Цүкизи загасны захын шинэ оны худалдаа

2016 оны 1 сарын 6

Цүкизи зах зээл нь  япон хоол гэж юу вэ, түүнд загас ба далайн бүтээгдэхүүн ямар байр эзэлдгийг харуулах үзүүлэн юм.

 

© REUTERS/ Toru Hanai

 

Энэ жилийн  худалдааны анхны өдөр, Токиогийн алдартай зах Цүкизийн хувьд шинэ жилийн худалдааны сүүлчийн өдөр дуудлага худалдаагаар 200 кг цэнхэр туна загас 14 сая иенаар (барагцаалбал 117 мянган доллар) зарагдлаа. Тэр нь өнгөрсөн оны хамгийн үнтэй наймаанаас гурав дахин илүү, 2013 онд цэнхэр туна 155 сая иенээр (1,3 сая доллар) зарагдсан дээд амжилтаас нь 10 дахин  бага байна.

 

Цүкизи – тэмдэг ба бэлгэдэл

 

Энэ нь Цүкизийн захын шинэ жилийн сүүлчийн худалдаа болов. Ирэх  арваннэгдүгээр сард  уг зах Токиогийн Тоёшүю  район дахь  шинэ байрандаа орон 80 гаруй жилийн түүхээ дуусгаж байна. Энэ зах нь 1923 оны газар хөдлөлтөөр Нихонбаши район дах загасны зах сүйрэн нурсны дараа гарч иржээ. Цүкүзи районд худалдааны түр талбайг загасны захад олгосон байна. Зах нь 1935 оноос одоо байрлаж байгаа газартаа үйл ажиллагаа явуулж, 23 га талбайг эзэмшиж байна.

 

REUTERS/ Toru Hanai

 

Цүкизи  нь худалдааны хэмжээгээрээ дэлхийн хамгийн том загасны зах бөгөөд Японы бөөний худалдааны хамгийн том төв юм. Уг захыг алдартай болгоход загасан бүтээгдэхүүн болон туна загасны махны дуудлага худалдаа нөлөөлжээ. Гэхдээ Цүкизи нь захаас  илүүтэй чухал.

 

Энэ захын шинэ оны эхний дуудлага худалдааны туна загасны үнэ нь  тус орны эдийн засгийн жилийн чиглэлийг тодорхойлдог. Дуудлага худалдааг Токиогийн биржийн эхний арилжаа, ерөнхий  сайдын шинэ оны эхний үгнээс  чухал гэж үздэг.

 

Цүкизид “Нуугдаж чадаагүй бол тэр өөрөө буруутай” гэсэн зарчим үйлчилдэг. Явган  хүн өөрөө аюулгүй байдлаа хариуцдаг Японы цорын ганц нутаг дэвсгэр юм. Энд Кабуки театр эсвэл сүм хийдийн мужаанууд шиг  ур  чадвараа өвлүүлэн иржээ. Зах дээр ажилладаг хүмүүс, тэдний хууль журмаас дээгүүр ур чадвар нь тэнд чухал. Ачигчид, жолооч нар өөрсдийн ажлыг бүтээхээр шамдах бөгөөд ямар ч жуулчин тэнд илүү харагдана. Тэнд  худалдагч, худалдан авагч хоёр л ноёрхоно. Мөн загас. Далайд байдаг бүгд л тэнд бий.

 

Цүкизи нь япон хоолонд далайн бүтээгдэхүүн ямар үүрэгтэйг ойлгох сурах бичиг юм. Хамгийн гол нь япончууд ямар хэмжээгээр тэр хүнсийг  хэрэглэх чадвартайг мэдүүлж өгнө.

 

Цүкизи бол Япон улсыг шуугиантай, үнэнч,  нөхөрсөг, гялалзтал өөрчлөгдөөгүй Азийн хэсэг гэдгийг мэдүүлэх цөөн газруудын нэг юм.

 

© REUTERS/ Toru Hanai

 

Хоолны ид шидийн туршилт

 

Хоолны шаардлага шиг  хүнлэг, ойлгомжтой  зүйл байна уу? Япон машины ээлжит  дээд үзүүлэлт, олимпийн алт эсвэл Нобелийн шагналыг япон хүн авч байхыг хараад “Япон хүн болж төрсөн минь ямар аз вэ” гэж ярьдаг. Мөн тээрээр ээлжит  далайн амьтан,  загас, япон будаагаа ирээд ч түүнийгээ хэлдэг. Японы эх оронч үзэл нь хоолны  үнэр, амттай. Тэд аз жаргалтай гэдгээ хурим дээрээ эсвэл хүүхэд төрсний дараа биш хоол идээд л хэлдэг.

 

Цүкизи нь Японыг хүрээлсэн  далай тэнгисийн амьтан ургамлын нэвтэрхий толь юм.  Амьтан ургамлын  тал хувийг тэнд худалдаж байгаа гэхээр л... Тэр бүгд нь шоометр, тоноор яригдана. Энэ зах дээр өдөртөө 2000 тонн бүтээгдэхүүн зарагддаг. Хэдхэн цагийн өмнө далай тэнгист хөвж явсан тонн тонн загас  жараахайнууд орой гэхэд түүхийгээр, шарагдсанаар, жигнэгдсэнээр хүмүүсийн ходоодонд ордог байна. Дараагийн өдөр захаа дүүргэхийн тулд шүү дээ.

 

Туна загасны худалдаа

 

Туна загасны дуудлага худалдаа үүрийн 5 цагт эхэлнэ. Худалдагч, худалдан авагч хоёр дор нь ойлгох дохио зангаагаар  үнэ нь тогтоогдоно. Энэ үеэр жуулчид тийшээ очих дуртай.  Нэг үе  жуулчдыг оруулахыг хориглосон байв. Тэд наймаанд нь саад боллоо гэж худалдагч дургүйсэн хэрэг. Дараа нь Токиогийн захиргааны шахалтаар тэр  хаалтаа авчээ.  Одоо дуудлага худалдаанд өглөөний тавд түрүүлэн ирсэн 120 жуулчинг оруулдаг. Оны сүүлчийн ба эхний  наймаан дээр бас тэднийг оруулахгүй.

 

© REUTERS/ Toru Hanai

 

Энэ жилийн анхны, Цүкизийн түүхэнд сүүлчийнх байх наймаа нь уг захад талархлаа илэрхийлснээр эхлэжээ. Шинэ газарын нэрэнд нь баян гэсэн  ханж үсэг байгаа учир загасны захын түүхэнд шинэ  эрин эхэлнэ гэж найдаж буйгаа ч хэлжээ.

 

"Энэхүү сүүлчийн бөгөөд анхны худалдаанд оролцсон хүмүүс  илэрхийлэх аргагүй  сэтгэл дүүрэн байна” гэж энэ жилийн  анхны худалдааны хамгийн үнэтэй туна загас худалдан авсан сүши ресторануудын сүлжээний  эзэн хэллээ.

 

Шинэ газар - шинэ зах - шинэ эрин... Шинэ улс уу?

 

Энэ хавар Тоёшүю районд захын шинэ байр баригдаж дуусна. Эсэргүүцэлтэй байсан ч Токио хотын захиргаа захыг шилжүүлэх асуудлыг хүчээр шийдсэн юм. Арваннэгдүгээр сард Цүкизи хаагдана. Шинэ байр нь өндөр технологийн тэргүүн Япондоо таарсан  орчин үеийн стилийнх байх юм. Харин түүнтэй уг зах нь өөрийн давтагдашгүй  өнгө аясаа зохицуулж чадах уу гэдэг асуудал үлдээд байна.

 

© REUTERS/ Toru Hanai

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна