Төлбөрийнхөө 10 хүртэлх хувийг буцааж авна

2016 оны 1 сарын 6

Их, дээд сургуулийн оюутнууд сургалтын төлбөрийнхөө 10 хүртэлх хувийг тухайн жилдээ буцааж авах боломжийг Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар зохицуулсан байдаг. Тэгвэл энэ хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг татварын байгууллагууд авч эхэлжээ. Иргэн та хоёрдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд материалаа харьяа дүүргийнхээ татварын албанд бүрдүүлж өгөх ёстой юм.

Сургалтын төлбөрийн буцаан олголт хоёр янз байдаг. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн эцэг эх, мөн суралцах хугацаандаа ажил хийж өөрөө сургалтын төлбөрөө төлсөн оюутан гэх хоёр ангилалтайгаар бичиг баримт бүрдүүлнэ.

Бүрдүүлэх материалын хувьд эхний жил болон дараагийн жил гэдгээрээ ялгаатай юм байна. Эхний жил татварын хөнгөлөлт эдэлж, буцаан олголт авахад бүрдүүлсэн материал нь дараагийн жилээс багасдаг юм. Буцаан олголтод хамрагдахад бүрдүүлэх материалын жагсаалтыг доорх хүснэгтээс харж болно.

Мөн гадаадын их дээд сургуулийн оюутнууд тухайн орны валютаар төлбөрөө хийсэн тохиолдолд яах вэ гэх асуулт иргэдээс их ирдэг байна. Энэ тохиолдолд тухайн үеийн валютын ханшаар тооцон буцаан олголтыг өгнө. Төлбөр төлсөн, банкны гуйвуулгын маягтаар баталгаа болгодог гэдгийг санууллаа.

Энэ хөнгөлөлтөд зөвхөн гадаад болон дотоодын бакалаврын зэрэг олгох их, дээд сургуулийн оюутнууд л хамрагдана. Өөрөөр хэлбэл, хэлний бэлтгэл, магистр, докторын зэргийн оюутнуудад энэ хөнгөлөлтийг олгохгүй юм.

Б.ЗОЛЗАЯА

ЗУРАГЛААЧ: Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна