НӨАТ-ын хонжворт 136 сая төг хуримтлагджээ

2016 оны 1 сарын 6

УИХ-ын өнгөрсөн хаврын чуулганаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг шинэчилж, иргэд өдөр тутмын худалдан авалт тутамдаа НӨАТ-ын 20 хүртэлх хувийг буцаан авч, сар бүр урамшуулалт сугалаанд оролцдог болсон юм. Шинэ хууль хэрэгжээд зургаан хоног өнгөрсөн ч, НӨАТ-ын урамшуулал, буцаан олголтыг хэрхэн яаж тооцох, сугалаанд яаж оролцох, тус татварыг  төлдөггүй аж ахуйн нэгж иргэд яаж ажиллах. Мөн интернет ашигладаггүй орон нутгийн иргэд яаж, төлбөрийн баримтаа баталгаажуулах вэ зэрэг тодорхой хариулт шаардсан асуултууд иргэдийн дунд байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.ebarimt.mn сайтад хандаж авах бүрэн боломжтойг Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем төслийг хэрэгжүүлэгч багийнхан мэдээллээ.

Татварын байцаагчид хандаж сугалааныхаа кодыг бүртгүүлээрэй

Иргэн та жижиг дэлгүүр, ресторан, томоохон худалдааны төв, гоо сайхны үйлчилгээ гэдгээс үл хамааран мөнгөөр өөртөө үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн авч буй зардлынхаа хоёр хувийг 2017 оноос эхлэн буцаан авна. Ингэхдээ заавал нууцлалын кодтой төлбөрийн баримтаа худалдаа, үйлчилгээ эрхлэгчээс шаардан авах ёстой. Дараа нь тухайн баримтаа жилийн турш хадгалж, цуглуулах эсвэл баримтаа цаасаар цуглуулалгүйгээр Татварын ерөнхий газрын www.ebarimt.mn цахим сайтад баримтынхаа дугаарыг бүртгүүлж, худалдан авалт бүрээ хянах боломжтой.  Хамгийн эхлээд ebarimt.mn сайтад нэвтэрч хэрэглэгчээр бүртгүүлэн хувийн дугаартай болно. Тэрхүү дугаарыг иргэн бүр авч болно. Эсвэл дараагийн оны эхэнд  ахиухан буцаан олголт авахын тулд гэр бүлээрээ дундаа нэг бүртгэлийн дугаар авах ч боломжтой. НӨАТ-ын буцаан олголт нь жилдээ нэг удаа байх бөгөөд 2016 оны буцаан олголтыг 2017 онд өгнө гэсэн үг. Харин урамшуулалт сугалаа бол сар тутамд явагдана. Тиймээс тухайн сарын худалдан авалтаа тухайн сардаа бүртгүүлж байж сугалаанд оролцох эрх нээгдэнэ. Орон нутагт эсвэл интернет ашигладаггүй иргэн, худалдан авагчид тухайн төлбөрийн баримтад бичигдсэн сугалааны кодыг харьяа татварын хэлтэс, албаны байцаагчид хандан бүртгүүлж, сард нэг удаа зохион байгуулагдах урамшуулалт сугалаанд оролцож азтан болох эрхтэй болно. Өөр нэг анхаарах асуудал бол НӨАТ төлдөггүй үйлчилгээний газар, дэлгүүрээс худалдан авалт хийвэл иргэн та зөвхөн төлбөрийн баримтад бичигдсэн сугалааны кодоороо хонжворт сугалаанд оролцох боломжтой юм.

Одоохондоо картаар тооцоо хийсэн иргэд НӨАТ урамшуулалд хамрагдах боломжгүй

Арилжааны 17 банктай хамтран ажиллаж, бэлэн мөнгөний картаар худалдаа үйлчилгээнийхээ төлбөрийг төлсөн иргэд одоохондоо НӨАТ-ын урамшуулалд хамрагдах болоогүй гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.  Учир нь банкны картын тооцооны хуулга, худалдан авалтын баримт хоёр тусдаа хэвлэгдэж байна. Уг нь хоёр баримт нэгтгэгдэж, хэвлэдэг болчихвол бэлэн бусаар иргэд үйлчилгээ авсныхаа төлбөрийг хийхэд дээрх урамшуулалд хамрагдах бүрэн боломжтой болох аж. Одоогоор “Ариг”, “Хаан” банкууд “Монос”, “Мобиком”, “Номин” зэрэг компаниудтай хамтарч “All in one” программыг ашиглаж, дээрх тооцооны нэгдсэн сүлжээг бий болгохоор хамтран ажиллаж эхэлжээ.

Төлбөрийн баримт хэвлэх модулийг үнэгүй татаж аваарай

Бизнес эрхлэгч та тооцооны баримт хэвлэдэг кассын машинтай бол машиндаа нууцлалын кодтой баримт хэвлэдэг тусгай модуль буюу программыг www.ebarimt.mn цахим сайтаас үнэгүй татаж авч, тохируулахад болно. Харин өдөрт тийм олон баримт хэвлэх шаардлагагүй гэж үзсэн үйлчилгээний аж ахуйн нэгж, иргэд нөүтбүүк, ухаалаг утсаа ашиглан www.ebarimt.mn сайтад хандаж, тухайн үйлчлүүлэгчийн төлбөрийн баримтыг хэвлэх эсвэл имэйл хаяг руу нь илгээх боломжтой аж. Тусгай нууцлалын кодтой төлбөрийн баримтыг хэвлэхэд мөрдөх батлагдсан хоёр стандарт байна. Эхнийх нь төлбөрийн баримтын цаасны стандарт (MNS 6529 - 2015), хоёр дахь нь техникийн ерөнхий шаардлага буюу (MNS 5005 - 2015) стандарт юм. Энэ нь үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж кассын машин ямар брэнд, төрлөөс үл хамааран ашиглах стандарт гэнэ. Зах, томоохон худалдааны төвүүдийн тухайд лангуунууд дундаа нэг баримт хэвлэгч тавиулах шаардлагатай гэнэ. Ингэхдээ Татварын ерөнхий газарт хандах шаардлагатай. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1288 дугаарын утсанд хандаж авах боломжтой юм.

Одоогоор баримт хэвлэх 6280 цэг ажиллаж байна

Өнөөдрийн байдлаар иргэдээс 432 мянга 703 төлбөрийн баримтын код www.ebarimt.mn сайтаар дамжин бүртгэгджээ. Харин энэ сарын 17-ний өдөр явагдах сугалааны хонжворын сан 135 сая 560 мянгад хүрсэн байна.  Иргэд худалдан авалтаа бүртгүүлснээр жил тутам 22 тэрбум төгрөгийн шагналын сантай  сугалааг явуулна. Сугалаанд худалдан авагч хэн бүхэн оролцох эрхтэй ч хамгийн чухал нь худалдаа хийсэн баримтаа л бүртгүүлэх ёстойг дахин сануулъя.

Нэг дор 30 мянган иргэн www.ebarimt.mn сайтад хандах боломжтой

Өдөрт 80-100 мянган иргэн хандахад гацахгүй хүчин чадалтай www.ebarimt.mn сайтад нэг дор 30 мянган иргэн хандаж, нэвтрэх боломжтой. Сайт ачааллаа даахгүй гацах тохиолдол бараг гарахгүй гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ. Хэрэглэгч нэвтрэхээр хандахад удаан уншиж байвал олон төрлийн мэдээллийг шүүж байна гэж ойлгож болно гэсэн юм.

Д.УУДАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна