Сонгуулийн хуулиар Цэцэд гомдол гаргах шалтгаан байхгүй

2016 оны 1 сарын 6

УИХ шинэ оны өмнөхөн Сонгуулийн хуулийг нэг тийш нь болгосон. Гэтэл бие даагч гишүүд уг хуулийн зарим заалт Үндсэн хуулийг зөрчиж байна гэж үзээд Цэцэд хандахаа мэдэгдээд байгаа юм. Түүнчлэн Ерөнхийлөгч Улс төрийн намын тухай хуулийг шинэ оны ажлын эхний өдөр өргөн бариад байна. Эдгээр асуудлаар УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.

 

-Багагүй хугацаанд маргалдаж, жагсаал цуглаандаа тулсны эцэст парламент оны сүүлээр Сонгуулийн хуулийг нэг тийш болгосон. Гэтэл үүний араас багагүй маргаан гараад байна л даа. Тухайлбал, бие даагч гишүүд энэ хуулийн зарим заалтыг Үндсэн хуулийн Цэцэд өгөхөө мэдэгдчихлээ. Энэ үнэхээр бие даагч төдийгүй жижиг намуудад халтай хууль бол сон хэрэг үү?

 

-УИХ хуулийнхаа хугацаанд амжиж Сонгуулийн хуулийг баталсан. Өмнө нь Орон нутаг, Ерөнхийлөгч, УИХ-ын гэсэн сонгуулийн гурван хууль байсныг нэгтгэн Сонгуулийн тухай хууль болгож баталсан. Энэ удаагийн хуулиар УИХ, аймаг, нийслэлийн сонгуулийг хамтад нь явуулахаар болсон. Харин сум, дүүргийнхийг намар хийнэ. Ер нь энэ хуулийг хэлэлцэж байх явцад олон талын санал бодол гарсаар хуулийнхаа хугацаанд тулсан учраас зөвшилцлийн дүнд батлагдсан хууль гэж ойлгож болно. МАН бол тодорхой саналуудыг тавьж байсан. Харамсалтай нь, манайхаас гаргасан саналуудын 50 хувь нь үндсэндээ ажил хэрэг болоогүй. Гэхдээ өнөөдөр парламентад олон суудалтай байгаа эрх баригчид буюу АН-ынхан хүч түрж, энэ Сонгуулийн хуулийг баталсан гэдгийг хэлэх хэрэгтэй Энэ хуулийг батлах хүрээнд парламентад суудалгүй улс төрийн хүчнүүдээс гадна улс төрд цөөн суудалтай намаас зөрүүтэй саналыг гаргаж байсан Тухайлбал, “Хоёр том намд ашигтай хууль боллоо.

 

Тиймээс зарим заалтыг өөрчилье гэдэг санал гарч байлаа. Үүнд намын жагсаалтаар сонгогдох 28 гишүүнийг бүсчлэхгүй бол жижиг намуудад хүндрэлтэй байна гэснийг бид хүлээж авсан шүү дээ. Түүнчлэн өнөөдрийн төвшинд улс төрийн намууд яг л ижил төвшинд өрсөлдөхөөр болж байгаа. Тэгэхээр нэг хуулиар ижил гараанаас гарна гэсэн үг. Энэ утгаараа жижиг намуудад халтай эсвэл ашиггүй гэж Сонгуулийн хуулийг ярих нь зохимжгүй. Харин өмнөх хуулиудтай харьцуулбал шинээр нэр дэвшигч нарт харьцангуй хүндрэлтэй хууль боллоо гэж хэлж болохоор байгаа.

 

Учир нь сонгуулийн сурталчилгааны хоногийг 18 болгож багасгасан. Мөн сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс хойш маш олон зүйлийг хуулиар хориглож байгаа нь шинэ нэр дэвшигч өөрийгөө нийтэд таниулах боломж хомс болсон гэсэн үг. Тиймээс шинэ нэр дэвшигчдэд жаахан халтай хууль болчихов уу гэж харагдаад байгаа юм.

 

-Саналын хуудаст намууд болон түүний нэр дэвшигчдийн нэрийг л бичнэ. Хэрвээ бие даагчийг сонговол шууд хүчингүйд тооцохоор байна гээд байгаа нь ямар учиртай юм бэ?

 

-Хуучнаараа л явна шүү дээ. Саналын хуудсан дээрх нэрсийн жагсаалтад ямар нэгэн өөрчлөлт гараагүй. Бие даагчид өөрсдөө саналын хуудас дээр яаж бичигддэг, тэр журмаараа л явна.

 

-Намын нэрсийн жагсаалтаар гишүүн болж байгааг бас эсэргүүцээд байна лээ?

 

-Энэ заалт Үндсэн хуультай зөрчилдөж байгаа эсэх асуудлаар Цэцэд хандана гээд байгаа юм. Гэтэл энэ асуудал өмнө нь ч Цэцэд очиж байсан шүү дээ. Тэгэхээр өмнө нь Цэц энэ асуудлыг хэлэлцэж байсан учраас өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэх байх.

 

-Танай намын хувьд ч гэсэн нэрсийн жагсаалтаар гишүүн болдог байдлыг болиулъя. Сонгогчид төрд өөрсдийг нь төлөөлөх хүнийг нүдээр харж, гараар барьж үзэх нь зүйтэй гэж байсан. Гэтэл энэ заалтыг хуучнаар нь баталчихсан?

 

-УИХ дахь МАН-ын бүлэг бол Сонгуулийн хууль дээр дөрвөн зарчмыг л суулгах гэж оролдсон Үүнд нэгдүгээрт, ерөөсөө намын жагсаалтаа болиод аль болох можаритар буюу хүнээ сонгодог тогтолцоо руу оръё гэсэн. Харамсалтай нь, Сонгуулийн хуулийг батлах хуулийн хугацаа нь тулсан учраас хуучнаар явах эсвэл бага хэмжээгээр өөрчлөх шахаанд орсон болохоор тогтолцоонд өөрчлөлт оруулж чадаагүй. Хоёрдугаарт, автомат машин буюу хар машины тооллогыг баталгаажуулах санал байсан. Өөрөөр хэлбэл, автомат машинаар тоолъё, ингэхдээ 100 хувь гараар тоолох нь зүйтэй гэж үзсэн.

 

Гэхдээ хэлэлцүүлгийн явцад хоёр талаасаа зөвшилцөж байгаад 50 хувьд нь давхар буюу гар тооллого хийе гэж тохирсон. Гуравдугаарт, орон нутгийн сонгуулийг УИХ-ынхтай хамт явуулах эсэхээ багагүй хэлэлцэж байгаад сум, дүүргээ намар, аймаг нийслэлээ орон нутгийн сонгуультай хамт явуулахаар болсон. Дараагийнх нь сонгуулийн үеэр гардаг зөрчлүүдийг хэрхэн арилгах, тухайлбал, нэг намын нэр дээр дэвшиж сонгогдчихоод өөр нам руу явчихдаг, намаа сольдог тохиолдол их байсан. Тэрийг эргүүлэн татдаг механизмыг хуульд тусгаж өгсөн. 2012 оны сонгуулиас хойш өөр нам руу “урвадаг” үзэгдэл цөөнгүй гарлаа шүү дээ. Тэгэхээр энэ бүхнийг цэгцэлж, тодорхой болгож өгсөн.

 

Түүнээс гадна сонгуулийн үеэр гардаг маргаануудыг нарийн тусгаж өгснийг дээр хэлсэн. Тухайлбал, өмнөх сонгуулийн үеэр насанд хүрээгүй хүүхдийг сурталчилгаанд ашигласан гэдэг шалтгаанаар бүхэл бүтэн нэг тойргийн саналыг хүчингүй болгож байсан тохиолдол бий. Харин одоо хуулиар үүнийг зөрчилд тооцохгүй байхаар тусгасан. Ер нь энэ мэтчилэн сонгуулийн үеэр гардаг маргаан мэтгэлцээнийг цэгцлэх талдаа манай намаас нэлээд олон санал гаргаж, хуульд туссан байгаа. Нэг ёсны тогтолцооноос бусад зүйл дээр 50 хувийн тохиролцоонд хүрсэн гэж ойлгож болно.

 

-Ерөнхийлөгч Улс төрийн намын тухай хуулийг өргөн бариад байна. Энэ хуулийг шинэчлэх хүрээнд ямар тодорхой, нарийвчилсан заалт оруулах ёстой гэж та харж байна вэ?

 

-2012 онд УИХ шинээр бүрдсэний дараа улс төрийн тогтолцоогоо өөрчлөх чиглэлээр тодорхой санал нэлээд гарсан. Үүнд Үндсэн хууль, Улс төрийн намуудын болон Сонгуулийн хуулийн өөрчлөлт зэргийг их ярьсан л даа. Ингээд хугацааны хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх боломжгүй болсон. Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах чиглэлээр С.Баярцогтоор ахлуулсан ажлын хэсэг гурван жил ажилласан. Энэ төслийг Ерөнхийлөгч татаж аваад дахиад шинээр өргөн барьчихлаа. Ер нь улс төрийн намуудын өнөөгийн тогтолцоонд томоохон өөрч­ лөлт хийх шаардлага байна гэж би харж байгаа.

 

Ялангуяа улс төрийн намуудын дотоод ардчилал, бүтэц зохион байгуулалт, санхүүжилттэй холбоотой, улс төрийн намуу­ дын үйл ажиллагааны хүрээ­ тэй холбоотой асуудлыг ч зохицуулах шаардлага бий. Нэгдүгээрт, улс төрийн намуудын санхүүжилтийн асуудал ард иргэдийн дунд нэлээд асуудал дагуулж байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн намуудад хандив өгснөөр эргээд эдийн засаг, улс төрийн бүлэглэлүүд намаар дамжиж төрийн бодлого руу шургалдаг хандлага гарч ирж байна шүү дээ. Түүнчлэн улс төрийн намууд бүрэн төлөвшлөө олох үйл явц удааширсан байна гэж бид үзэж байгаа. Тухайлбал, 1990 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа атлаа Их хурлаа хийгээгүй нам байх жишээтэй.

 

Цаашлаад нэг гэр бүл, компани, нэг хүний нам сүүлийн үед нэлээд гарч байгаа нь эргээд улс төрийн нам гэж хэлэхэд хүндрэлтэй болж байна. Энэ утгаараа улс төрийн намуудыг олон улсын жишигт нийцэхүйц бодлогын нам байх талын өөрчлөлтийг хийх ёстой гэж үзэж байгаа юм. Тиймээс улс төрийн намын санхүүжилт, бүтэц зохион байгуулалтын болон үйл ажиллагаа, дотоод ардчиллын асуудлыг энэ удаа­ гийн Ерөнхийлөгчийн өр­ гөн барьсан хуулиар зохи­ цуулахаар оруулж ирж байгаа. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд шүүмжлэлтэй заалт цөөнгүй байгаа юм билээ. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад ярилцаад шийдэх байх.

 

-Намын санхүүжилтийн тухайд оновчтой ямар хэлбэр байж болох вэ? ­

 

-Ер нь улс төрийн намын үйл ажиллагааны санхүүжилтийг дотор нь хувааж үзье гэсэн саналтай байгаа. Тухайлбал, сонгуулийн үеийн санхүүжилт гэж ямар байх юм, нөгөө талдаа улс төрийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг тусдаа санхүүжилтээр, харин яг улс төрийн нам ойгоо тэмдэглэх юмуу эсвэл гишүүддээ чиглэсэн үйл ажиллагаа явуулах хөрөнгө нь тусдаа байх хэлбэрийг ярьж байна. Ер нь сонгуулийн үеийн санхүүжилтийг улсын төсөвтэй холбоотой байлгая гэж байгаа юм. Нэг ёсны улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох чиглэлийн заалтыг оруулж ирж байгаа. Ингэхдээ яг ямар чиглэлийн хандив авав, хэрхэн зарцуулав гэдгийг иргэдэд нээлттэй байлгахгүй бол улс төрийн намуудад ирж байгаа хандив нийгэмд багагүй хардлага төрүүлж байна шүү дээ. Тиймээс бусад төрийн байгууллага ч мөн “шилэн” болох учиртай.

 

-Намын гишүүнчлэлийн одоогийн зарчмыг өөрчлөх шаардлага байна уу. Ерөнхийлөгчийн хувьд тодорхой ангилалтай байхаар санал гаргаад байна л даа?

 

­-Дэлхий нийтэд улс төрийн нам хоёр янзын гишүүнчлэлтэй байдаг. Европын загвараар бол хатуу гишүүнчлэлтэй буюу манай хуучин хэлбэр гэсэн үг. Нөгөөх нь Америкийн буюу зөөлөн гишүүнчлэлтэй. Гэхдээ сонгуульд оролцохдоо тухайн нэр дэвшигч өөрөө аль намыг дэмжиж байгаагаа ил тодоор илэрхийлдэг хэлбэр бий. Тэгэхээр манайд бол Улс төрийн намын хуулийг анхнаасаа Европын загвараар боловсруулсан. 2005 оны шинэчилсэн найруулга ч гэсэн Европын загвар шүү дээ. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуульд хувь гишүүнийхээ хувьд зөрөлдөж байгаа нэг зүйл нь аль нэг загварыг бид хатуу баримтлах ёстой. Тиймээс цаашдаа Монгол Улс Европын загвараар хууль, загварчлалаа хийгээд явах нь зүйтэй.

 

Ер нь үйл ажиллагаагаа хэрхэн явуулах вэ гэдэгт хязгаарлалт хэрэгтэй л дээ. Тухайлбал, сум дүүргийн хэмжээнд улс төрийн намын үйл ажиллагааг хэрхэн явуулах вэ гэдэг хязгаарлалтыг хийж өгөх ёстой. Учир нь өнөөдөр орон нутагт намчирхал, талцал хэрээс хэтэрсэн шүү дээ. Энэ нь эргээд ард иргэдийн дунд хамгийн их шүүмжлэл дагуулж байгаа учраас улс төрийн намаараа талцаж, хуваагддаг байдлыг болиулах чиглэл рүү тодорхой заалт оруулж өгөх нь чухал. Үүний тулд анхан шатанд явуулж байгаа үйл ажиллагаанд хязгаарлалт оруулах нь зүйтэй. Энэ удаагийн хуулийн төсөлд ч гэсэн 3000 хүртэлх хүн амтай сууринд улс төрийн намуудын үйл ажиллаагаг хязгаарлаж байгаа.

 

ЭХ СУРВАЛЖ: "МОНГОЛЫН ҮНЭН" СОНИН