Цэцийн гишүүнийг нэг удаа улираан сонгоно

2016 оны 1 сарын 5

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ.

Хуулийн төсөлд Цэцийн гишүүний насны дээд хязгаарыг 60-аар хязгаарлаж, мөн зургаан жилийн хугацаатайгаар томилохоор заасан юм. Ингэхдээ нэг удаа дахин улираан сонгож болохоор заажээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Цэцийн гишүүдийн бүрэн эрхийг нь дуусгах хэрэгтэй. Үүн дээр ойлголцох хэрэгтэй. Ингэхгүй бол төрийг бужигнуулсан юм болно. Цэцийн гишүүний насыг Хөдөлмөрийн хуультай холбож байгаа нь буруу. Цэц өөр субьект.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Үндсэн хуулийн Цэцийн есөн гишүүнийг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас санал болгодог. Хууль санаачлахдаа насны асуудлаар эдгээр субьектуудаас санал авсан уу. Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар 66 настай хүнийг томилсон. Төрийн албаны хууль зөрчөөд томилсон. Цэцийн гишүүн яагаад 66-тай байж болдоггүй юм бэ. Насны хязгаарыг төрийн жинхэнэ албан хаагчтай жиших ёстой юм бол Ардчилсан нам яагаад хууль зөрчсөн томилгоо хийгээд байгаа юм бэ. Үүнд хариулт өгөөч?

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат: Засгийн газартай холбоотой томилгоонд Ерөнхий сайд хариулах ёстой.

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Засгийн газар, Үндсэн хуулийн Цэц гээд газруудаас санал авсан. Анх гаргасан саналгүйгээр нь Цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах асуудлыг УИХ хэлэлцэх боломжгүй. Тэгэхээр Үндсэн хуулийн Цэцийн гишүүний асуудлыг анх гаргасан газар нь УИХ-д оруулж ирэхгүй л бол чөлөөлөх, огцруулах боломжгүй гэсэн үг гэлээ.

Насны тухайд Улсын Дээд Шүүхийн шүүгчийн тэтгэвэрт гардаг нас 60-аар хязгаарласан байсан. Харин төрийн алба хаах насны дээд хязгаар 65 байгаа. Үүнийг жишиг болгон 65-аар хязгаарлая гэсэн саналыг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар гаргасан. Үүгээр санал хураалгана.

Дээрх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн О.Баасанхүү байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, бүлэг, эвсэл бүрээс төлөөлөл оруулж ажиллах ёстой гэж горимын санал гаргасан ч олонхийн дэмжлэг хүлээсэнгүй. Харин Ц.Нямдорж нарын гаргасан Цэцийн гишүүнээр томилогдох насны дээд хязгаарыг Төрийн албаны тухай хуульд заасан заалтаар жишиг болгоё гэсэн санал олонхийн дэмжлэг хүлээв. Ингэснээр Үндсэн хуулийн цэцийн гишүүний насны дээд хязгаарыг 65 болгож өөрчиллөө. Мөн төсөлд Цэцийн гишүүнийг нэг удаа улираан сонгохоор заасан учраас дээд тал нь 12 жилийн хугацаатай ажиллах болж буй юм.
Санал хэлэх шатанд УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Тэтгэвэртээ гарсан улстөрчид Цэцэд очиж суудаг. Улс төрийн захиалгаар шийдвэр гаргадаг. Үүнийг УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг хэд, хэдэн дүгнэлтээр тогтоосон. Хуулиа боловсронгуй болгоод урагшлах нь зөв. Үндсэн хуулийн Цэц нь нэг талаас харахад шүүхийн, нөгөө талаас харахад зөвлөлийн шинжтэй. Цаашдаа шүүх тал руу нь оруулах ёстой. Төслийг дэмжиж байгаа гэсэн юм.

Одоо Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Арбитрын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Байнгын хорооны хуралдааныг Д.Ганбат гишүүн удирдаж, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл, УИХ-ын дарга З.Энхболд, Н.Номтойбаяр, Ц.Нямдорж, О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нар оролцож байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна