“Харвони” эмийг тарааж байна

2016 оны 1 сарын 6

Иргэдийн дунд багагүй хүлээлт үүсгээд байсан элэгний С вирусийн эсрэг “Харвони” эм Монголд өнгөрсөн долоо хоногоос худалдаалагдаж эхэллээ. Худалдаалагдаж гэж нэрлэж байгаа боловч үнэндээ шинжилгээнд хамрагдаж, эмчийн үзлэгт орсон, зайлшгүй авах шаардлагатай 1600 хүний нэрс аль хэдийн тодорсон юм. Өөрөөр хэлбэл “Харвони” эмийг хүссэн хүн бүр эмийн сангаас очоод шууд авах боломжгүй. 10 төрлийн шинжилгээ өгсөн, С вирус нь хүнд шатандаа орсон эхний ээлжийн 1600 хүн харьяа нэр бүхий эмийн сангаас авна.

Элэгний С вирусийг 99 хувь анагаах “Харвони” эмийг иргэдэд 1200 ам.доллар буюу хоёр сая гаруй төгрөгөөр худалдаалж байгаа. Эмийн нэг хайрцаг нь 400 ам.доллар, харин гурван хайрцаг нь нэг курс болно. Ингээд гурван хайрцаг бүхий нэг курс “Харвони” эмийг иргэд хоёр сая гаруй төгрөгөөр авч байгаа юм.

“Харвони” эмийг нийслэл болоод орон нутагт борлуулах 22 эмийн сангаар түгээж байна. Эмийн сангийн жагсаалтыг ЭНД-ээс харна уу. Энэ жагсаалтад багтсан “Маго Фарм”, “Өлзийдэн” хоёр эмийн сангаар орсон юм.

“ХОЁР ХОНОГИЙН ДАРАА ЭМИЙГ ОЛГОНО”

“Маго Фарм” эмийн санд 120 ширхэг “Харвони” эм олгожээ. Жор баригч Х.Батцэцэгийн хэлснээр эхний өдөр 39 эм түгээжээ. Харин хоёр дахь өдөр 31 хүнд эмийг олгосон байна. Энэ мэтчилэн эм авах иргэд олон байгаа гэв. Иргэд төлбөрийн баримт, иргэний үнэмлэхтэйгээ өөрийн биеэр харьяа эмийн сандаа очно. Ингээд хоёр хоногийн дараа иргэдийн гар дээр эмийг нь өгөх юм.

Мөн жагсаалтад багтсан Улсын төв эмнэлэгт байрлах “Өлзийдэн” эмийн санг зорив. “Харвони” эмийг худалдаалахын өмнө улсын хэмжээнд эмч нарыг сургалтад хамруулж, өвчтөнүүдийг хуваарилсан юм. Тэгвэл “Өлзийдэн” эмийн сангаар Улсын төв эмнэлэг, “Эрхэс” эмнэлгийн дөрвөн эмчийн 80 гаруй өвчтөнд “Харвони” эмийг түгээж байна. Эмзүйч Б.Буянчимэг “Мөнгөө төлсөн 26 хүн бий. Өнөөдрийн байдлаар 26 хүний 21 нь эмээ авсан” гэв.

“Харвони” эмийг хэрэглэх үед анхаарах хэд хэдэн зүйл бий.

  1. Өөр эмийг давхар хэрэглэж болохгүй. /Зайлшгүй давхар эм уух шаардлагатай бол эмчээсээ зөвлөгөө авах/

  2. Тогтмол нэг цагт уух

  3. Өөх тос ихтэй, шингэцийг удаашруулах хоол хүнснээс аль болох татгалзах

  4. Амьдралын зөв хэвшлийг мөрдөх /Хэт даарч хөрөхгүй байх гэх мэтчилэн/

“СӨРӨГ ШИНЖ ИЛЭРЧ БОЛЗОШГҮЙ”

“Харвони” эмийг уухад эхний үед дотор муухайрах, толгой эргэх шинж тэмдэг илэрнэ гэдгийг эмч сануулж байна. Зарим тохиолдолд сөрөг шинж илрэх магадлалтай байдаг аж. Тиймээс эм уусан өдрөөс эхлээд тэмдэглэл хийж, элдэв шинж илэрвэл эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй юм байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн амбулаторийн их эмч Д.Батдэлгэр “Эхний долоо хоногт эмээ уухдаа зовуурь байна уу, хэрхэн нөлөөлж байгааг тэмдэглэж дор бүр нь эмчдээ мэдэгдэх хэрэгтэй. Зарим тохиолдолд зовуурь илрэх магадлалтай. Миний нэр дээр 40 өвчтөн бичигдсэн. Эхнээсээ эмээ уугаад долоо хонож байна. Одоогоор элдэв сөрөг шинж илэрсэн зүйл байхгүй” гэв.  

Эмийг 14 хоног уусны дараа давтан шинжилгээ өгнө. Тухайлбал, цус, цусны бүлэгнэлийн, шээс, биохимийн  шинжилгээг харьяа дүүргийн эрүүл мэндийн төвд даатгалаараа үнэгүй хийлгэнэ.  Харин эмийг нэг сар уусны дараа вирусээ итгэмжлэгдсэн лабораторид дахин тоолуулах юм.

Эмийн сангуудын дэлгэрэнгүй жагсаалтыг Эрүүл мэнд, спортын яам, ХӨСҮТ, “Омбол” компанийн цахим хуудаснаас тус тус авч болно. Элэгний С вирүст халдварын эмчилгээ, оношилгооны талаар лавлаж тодруулах зүйлээ Эрүүл мэнд, спортын яамны www.mohs.mn Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 454921, 450443, 99008084, 99157794 дугаарын утсанд холбогдож асуух болон www.nccd.gov.mn вэб хаягт хандаарай.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна