Баяртай “Уба”

2016 оны 1 сарын 6

Өөрсдийн хойч ирээдүйн омогшил, бахархлыг төрүүлэх үүднээс аливаа улс үндэстэн бодлогоор түүхэн сэдэвт уран бүтээлд түлхүү анхаарч, түүнд мөнгө хаях нь бий.

Харин өнөөгийн бидний ирээдүй болсон өсвөр насныхан энэ бодлогын золиос болж байгаа тухай бид бишгүй халагладаг. Одоо гэлтгүй өнгөрсөн 70 жилд ч бид ЗХУ-ын нөлөөгөөр эх орончдоо нулимж, эсэргүй, урвагчдыг дахин шүтэж ирсэн нь ч үүнтэй холбоотой. Аливаа кино, жүжигт монголчуудын бахархал болсон түүх гуйван, няцаагдаж, худал хуурмаг явдал үнэний байранд тухалж байсныг бодит жишээ өнөөдрөөс ч олж харж болно.

Телевиз интернэтэд бага багаар байр сууриа алдаж байгаа ч дэлхийд ч, Монголд ч мэдээлэл авах гол хэрэгсэл хэвээрээ байна. Хэвлэлийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар 2014 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 138 телевиз үйл ажиллагаа явуулж байжээ. Үүний 16 нь үндэсний хэмжээнд, 54 нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бол үлдсэн 68 нь орон нутгийн шинжтэй.

Үндэсний хэмжээнд болон нийслэлд эфирээ цацдаг телевизүүд өдөрт дунджаар 16 цагийн хөтөлбөртэй бол орон нутагт 13 орчим цагийн хөтөлбөртэй. Хэвлэл мэдээллийн салбарт гадны хөрөнгө оруулалтыг хориглосон хууль Монголд үйлчилж буй. Ийм байтал юун гадны соёлын довтолгоо яриад байна гэж үү?!

Асуудлын гол нь телевизүүдийн хөтөлбөрт дотоод болоод гадаад контент/мэдээллийн хөтөлбөр, кино, хүүхэлдэйн кино, нэвтрүүлэг гэх/-ийн эзлэх хэмжээний хувьд гадаад нь зонхилдогт байна. Солонгос болон Оросын олон ангит кино нийт телевизүүдийн /зарим мэдээллийн чиглэлээр дагнасан телевизийг эс тооцвол/ нийт контентийн 20-30 хувийг дангаараа эзэлдэг аж. Гэхдээ энэ нь нарийн яг, таг тоо биш бөгөөд үүнийг бичигч бээр телевизүүдийн хөтөлбөрт түшиглэн гаргасан албан бус тоо гэдгийг тооцно уу.

Дээр нь орчуулгын нэвтрүүлэг, хүүхэлдэйн болон уран сайхны киног тооцвол нийт контентын 60-70 хувь нь гадных болж өөрчлөгдөнө.

Харин дотоод контентийг ярилцлага, мэдээллийн хөтөлбөр, 1990 оноос өмнөх үеийн кино, хошин шог сэлт бүрдүүлнэ.

Тэгвэл энэ байдалд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс цэг тавих нь. Яаж?!

“Соёлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлж буй уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлгийн 70 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна” гэсэн дээр дурдсан өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн гэсэн үг.

Тэгвэл “үндэсний нэвтрүүлэг” гэдэгт юуг тооцох вэ гэвэл телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулж буй тухайн нэвтрүүлгийн зохиолч, ерөнхий найруулагч, продюсерийн аль нэг нь Монгол Улсын иргэн байх, эсхүл зураг авалт, дуу бичлэг, сурвалжлах багийн бүрэлдэхүүний гуравны нэгээс доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байх бүх төрлийн бүтээлийг гэж хуульд тайлбарлажээ. Энэ шалгуурт нийцүүлж телевизүүд өөрсдийн хөтөлбөртөө өөрчлөлт оруулахаас өөр аргагүй болж байна.

Хэрэвзээ үүнийг даган мөрдөхгүй бол нэгээс арван сая төгрөгөөр торгоно. Ингээд торгуулаад байх мөнгө өнөөгийн аль ч телевиз, радиод байхгүй бөгөөд хойд хормойгоороо урдахаа нөхөж амь зогоож буй өнөөгийн нөхцөлд хэдэн удаагийн торгуулиар л дампуурлаа зарлах хэмжээнд очно.

Баримтат болон уран сайхны, хүүхэлдэйн кино, гадны шоуг орчуулах төдийхнөөр л оролцдог болохоор хүсэвч, эс хүсэвч татгалзахад хүрнэ гэсэн үг.

Харин “уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлэг” гэж уран сайхны кино, теле жүжиг, телевизийн олон ангит кино, хөгжөөнт хөтөлбөр, тоглолт, баримтат болон хүүхэлдэйн кино, газар зүй, түүх, соёл, зан заншил, хэл зохиол, зан үйл, соёлын өвийг тайлбарлан таниулсан аливаа бүтээлийг хэлэх нь.  

Тэгвэл дээрх хуульд “үндэсний кино” гэж зохиолч, ерөнхий найруулагч, продюсерийн аль нэг нь Монгол Улсын иргэн байх, эсхүл зураг авалт, дуу бичлэг, эвлүүлгийн багийн бүрэлдэхүүний гуравны нэгээс доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байх бүх төрлийн киног хэлэхээр болжээ. Өмнө нь дэлхий дахинд нээлтээ хийхдээ нь зэрэгцээд Монголын аль нэг телевизээр үзчихдэг байсан албан ёсны эрх шаарддаг болсноор явдал ул болж, тэрхүү хоосорсон орон зайг Солонгосын олон ангит кино нөхсөн бол одоо бас л байраа тавьж өгч байна. 

Цаашид олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлж буй уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлгийн 70 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна гэх шалгуурыг тавих нь.  

Дээр нь “Олон нийтийн телевизээс бусад Монгол Улсад бүртгэлтэй эфирийн телевиз, радио,  кабелийн сувгаар дамжуулж буй уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлгийн нийт агуулгын 50 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг, уран сайхны болон олон ангит киноны 50 хувиас доошгүй нь үндэсний кино байна” гээд заачихсан.  

Энэ мэт шалгуур өнөөгийн цөөхөн бүрэлдэхүүнээр гадны баримтат, уран сайхны, олон ангит кино, шоу нэвтрүүлэг, клип зэргээр аргацаадаг телевизүүдийг үүд хаалгаа барих эсвэл нэгдэн нийлж, илүү өргөн бүрэлдэхүүнээр Монгол контент хийх гэсэн хоёр сонголтыг тулгах нь. Улстөрчдийн бага зардлаар өөрсдийгөө хамгаалах бамбай болоод байсан хэвлэл мэдээллийн салбарт ийнхүү өөрчлөлт орж байна. Тэд цаашид бамбайтайгаа явъя гэвэл илүү хөрөнгө оруулалт хийх эсвэл өөр нэгэнтэй хамтрах гэсэн сонголт бий.

Бас нэгэн айхтар заалт бол “Кино театр, үзвэрийн цэгүүдээр сар тутамд түгээх кинонд үндэсний киноны эзлэх хувь 40-өөс доошгүй байна”. Монгол гэхээсээ илүүтэй гадны киног гаргаж, үндэснийхээ бүтээлийг шоовдорлох маягтайн дээр орлогынх нь 50-60 орчим хувийг авдаг гэж гомдоллодог уран бүтээлчид харин энэхүү заалтад тааламжтай байгаагаа илэрхийлэхийг сонсов. Мөнгөө төлсөн нь дуугаа захиалдаг ардчиллын зарчмаар бол энэ нь шударга бус хязгаарлалт байх ч мэдэх юм. Учир нь Монголын кино тааруухан буй энэ цагт дэлхийн шилдэг уран бүтээлийг үзэх сонирхол ялангуяа залууст бий. Гэхдээ энэ заалт Монголын кино хөгжлийг түргэсгэх нэг хөшүүргэ болно гэх хүмүүс ч байна.

Харин телевизүүдэд энэ хууль хэрэгжиж эхэлснээс ямар өөрчлөлт гарч байгаа талаар сонирхвол одоохондоо хуучнаараа яваа бололтой юм.

“Ийгл ньюс” телевизийн гүйцэтгэх захирал Д.Бадамдашийн хэлснээр, тухайн телевизийн хувьд мэдээллээр дагнадаг учраас энэ хуулийн өөрчлөлт нэг их нөлөөлөхгүй байгаа аж.

Мэдээллийн хөтөлбөрт нь гадаад мэдээний эзлэх хувь багын дээр өөрсдөө бэлтгэн хүргэдэг учраас заасан хувь хэмжээнд хангалттай нийцэж буйг тэрээр дурдлаа.

Харин энэ хууль “Bloomberg” телевизэд ихээхэн хүндээр тусч магадгүй аж. Учир нь тус телевизийн ихэнх нэвтрүүлгүүд гадных. Тиймээс цаашид асуудал хэрхэн эргэх вэ гэсэн асуулт гарч ирж байна.

Хэрэгжиж эхлээд зургаа хоногийн нүүрийг үзэж буй энэхүү хуулийн шинэ заалтуудыг одоохондоо телевизүүд дагаж мөрдсөн юм алга.

Гэхдээ хуулиа дагах нь дамжиггүй. Харин дагаж эхэлснээр мэргэжлийн уран бүтээлчдийн бүтээлийг бодитоор үнэлэх, гадны соёлын довтолгоонд өртөхгүй байх, хамгийн гол нь телевизүүдийн хөтөлбөр, агуулгад ахиц гарч үзэгчдэд таатайгаар нөлөөлөх нь. Мэдээж хэрэг хүссэн үедээ гадны аль ч сувгийг үзэх боломжтой болсон энэ үед энэхүү хууль хэрэгжиж чадвал бидэнд эерэг өөрчлөлтийг авчирна уу гэхээс ухруулахгүй.

Мэдээж энэ хууль хөрөнгө оруулагчдад таагүй байгаа нь хэнд ч ойлгомжтой.

Тиймээс “Зөн билгийн тулаан”-аас эхлээд Солонгос сериал,“Уба баяртай” гэж хэлэх үлдэж байна. Шууд бүх зүйл цэгцрэхгүй болохоор эхний ээлжинд хуучны Монгол кинонуудаа дахиад чээжилтэн гаргах болов уу. Харин зах зээлийнхээ жам ёсоор телевизүүд “Их хотын залуус” шиг өөрсдийн гэсэн өнгө, үнэр, үзэл санааг шингээсэн уран бүтээлүүдийг туурвиж эхлэх нь гарцаагүй бөлгөө.

Л.НАРАНТӨГС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна