Пхеньян устөрөгчийн бөмбөг туршсан гэв

2016 оны 1 сарын 6

 

Пхеньян өнөөдөр /I.6/ устөрөгчийн бөмбөгийн анхны туршилтыг амжилттай хийсэн гэдгээ мэдэгдлээ. Хойд Солонгосын зүүн хойд хэсэгт өнөөдөр /I.6/ газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн талаар Хятад, Япон, Өмнөд Солонгосын эх сурвалжууд мэдээлсэн билээ.

 

АНУ-ын геологийн судалгааны төвөөс Хойд Солонгосын цагаар өглөөний 10.00 цагт Кильжу хошуунаас баруун хойд зүгт 50 км орчим зайнд газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэсэн байна. Газрын чичирхийлэл 5.1 магнитудын хүчтэй байсан аж. Энэ нь Пүнге-ри цөмийн туршилтын талбайн яг хажууд аж. Ийнхүү олон улсын ажиглагчид Хойд Солонгосыг дөрөв дэх удаагаа цөмийн туршилт явуулсан байж магадгүй гэх сэжиг батлагджээ.

 

Пхеньян өнгөрсөн арванхоёрдугаар сард устөрөгчийн бөмбөгтэй гэдгээ зарласан билээ. Гэхдээ олон улс Хойд Солонгосыг устөрөгчийн бөмбөг бүтээх чадваргүй хэмээн дүгнэж байсан юм. Пхеньян 2006, 2009 болон 2013 онд газар доор цөмийн туршилт явуулахдаа дээрхтэй ижил мэдэгдэл хийж байжээ.

 

Үүний зэрэгцээ Хойд Солонгос өнгөрсөн арванхоёрдугаар сард шумбагч хөлгөөс баллистик пуужин хөөргөсөн гэнэ. Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлагт мэдээлснээр Пхеньян өмнө нь арваннэгдүгээр сард мөн шумбагч хөлгөөс баллистик пуужин хөөргөсөн нь амжилтгүй болсон аж. Хойд Солонгос 2012 оны арванхоёрдугаар сард алсын тусгалтай пуужин амжилттай хөөргөсөн билээ.

 

 НҮБ-аас Хойд Солонгосыг баллистик пуужин хөөргөх, цөмийн туршилт явуулахыг хориглож, худалдаа эдийн засгийн хориг тавьсан байдаг юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна