Нийтийн эзэмшлийн талбайд өмчлөлийн газар нь орсон иргэнд үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговор олгоно

Хуучирсан мэдээ: 2016.01.06-нд нийтлэгдсэн

Нийтийн эзэмшлийн талбайд өмчлөлийн газар нь орсон иргэнд үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговор олгоно

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/996 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Азийн Хөгжлийн Банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжих Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Сэлбэ дэд төвд баригдаж буй “Үйлчилгээтэй 50 айлын орон сууц”-ны барилгын нийтийн эзэмшлийн талбайд өмчлөлийн газар нь орсон иргэн Ч.Нацагийн өмчлөлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг баталлаа.  

Ч.Нацагийн өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгийг нөхөх олговортойгоор эргүүлэн авах 160 сая төгрөгийг нийслэлийн 2014 оны төсөвт батлагдсан “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хөрөнгөөс санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгав.

Иргэний өмчлөлийн газар болон үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг Өмчийн харилцааны газарт, Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болголоо.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж