“Бурхан амьд, харин Ницще үхчихсэн”

2016 оны 1 сарын 6

NEWS агентлаг салбар салбарын мэргэжилтэн, шинжээчидтэй хамтран ажиллаж, тэдний дуу хоолойг хүргэдэг. Эдний нэг нь философийн ухааны доктор Б.Батчулуун юм. Бид энэ намар түүнтэй хамтран “Либертари булан” нээж нийт арав гаруй цувралыг хүргэсэн. Энэ удаа философийн ухааны доктор Б.Батчулуунтай хамтран дараагийн булан болох “Философийн булан”-г нээж байна. Энэ буланд философи гэж юу вэ, үүнийг хүмүүс хэрхэн ойлгодог вэ зэрэг сэдвийг хөндөнө. Долоо хоногийн Лхагва гариг бүр хүрэх “Философийн булан”-г та сонирхон уншаарай.


Өмнөх нийтлэлд бид бурхныг үгүйсгэгч зарим атеист философичдын дэвшүүлдэг үндэслэлийг авч үзсэн бол энэ удаа “Бурхан байдаг” хэмээн нотолдог сэтгэгчдийн үндэслэлээс авч үзье. Католикууд бурхныг хамгаалагч ийм философичдыг “сүм хийдийн үзэг барьсан рыцариуд” хэмээн өргөмжилдөг. 

“Бурхныг үхчихсэн гээд байсан Ницще өөрөө үхээд өгсөн, гэтэл Бурхан амьд байсаар байна” хэмээн Английн ширээт лам Ф.К.Коплестон хилэнтэйгээр мэдэгдсэн. Энэ тухай өмнөх нийтлэлд нэгэнтээ өгүүлсэн тул одоо Бурхны оршихуйг баталсан өөр сэтгэгчдийн үгийг сонсоцгооё.

Ф.Достоевский: Бурхан гэж зүйл байгаасай гэсэн хүслийг тэрээр маш тод илэрхийлсэн байдаг. Түүнийхээр “Бурхан байхгүй гэвэл хүмүүсийг юу ч хийхийг зөвшөөрсөнтэй адил”.

* * *

Оросын их зохиолч Фёдор Достоевский. (1821-1881 он). Гэм, зэм; Ах дүү Карамзовчууд бүтээлүүд нь дэлхийн сонгодог болсон. Эдгээр бүтээл нь экзистенциалист философийн нэг уг сурвалж болдог. Тэрээр христийн гүн шүтлэгтэй нэгэн байжээ.

* * *

Деизм: 17-р зууны үед Англид үүссэн энэ үзлээр бол (1583-1648 онд амьдарч байсан философич Эдуард Хэрбэртийн 1624 онд бичсэн Үнэний тухай номонд  энэ үзэл голчлон гарчээ) Бурхан ертөнцийг бүтээгээд орхичихсон бөгөөд түүний дотоод үйл явцад эс оролцдог.

Паскалийн дэнчин

Паскалийг мөрийтэй тоглоомонд хорхойтой нэгэн байсан гэдэг бөгөөд тэр мөрийнд хожих магадлал хэр байдгийг тооцоолохын тулд магадлалын онолоор оролдож байжээ. Тэрээр мөн Бурхны оршихуйн талаар бооцоо тавьсан хүмүүсийн алдаа оноог дэнсэлжээ. 


Паскалийн зургийг товч тайлбар-намтартай нь. Pascal, Blaise гэж орно: Францын шашны философич, математикч, физикч Блайз Паскаль (1623-1662 он). Засгийн газарт ажилладаг эцэг нь математик их сонирхдог хүн байсан бөгөөд хоёр эгч болон Паскальд өөрөө боловсрол олгожээ. Паскаль 16-тайдаа математикийн судалгааны ажлаа эхлүүлж, 18-тайдаа анхны дижитал тооцоолох машин зохион бүтээсэн. Паскаль магадлалын онолоор оролдож, (түүнийг алдарт Фермагийн теоремийг үндэслэгч Пьер Ферматай хамт магадлалын онолыг үндэслэсэн гэж үздэг) улмаар философич болжээ. Мөрийтэй тоглоомд дуртай нэгэн байв. Энэ нь магадлалын онолоор оролдоход нөлөөлсөн байж болох талтай. Дэлхий дээр анх нийтийн тээврийн хэрэгслийн тогтолцоог бий болгосон, олсон бүр орлогоо ядууст өгч байсан өгөөмөр сэтгэлтэй нэгэн байв.

Паскалийн бүтээсэн тооцоолох машины эд анги


Тэгэхээр Бурхны оршихуйн талаар мөрийцсөн хоёр хүний хэн нь хожиж, хэн нь алддагыг авч үзье. Бат, Чулуун гэдэг хоёр хүн бооцоо тавив.

Бат болохоор “Бурхан байдаг”, Чулуун болохоор “Бурхан гэж байдаггүй” хэмээн бооцоо тавьцгааж. Тэгвэл Бурхан үнэхээр байдаг гэж саная. Энэ тохиолдолд “Батад алдах юм байхгүй, харин хожихдоо Бурхны ивээлийг хожно.” Тэгвэл “Чулуунд хожих юм байхгүй, харин алдахдаа Бурхны ивээлийг алдаж байна”.

Эсрэг тохиолдолд, Бурхан байхгүй бол хэн юу хожиж, хэн юу алдах вэ? Энэ тохиолдолд Бат, Чулуун хоёрын хувьд “алдах ч юм алга, хожих ч юм алга”. Эндээс харахад, Чулууны бооцоо алдвал маш том зүйлийг (Бурхны ивээлийг) алдаад ямар ч зүйлийг хожихгүй, харин Батын бооцоонд алдах зүйл огт байхгүй хожих юм бол асар том зүйлийг хожиж байна. Тэгэхээр Бурханд итгэх нь илүү рациональ (ухаалаг, логиктой) гэсэн гаргалгаанд хүргэдэг.

 


“Зүрх сэтгэлийн логик оюун ухааны логикоос өөр.”  Блайз Паскаль


 

БУРХНЫ ОРШИХУЙН ҮНДЭСЛЭЛҮҮД

Философийн түүхэнд бурхан байдгийг батлах гэж оролдсон оролдлогуудаас хамгийн ихээр алдаршсан 4 үндэслэл бий:

1/ Онтологи үндэслэл. Энэ бол Ансэльмийн гаргасан үндэслэл. “Бурхан гэж юу болохыг ойлгож байна гэдэг түүний оршихуйг ойлгож байна гэсэн үг” гэсэн тодорхойлолт энэ үндэслэлийн гол санаа.

 


Гэгээн Ансэльм. (1033/34-1109 он). Италийн Аостад төрсөн. Англид ширээт ламын албан тушаалд насыг элээжээ. Схоластик философийг үндэслэгч гэгддэг. (Схоластик гэдэг нь анги-танхимд заадаг гэсэн утгаар нь school гэсэн үгтэй холбоотой scholastic гэсэн үг. Зарим философичдоос энэ урсгалыг амьдралаас тасархай зөвхөн анги-танхмын хэмжээнд гэж шүүмжилдэг.) Ансэльм төрийн эсрэг сүм-хийдийн хүчийг үзүүлж Английн хаадуудтай II Уилъям, I Хэнри нартай үзэлцдэг байж. Үүний улмаас хоёр ч удаа Англиас дүрвэсэн боловч эцэстээ Хэнритэй найрамдлын гэрээ байгуулсан.

 


 

2/ Космологи үндэслэл. Аквинийн Фома энэ үндэслэлийг Аристотелийн философиос гаргаж иржээ. Үүнийг “анхдагч шалтгаан, анхдагч хөдөлгөгчийн үндэслэл” ч гэж нэрлэх нь бий. Хэрэв савааг гар хөдөлгөхгүй бол тэр саваа өөрөө хөдөлнө гэж үгүй. Тэгвэл ертөнцийг Бурхан хөдөлгөхгүй бол ертөнц өөрөө хөдөлнө гэж үгүй гэнэ.

 


Италийн философич, шашны зүтгэлтэн, томист философийг үндэслэгч Фома Аквинский (1225-1274 он). Католик сүм хийдийнхний шүтээн болсон философич-лам. Гол гавъяа нь Аристотелийн философийг христэч сургаалтай нэгтгэж нэгэн системт онол болгосон. Аристотель: Ертөнц мөнх. Ө.х. ертөнцөд эхлэл ба төгсгөл үгүй. Аквинский: Ертөнц эхлэлтэй харин төгсгөлгүй.

 

 

 

Ертөнц эхлэлтэй, харин төгсгөлгүй. Фома Аквинский


 

3/ Бүтээгчийн үндэслэл. Уилъям Пэйли гаргасан. Хэн нэг хүн газраас цаг олоод задлаад үзтэл нэлээн нарийн бүтэцтэй зүйл байх аж. Ийм нарийн бүтэцтэй зүйлийг хэн нэг хүн зохиож бүтээсэн байж таарна. Тэгвэл цагнаас хамаагүй нарийн бүтэц, зохион байгуулалт, зохицолгоотой зүйлийг (Ертөнцийг) хэн нэгэн бүтээсэн байж таарна. Бурхан нь л ийм зүйлийг бүтээж чадна.

* * *

Уиллъям Пэйли (1743-1805 он). Английн шашны зүтгэлтэн, философич, ютилитари үзэлтэн.

* * *

4/ Ёс зүйн үндэслэл. Энэ үндэслэгээг И.Кантыг гаргасан гэж үзэж болно. Учир нь тэрээр Бурхны оршихуйг онтологи болон космологийн үүднээс батлах аргагүй, баталсан ч уг баталгаа нь учир дутагдалтай байх болно гэж үзээд бидний ёс суртахуунлаг үйлдлийн эцсийн шалтаан бол Бурхан гэж үзсэн. Хэрэв ийм ёс суртахуун байгаагүй бол хүмүүс гэж бүгд араатан шиг байх байсан.

 


Иммануиль Кант. (1724-1804 он. Соён гэгээрлийн хөдөлгөөний тэргүүлэх сэтгэгч, Германын философич.) Зарим судлаачид түүнийг дэлхий дээрх Аристотелиос хойш төрсөн хамгийн аугаа философич хэмээдэг. 80 насатлаа төрсөн хот Кенигсбэргээс нэг ч гарч үзээгүй. Тун эвлэг, найрсаг зантай боловч насаараа гоонь явсан энэ эр цаг яс баримталдаг байж. Кантыг өглөө бүр цонхныхоо дэргэдүүр явах үед хүмүүс цагаа тааруулдаг байсан гэлцдэг. 27 жил Кенигсбэргийн Их сургуульд багшилсан. Хуучныг эсэргүүцэгч үзэл санаанаас нь болж 1792 онд II Вильгельм хаан багшлах эрхийг нь хассан боловч уг хааныг нас барсаны дараа багшлах ажилдаа эргэж орсон. Амьд ахуйдаа алдрын оргилд хүрсэн авч маш эгэл даруу амьдарч байсан гэдэг. Бараг аскетист (даяанч, хатамжлах) гэмээр амьдрал.


 

Тэгэхээр таны хувьд “Бурхан байдаг”, “Бурхан байдаггүй” гэсэн хоёр сэтгэгдлийн аль нь давамгайлж үлдэв? Энэ өгүүллээс гадна 2015.XII.30-ны өмнөх өгүүлэлд гарсан санаанууд дээр өөрийн сэтгэмжээ нэмж байгаад дүгнэлт хийхээс өөр аргагүй (гэхдээ та Бурхны оршихуйн талаарх сайн ном зохиолуудыг нухацтай уншиж, эргэцүүлэн бодож байсан бол шүү дээ). Та Бурхны оршихуйн баталгаа болон атеист үндэслэлүүдийн талаар сайн ном уншаагүй, амьдралын эрхээр хааяа ч гэсэн Бурхны талаар нухацтай эргэцүүлдэггүй байж Бурхныг үгүйсгэвэл “муйхар хар үгүйсгэгч” (nihilist), мөн иймэрхүү байдлаар Бурханд итгэвэл “мухар хар сүсэгтэн” гэгч нь болно.

 

 


ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛҮҮД:

1. “Гахайнд л философи хэрэггүй” гэдэг сэн

2. Бурхан гэж байдаггүй

3. “Бурхан амьд, харин Ницще үхчихсэн”

4. Хүн хариултаараа биш асуултаараа танигддаг

5. Болхидуу сэтгэлгээг л үгээр илэрхийлж болдог

6. “Галзуурчихсан Сократ”

7. Философийн тухай философидолт

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна