсч, дотоодод буудайн хомсдлоос үүдэж гурилын үнэ өссөн нь алдагдалтай ажиллахад хүрч байгаагаа удаа дараа учирласан байдаг. Хүнс, хөдөө аж ахуйн яам “Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж болохгүй. Яамнаас бодлогоор дэмжинэ” гэдэг хариуг тухай бүрт нь өгдөг байсан. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн оны наймдугаар сард Хүнс, хөдөө аж ахуйн яам, талх үйлдвэрлэгч компаниудтай санамж бичиг байгуулсан. Уг санамж бичигт дурдсанаар Хүнс, хөдөө аж ахуйн яам хямд үнэтэй гурилыг талх үйлдвэрлэгч компаниудад олж өгөх бололцоог бүрдүүлнэ. Хариуд нь дээрх компаниуд талхныхаа үнийг тогтвортой барих үүргийг хүлээсэн байдаг. Гэтэл шинэ жилийн баяртай давхцуулан гаргасан Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар үйлдвэрлэгчид биш дамлан борлуулагчдад гурил импортлох зөвшөөрөл олгожээ.

Энэ онд 43 компанид төвийн бүсээр гурил импортлох зөвшөөрөл олгожээ. Тэднээс таван гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанид нэр төдий эрх олгожээ. Бусад нь гурил дамлан зарагчид байгаа аж. Тухайлбал, Алейка гурил борлуулагч “Алейск Импекс” компани дангаараа 7100 тонн гурил импортлох эрх авчээ. Мөн “Цесна” гурил борлуулагч “Өег” компани дангаараа 7000 тонн гурил импортолж дамлан зарах эрхтэй болсон байна. Жагсаалтад орсон бусад компаниудын цөөнгүй нь дээрх хоёр том компанийн охин компани гэх мэдээлэл ч байна. Гэтэл Монголчуудын сар шинийн идээний ихэнхийг бэлтгэдэг “Өгөөж” компани 1400 тонн гурил импортлох зөвшөөрөл олгосон байна. Мөн нийслэлийн талхны хэрэгцээний дийлэнх хувийг үйлдвэрлэдэг “Талх чихэр” компанид 1610 тонн гурил импортлох зөвшөөрөл өгсөн бол “Жүр үр” компани 300 тонн гурил л гаднаас авахаар болжээ. Энэ нь гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хувьд хэдхэн хоногийн хэрэгцээ аж. Цаашлаад гурил дамлан зарагчдаас үнэтэй гурил авч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхээс аргагүй. Алдагдал хүлээхгүйн тулд дагаад бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөх нөхцөл бүрдэнэ. Үр дүнд нь хэрэглэгчдэд очих талх, боорцог, гоймонгийнх нь үнэ нэмэгдэнэ гэсэн үг. Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас нарийн бодлогоор гаргах учиртай шийдвэрийг баярын үеийг далимдуулан хоёр компанид давуу эрх олгохоор ашиг сонирхлын зөрчилд хөтлөгдөн гаргасан үйлдвэрлэгчдэд төдийгүй иргэдэд хохиролтой нь харагдаж байна.

Яамнаас үйлдвэрлэгчидтэй байгуулсан санамж бичиг, гэрээгээ зөрчин байж Төрийн нарийн бичгийн дарга хоёр компанид давуу эрх олгосон нь авлигын шинжтэй гэж мэргэжлийн холбоод үзэж байгаа аж. Ингэж хардах ч үндэслэл бий. Монголын зах зээлд борлуулагдаж байгаа орос дээд гурил нэг кг нь 1400 төгрөг байгаа. Сар шинийн баярын үеэр үнэ нь улам бүр нэмэгдэнэ. Эндээс олсон ашгийнхаа хэдхэн хувийг нь шийдвэр гаргагчид руу “шидэхэд” л асуудал шийдэгдчих магадлалтай. Тиймээс ч мэргэжлийн холбоод АТГ-т гомдол гаргажээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж