Сайн дураараа ядуурах хүслэн

2016 оны 1 сарын 6

-Хүүхдийн мөнгө авахын төлөө амьжиргаагаа доогуур тогтоолгож, нэг үгээр сайн дураараа ядуурах хүсэлд автаад байгаа зөв шийдэл мөн үү. Тэрхүү бага төвшний судалгаа эргээд иргэдэд саараар нөлөөлөх магадлал бий юү-

Хүүхэд болгонд хаяглан Хүний хөгжлийн сангаас сар бүр олгодог 20 мянган төгрөг өнгөрсөн оны сүүлч үеэс олны анхаарлыг татаж эхэлсэн. 2015 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт бус өрхийн амьжиргааны судалгааны 1-17 дугаар төвшинд бүртгэгдсэн айл өрхийн хүүхдэд л олгохоор шийдвэрлэсэн юм. Үүнээс үүдэн  иргэд болоод хорооны халамжийн ажилтнуудад чирэгдэл учирч, олон хүний ажлын цагийг хумсалсан хэрэг улс даяар өрнөөд байна.

Хүүхдүүдийн тал хувь нь чинээлэг өрхөд амьдардаг уу?

Ялангуяа нийслэл хотод аж төрж буй өрхүүдийн багагүй хувь нь 18-20 дугаар төвшин буюу амьжиргааны өндөр төвшинд бүртгэгдчихээд байгаа юм. Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан ч үүнийг үгүйсгэсэнгүй. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2015 оны арванхоёрдугаар сарын байдлаар хүүхдийн мөнгийг улсын хэмжээнд нэг сая 30 мянган хүүхэд авч байсан. Өнөөдрийн байдлаар өрхийн мэдээллийн нэгдсэн санд байгаа мэдээллийн дагуу 1-17 дугаар бүлэгт багтсан айл өрхүүдийн 630 мянган хүүхэд эл мөнгийг үргэлжлүүлэн авахаар болж байгаа” гэж хариулжээ.  Хүүхдүүдийн бараг тал хувь нь хүүхдийн мөнгөнөөс хасагдсан гэсэн үг.  Гэхдээ 630 мянган хүүхэд бол 2013 оноос өмнө төрсөн хүүхдүүд бөгөөд шинээр төрсөн хүүхдүүдийг нэмэхийн дээр судалгаанд огт хамрагдаагүй айл өрхийн хүүхдүүдийг нэмбэл 880-890 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө очно гэж тэрбээр тодотгожээ.

Хүмүүс судалгааны дүнд сэтгэл дундуур байна. “Яаж ч бодсон манайх чинээлэг айл биш. Тиймээс хүүхдийн мөнгөө авч, өдөр тутмын амьжиргаандаа нэмэрлэе. Банкны зээлээр орон сууц, хашаа байшин, машин унаа, шарах шүүгээ авсан маань буруу хэрэг гэж үү. Ядахдаа хүүхдийнхээ хадгаламжид нэмэрлэе” хэмээн бухимдацгааж байна.  Харин судалгаа явуулсан хүмүүс болохоор “Мэргэжлийн хүмүүс айл өрх бүрээр орж хийсэн судалгаа болохоор алдаатай байх учиргүй” гэж тайлбарлах. Энэ хоёр талт тайлбарын чухам аль нь үнэн бэ. Тэрхүү өрхийн амьжиргааны судалгааг хэн, хэзээ, хэрхэн боловсруулсан бэ, тэр нь монголчуудын амьжиргааг үнэн зөв тодорхойлж чадаж байна уу гэсэн асуулт эрхгүй гарч байгаа юм. Монгол Улсын хойч ирээдүй болсон хүүхэд багачуудын  50 хувь нь амьжиргааны өндөр төвшин буюу 18-20 дугаар бүлгийн айл өрхүүдэд аж төрдөг нь үнэн үү. 

Давтан судалгаа нэгдүгээр сарын 10-наас эхэлнэ

Чинээлэгт тооцогдсон айл өрхийн цөөнгүй хувь нь судалгаанд дахин хамрагдах хүсэлтээ илэрхийлжээ. Баянзүрх дүүргийн тавдугаар хороо л гэхэд 4500 өрхтэйгээс 500 гаруй өрх судалгаанд дахин хамрагдах хүсэлт гаргажээ. Тус дүүргийн долдугаар хорооны 1700 өрхийн 300 орчим нь амьжиргааны төвшиндөө итгэлгүй байх жишээтэй. Тиймээс иргэд хорооны халамжийн ажилтнуудаар дамжуулан өрхийн амьжиргааны судалгаанд дахин хамрагдах хүсэлтээ илэрхийлсээр байна. Давтан судалгааг нэгдүгээр сарын 10-20-ны өдрүүдэд явуулахаар шийдвэрлэжээ. Дээрх өдрүүдэд айл өрхүүд гэртээ судалгаанд хариулт өгч чадахуйц насанд хүрсэн хүнтэй байлгахын дээр өрхийн нийт гишүүдийнхээ бичиг баримтыг бэлдэж байхыг хороодын халамжийн ажилтнууд сануулж байгаа юм. Эс тэгвээс дахиад л чирэгдэл үүсэх магадлалтайг мөн хэлж байлаа.

Харин давтан судалгаа амьжиргааг үнэн зөвөөр тодорхойлох боломжтой юу гэсэн асуулт дахиад л ээрч эхэлнэ. Хүмүүс 1-17 дугаар бүлэгт багтан үлдэж хүүхдийн мөнгөө үргэлжүүлэн авахын тулд судалгааг хэрхэн бөглөх вэ гэсэн тааварт автжээ. Байр, машинаа нууж дарах уу, авдаг цалингаа багасгаж хэлэх үү, цахилгаан зуух, угаалгын машинаа хэрхэх вэ гэхчилэн түмэн шидийг эргэцүүлж эхэлжээ. Гэвч хүүхдийн мөнгө авахын төлөө амьжиргаагаа багаар тогтоолгож, нэг үгээр сайн дураараа ядуурах хүсэлд автаад байгаа зөв шийдэл мөн үү. Тэрхүү бага төвшний судалгаа эргээд иргэдэд саараар нөлөөлөх магадлал бий юү. Байхыг үгүйсгэхгүй. Ахуй амьдралаа өөд татахын тулд төрөл бүрийн зээлд хамрагдах, бусад төрлийн төсөл хөтөлбөрт оролцоход дахиад л өрхийн амьжиргааны судалгааг үндэслэхийг үгүйсгэхгүй. Тиймээс нийтээрээ ядуурах хүсэлд автахын хэрэг байна уу.

Д.ЦЭЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна