Кока колагийн мэндчилгээ оросуудыг хилэгнүүлэв

2016 оны 1 сарын 6

 

Кока кола компани шинэ жилээр ОХУ, Украины харилцагч, үйлчлүүлэгчдээ баярлуулж, шинэ жилийн мэндчилгээ илгээсэн нь эсрэгээрээ хоёр том зах зээлээ арай л алдахад хүргэсэнгүй. Учир нь компанийн илгээсэн газрын зурагтай мэндчилгээ нь Крымийн хойгийн газар нутгийн маргаантай асуудлаас болж, ОХУ, Украины иргэдийн зэвүү, дургүйг хүргэж орхисон гэнэ.

 

2014 оны гуравдугаар сард ОХУ Хар тэнгисийн хойг дах Крымийг өөртөө нэгтгэсэн нь өнөөг хүртэл ОХУ, Украины хямралын хөндүүр сэдэв хэвээр байгаа юм.

 

Кока кола компани Оросын хамгийн том нийгмийн сүлжээ болох “VK” дээр шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ Крымийг оруулаагүй газрын зураг тавьчихсан нь Оросуудын дургүйг хүргэсэн байна. Нийгмийн сүлжээний хэрэглэгчдийн эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарсан Кока кола компани дараа нь Крымийн хойгийг багтаасан газрын зурагтай мэндчилгээг удалгүй оруулаад Оросуудаас уучлал гуйжээ. Хэл амнаас болгоомжилсон Кока кола компани 1945 онд Москва эзэмшилдээ авсан Номхон далай дахь Куриллын арлыг ч мөн оруулсан байна. Гэвч Япон улс ч мөн уг арлыг өөрийн улсын эзэмшил газар гэдэг билээ.

 

Харамсалтай нь Крымийн хойгийг ОХУ-ын эзэмшилд оруулсан газрын зурагтай мэндчилгээ нь Украинчуудын уур хилэнг бадрааж, кола ундааг худалдаалахыг хориглохыг олон нийт шаардаж эхэлсэн гэнэ.

 

Эцэст нь Кока кола компанийн Украин дахь төлөөлөгчийн газар Facebook хуудаснаасаа гайтай шинэ жилийн мэндчилгээг авч хаяад ингэж тайлбарлажээ. “Хүндэт үйлчлүүлэгчид ээ! Шинэ жилийн мэндчилгээ та бүхнийг бухимдуулсанд хүлцэл өчье.  Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа” гэжээ.

 

В.Путины бодлогыг дэмжигчдийн нэг байсан Украины ерөнхийлөгч Виктор Янукович 2014 оны хоёрдугаар сард барууныг дэмжигчдийн хөдөлгөөнөөр огцорсноос хойш ОХУ, Украины харилцаа хурцадсан билээ. Үүний хариуд ОХУ Крымийн хойгийг өөртөө нэгтгэсэн бол Украин дах Орос гаралтай салан тусгаарлагчид зүүн мужид хяналтаа тогтоож, үймээн самуун дэгдээсэн 2014 оны дөрөвдүгээр сараас хойш 9000 гаруй хүн амиа алдаад байгаа юм.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна