Алба хаагчдын тав нь эмнэлгээс гарчээ

2016 оны 1 сарын 5

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-нд Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн сургалтын Ми-8 нисдэг тэрэг Налайхад осолдсон. Ослын улмаас нэг хүн амиа алдаж, 10 хүнийг Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт эмчилж байсан юм. Тэгвэл алба хаагчдын тавынх нь биеийн байдал сайжирч эмнэлгээс гарчээ. Одоогоор нэг өвчтөн л анхаарал татахуйц байгаа гэдгийг эмнэлгийн дарга хэлэв. Үлдсэн дөрвөн хүний биеийн байдал сайжирсан учраас ойрын өдрүүдэд эмнэлгээс гаргахаар болжээ. Алба хаагчдын бие харьцангуй сайжирсан гэв.

Харин ослын шалтгаан одоо болтол тодорхой болоогүй байгаа юм. Осол болсны маргааш Зэвсэгт хүчний жанжин штабаас “Сар бүр хийдэг төлөвлөгөөт сургалтын нэг байсан. Бүгд зэвсэгт хүчний алба хаагчид байсан” гэж мэдээлсэн. Ингээд ослын шалтгааныг тодруулах багийнхан ажиллаж эхэлсэн юм.

Б.ЗАЯА

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна