ТӨХ-г татан буулгах ажиллагаа эхлэв

2016 оны 1 сарын 5

2016 оны Төсвийн тухай хуульд заасны дагуу Төрийн өмчийн хороог татан буулгах ажлыг эхлүүллээ. Тодруулбал, энэ сарын 15-ны дотор Төрийн өмчийг хороог татан буулгах шийдвэрийг Засгийн газраас гаргаж энэ ажлыг ЗГХЭГ-ын дарга Ц.Баярцогтод даалгасан байна. Мөн өчигдрийн буюу нэгдүгээр сарын 4-ны даваа гаригийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар тус хорооны дарга Ц.Нанзаддоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Тус хорооны эрхэлж байсан чиг үүргийг Сангийн яаманд шилжүүлж байгаа юм байна. Ингэхдээ ТӨХ-ноос 15 ажилтанг сонгож, Сангийн яаманд ажиллуулахаар болсон нь тус хорооныхны дунд багагүй асуудал үүсгээд байгаа гэх.

Төрийн өмчийн хороог татан буулгах тогтоолын дагуу ажлын хэсэг байгуулж, уг ажлын хэсгийг Сангийн яам, Хууль зүйн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн өмчийн хороо, Архивын ерөнхий газрын төлөөллийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар болжээ. Тус ажлын хэсэг Төрийн өмчийн хороог татан буулгаж, төрийн өмчийн хувьчлал, дуудлага худалдаа, төрийн өмчийн төлөөлөл, бүртгэл, тооллого зэргийг Сангийн яаманд шилжүүлэх юм байна.

Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна