Саудын Араб, Ираны хямрал нефтийн үнийг өсгөхгүй

2016 оны 1 сарын 5

Саудын Араб Иранаас дипломат харилцаагаа тасалсан тухай мэдээ газрын тосны нийлүүлэлтэд муу үр дагавар авчирч болзошгүй гэдэг мессеж тарааж байна.

Харин хөрөнгө оруулагчид үүнийг тоогоогүй дүр эсгэх гэж хичээж байгаа аж. Даваа гаригт АНУ-ын бенчмарк газрын тосны үнэ Нью Йоркийн түүхий эдийн бирж дээр нэг баррель нь 1.35 ам.доллараар нэмэгдсэнээсээ хойш орой нь 28 центээр буурч, 36.76 ам.долларын ханштай хаагдсан бол газрын тосны дэлхийн үнийг тодорхойлж байдаг брент маркийн газрын тос Лондоны түүхий эдийн бирж дээр нэг баррель нь зургаан центээр буурч, 37.22 ам.доллараар худалдаалагджээ.

Газрын тосны зах зээл ийнхүү өсөлт бууралттай байгаа үед хөрөнгийн зах зээл хумигдаж эхэлжээ. Учир нь, дэлхийн эдийн засгийн өсөлт ирэх 2016 онд энэ оныхоос ч тааруу байх нь илэрхий болоод байгаа юм. Доу-Жонсын үйлдвэрлэлийн индекс буюу корпорацуудын үнэт цаасны ханш 276 нэгжээр буюу 1.6 хувь буураад байна. Үйлдвэрлэлийн үнэт цаасны ханш цаашид ч унахыг үнэт цаасны арилжааны мэдээнүүд харуулж байгаа бөгөөд АНУ-д үйлдвэрлэлийн идэвхитэй ажиллагаа өнгөрсөн арваннэг, арванхоёрдугаар сард дараалан буурсан бол Хятадад сүүлийн арван сар тасралтгүй буурсан үзүүлэлт гарчээ.

Өсөлт ийнхүү удааширсан нь газрын тосны нийлүүлэлтийн илүүдэл цаашид удаан үргэлжлэхийг зөгнөж байж болох. АНУ-д газрын тосны нийлүүлэлтийн илүүдэл өнгөрсөн арванхоёрдугаар сарын 25-ны байдлаар 2.6 сая баррелиар нэмэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.9 сая баррелиар илүү байгаа юм. Газрын тосны олборлолт зогсох, эсвэл дэлхийн эдийн засаг хуучин хэвэндээ орж, эрэлт нэмэгдэх хүртэл газрын тосны үнэ өсөхгүй гэж шинжээчид таамаглаж байна.

Шийт номлогчийг цаазалсан хэргээс болж Саудын Араб, Ираны харилцаа муудсан нь хөрөнгө оруулагчдын хувьд сайнаар ч эргэж магадгүй. Шинжээчдийн үзэж буйгаар газрын тосны хоёр том нийлүүлэгчийн зөрчил нь газрын тосны үнэд нөлөөлж болзошгүй геополитикийн эрсдэлийг бууруулж байгаа ажээ.

Саудын баян арабууд газрын тосны нийлүүлтийн илүүдлийг арилгаж, үнийг өсгөхийн тулд олборлолтыг түр ч атугай зогсоох бодолгүй байгаа юм. Харин Иран цөмийн хөтөлбөрөө зогсоох нөхцөлтэйгээр эдийн засгийн хоригоо цуцлуулж, газрын тосны экспортын зах зээлд алдсан байр сууриа эргүүлэн олж авахыг зорьж байна.

Саудын Араб газрын тосны олборлолтоо бууруулж, Ираны экспортыг нэмэгдүүлэх боломж олгохгүй гэдэг нь гарцаагүй болж байна. Үүний үр дүнд газрын тосны зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл бүр нэмэгдэх болно. Харин эрэлт яах бол гэдэг асуулт үлдэж байна. Эдийн засгийн доройтлоос болж үйлдвэрүүд хаалгаа барьж, Шанхайн үнэт цаасны индекс буурч буй нь дэлхийн хоёр дахь том эдийн засаг гэгддэг Хятадад эрчим хүчний шинэ хямралыг зөгнөж байна.

АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн газраас бенчмарк түүхий нефтийн дундаж үнэ өнгөрсөн оныхоос дөрвөн хувиар нэмэгдэнэ гэж таамаглаж байна. Хэрэв энэ таамаг үнэн бол АНУ-ын автомашин хэрэглэгчид шатахууны зарцуулалтаа хэмнэнэ гэсэн үг. Даваа гаригт АНУ-д нэг галлон шатахууны үнэ дунджаар 1.99 ам.доллар байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 22 центээр хямд байгаа юм.

Тус улсын Эрчим хүчний мэдээллийн газрын тооцоолсноор энэ онд дундаж өрх 2014 оныхтой харьцуулахад 660 ам.доллараар хямд шатахуун хэрэглэх болж байгаа юм.

Н.ЭНХ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна