Венесуэльд сөрөг хүчин яллаа

2016 оны 1 сарын 6

 

Венесуэль улсад болсон парламентын сонгуульд сөрөг хүчин олонх болсон байна. Шинэ хууль тогтоогчид парламентын чуулганы үеэр тангараг өргөжээ.

 

1998 оны сонгуульд Венесуэлийн ерөнхийлөгч агсан Уго Чавесаар удирдуулсан социалист намынханд бут цохиулсан сөрөг хүчнийхэн ийнхүү 17 жилийн дараа парламентад олонх болж гарч ирсэн байна. Венесуэлийн сөрөг хүчин өнгөрсөн арванхоёрдугаар сард болсон бүх нийтийн сонгуулиар сөрөг хүчин парламентын суудлын гуравны хоёр хувьд санал авсан нь социалист ерөнхийлөгч Николас Мадурогийн хувьд жинхэнэ сорилт болж байгаа юм. Сөрөг хүчин хэдийгээр саналын тоогоор парламентад олонх болсон ч сүүлчийн мөчид дөрвөн нэр дэвшигчийн саналыг хүчингүй болгох шийдвэрийг Дээд шүүхээс гаргажээ. Ингээд мягмар гаригт 167 хууль тогтоогчийн 163 нь парламентад тангараг өргөсөн байна.

 

Парламентын тангараг өргөхөөс нэг өдрийн өмнө ерөнхийлөгчийн ордны гадна социалист засгийн газрыг дэмжигчид болон сөрөг хүчний хэдэн зуун дэмжигчдийн хооронд дуэль болсон байна.

 

Тус улсад улс төрийн өөрчлөлтийн салхи дэгдсэнийг харуулж, сүүлийн 17 жилийн хугацаанд анх удаа сэтгүүлчдэд парламентын чуулганыг телевизээр шууд дамжуулан, сөрөг хүчний гишүүдээс ярилцлага авах боломжийг олгожээ.

 

Сөрөг хүчнийг дэмжигчдийн цуглааны үеэр шоронд хоригдсон сөрөг хүчний лидер, Леополдо Лопезийн эхнэр “Өршөөл үзүүл” хэмээн лоозон барьж,  хууль тогтоогчдын нэн түрүүнд хийх ажил нь 2014 онд засгийн газрыг эсэргүүцсэн хөдөлгөөний дараа баривчлагдсан улс төрийн хоригдлуудыг суллах тухай хууль батлах гэдгийг сануулсан байна.

 

Сөрөг хүчний хууль тогтоогчид тус улсад өөрчлөлт шинэчлэл явуулахаа амлаж байгаа бол социалистууд Уго Чавесын хувьсгалаар бий болгосон хууль тогтоох байгууллагыг хэвээр үлдээхээр тэмцэж байгаа юм. Венесуэлийн социалистууд сөрөг хүчнийг сонгуульд ялалт байгуулсан цагаас эхлэн шинэ конгресстэй тэмцэлдэж эхэлсэн. Өмнөх парламентын гишүүд Дээд шүүхийн шүүгчдийг өөрийн хүмүүсээр томилж байгаа нь сөрөг хүчний хууль тогтоогчдыг эсэргүүцэх хүч болно гэж социалистууд найдаж байгаа ажээ.

 

Сөрөг хүчний намын улс төрч  Хенри Рамос Аллуп Венесуэлийн Үндэсний ассемблейн тэргүүнээр сонгогдсон байна.

 

 Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна