Эргэж буцсан элэг хатаам шийдвэрүүд

2016 оны 1 сарын 6

Улстөрчид олны анхааралд өртөх дуртай. Тэр дундаа сонгогчдод таалагдах нь тэдний зорилго гэж хэлж болно. Гэвч сүүлийн үед зон олныхоо зовлонг нимгэлэх талаар санаа тавихын оронд тэдний сэтгэхүйгээр наадаж, эргэж буцсан шийдвэр гаргах гаж үзэгдэл хавтгайрлаа. Цөөн хэдхэн жишээг эшилье.  

2015 оны нэгдүгээр сар. Одоогоос яг нэг жилийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эдийн засгийн нөхцөл хүндэрч байгаа энэ үед хавтгайрсан халамжаас татгалзаж, “Алдарт эх”-ийн одонгийн мөнгийг хамгийн бага хүүхэд нь 18 нас хүртэлх хугацаанд олгохыг санал болгосон. Энэ шалгуураар одонгийн мөнгө авах эхчүүдийн талыг нь хасаж 19.5 тэрбум төгрөг хэмнэх боломжтой хэмээн мэдэгдсэн. Энэхүү мэдэгдэл олныг бухимдуулж, жилдээ ганц удаа эхчүүдэд хаягласан мөнгийг хасах нь буруу гэсэн олны эсэргүүцэлтэй тулгарсан. Засгийн газрын тэргүүн эсэргүүцлийг хүлээн авахаас аргагүйд хүрсэн. Энэхүү хэмнэлтэд мөн жирэмсэн болон амаржсан эхчүүдийн тэтгэмж ч дурдагдаад өнгөрсөн юм.

2015 оны арванхоёрдугаар сарын 9. Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн асуудлыг хэлэлцээд хуулийн зарим зүйл заалт Үндсэн хуультай зөрчилдсөн гэж үзсэн байна. Үүнээс үүдэн арилжааны банкны удирдлагууд хуралдаж, ипотекийн зээлийг цаашид олгохгүй байхаар шийдвэрлэв. Монголын банкны холбооноос “Орон сууцны найман хувийн зээл  хууль эрх зүйн орчингүй болж байгаа учир иргэдийг болон банкнуудыг эрсдэлд оруулахгүйн тулд бид орон сууцын найман хувийн зээлийг Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс үүдэн зогсоож байна. Энэ бол өнөөдрийг хүртэл олон хүний хөөцөлдөж хэрэгжүүлсэн ажлыг нурааж байна гэсэн үг. Банк өөрөө ч эрсдэлд орж байна” хэмээн мэдэгдсэн юм. Олон мянган хүмүүсийн байр орон сууцтай болох хүслийг боомилсон энэхүү шийдвэрийг мөн л үгүйсгэж, ипотекийн зээлийг дахин сэргээх талаар УИХ-ын дарга өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж байгаа юм.

2015 оны арванхоёрдугаар сарын 14. Засгийн газрын  үйл ажиллагааны хөтөлбөрт Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсний дагуу  2012 оны аравдугаар сараас эхлэн Хүний хөгжил сангаас хишиг хувь болгон хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг олгож эхэлсэн билээ. Энэ дагуу өнгөрсөн  оны  арваннэгдүгээр сард л гэхэд  1 сая 27 мянга орчим хүүхдэд хүүхдийн мөнгө олгосон байна. Энэ мөнгө гүйцэтгэх засаглалынханд илүүдэл зардал болж харагдав. Тиймээс  2016 оны хүүхдийн мөнгийг 40 хувиар бууруулж,  өрхийн амьжиргааны түвшний 1-17 бүлгийн өрхийн  18 хүртэлх насны хүүхдэд олгохоор шийдвэрлэж орхив.

Хүүхдийн мөнгөний маргаан өнөө хэр үргэлжилсээр. Хүний нялх үрийг баян ядуугаар нь ялгаварлах нь жинхэнээсээ Үндсэн хууль зөрчсөн хэрэг төдийгүй Монголын төр засгийн тэргүүнүүд хүүхдээсээ  мөнгө харамлах хүртлээ сэтгэхүйн ядууралд орсныг илтгэлээ.  Гэвч өчигдөр /2016 оны нэгдүгээр 5/ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар хүүхдийн мөнгөний асуудлыг хэлэлцэж, ярилцжээ. Улмаар хүүхдийн мөнгийг өмнөх жишгийн дагуу олгох нь зүйтэй гэж санал нэгдлээ гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цахим хуудсаараа дамжуулан иргэдэд мэдээлсэн байна. Тэрбээр “Зохих шийдлийг гаргах чиглэлд ажиллахаар боллоо. Хүүхдийн мөнгө бол Монголчууд олуулаа, эрүүл өсөж торниход чиглэсэн Монгол Улсын бодлого юм” гэж бичжээ.

Энэ мэт эргэж буцсан элэг хатаам шийдвэрүүд олон бий. Өнгөрсөн онд тохиосон, олныг хамарсан цөөн нэгийг дурдахад л ийм байна. “Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа” гэдэг үг бий. Тиймээс ч аливааг сайтар эргэцүүлж, гарах үр дагаврыг урьдчилан харж байж ам ангайдаг монгол эрчүүдийн тулхтай зан хаачив. Тэр дундаа төр засаг тэргүүлж буй албан тушаалтнууд ам ангайх бүртээ алиа марзан шийдвэр гаргах болсон нь энэ цагийн нэг эмгэнэл юм. Зүгээр л жамаараа, зөнгөөрөө явж буй ажлыг буулгаж, нураачихаад эргүүлж эвлүүлснээ их ажил хийсэнд тооцдог жишиг хүүхдийн мөнгөний дуулиан шуугианаар дуусаасай.

Д.ЦЭЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна