З.Энхболд: УИХ хуулиа гаргана, хамгаална

Хуучирсан мэдээ: 2016.01.06-нд нийтлэгдсэн

З.Энхболд: УИХ хуулиа гаргана, хамгаална

Жилийн 8 хувийн хүүтэй олгогддог орон сууцны ипотекийн зээлийн хүүг 5 хувиар тогтоох боломж бүрдсэн тухай Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал хэллээ. УИХ-ын дарга З.Энхболд “Онолын хувьд ипотекийн зээлийн хүү 8 хувиас доош буурах бүрэн боломжтой болсон” гэдгийг мөн онцоллоо.

Ипотекийн зээлийн хүү 5 хувь болж буурснаар шинээр байр хүсэх иргэдийн хувьд хэт өндөр орлого шаардахгүй болж буй юм. Учир нь 1ам метр  нь 1,350 сая төгрөгийн үнэтэй 60 ам метр  байр авах болоход урьдчилгаа 30 хувиа төлсөн нөхцөлд сарынх нь орлого 1 сая төгрөг орчим байхад банкнаас тавих шаардлагыг хангана. Энэ нөхцөлд илүү олон өрхийг байрны зээлд хамруулах боломжтой болно. Харин байрны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгон бууруулах боломж байхгүйг УИХ-ын дарга хэллээ. Гэхдээ 30 хувийн урьдчилгааны 10 хувийг төрөөс даах шийдэл байгаа. Энэ тохиолдолд улсын төсвөөс 20 тэрбум төгрөг шаардах аж. Мөн цаашдаа 80 ам метр -аас дээш талбайтай орон сууцыг ипотекийн зээлд хамруулах юм байна.

Иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд 2013 онд жилийн 8 хувийн ипотекийн зээлийг хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газар, Монголбанк хамтран гаргасан юм. Энэ хугацаанд 78 мянга орчим иргэн ипотекийн зээлд хамрагдсанаас 40 мянга гаруй нь шинээр орон сууцтай болсон бол үлдсэн хэсэг нь дунджаар 18 хувийн хүүтэй зээлээ 8 хувь руу шилжүүлжээ. Ингэснээр хүүгийн дарамтаас ангижирсан байна. Монголын Ипотекийн корпорациас гаргасан судалгаагаар өндөр хүүтэй зээлээс 8 хувь руу шилжүүлсэн айл өрхүүдийн сар бүрийн төсөвт 180 мянган төгрөгийн хэмнэлт авчирчээ.

Гэхдээ Үндсэн хуулийн цэцээс 2015 оны арванхоёрдугаар сарын 4-нд гаргасан 13 дугаар дүгнэлттэй холбоотойгоор арилжааны банкууд ипотекийн зээлийг зогсоосон. УИХ энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд сар шинээс урьтаж эрх зүйн орчинг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм байна. УИХ-ын даргын хэлснээр бол ирэх баасан гаригт буюу нэгдүгээр сарын 8-нд багтаан нэр бүхий гишүүд хуулийн төсөл өргөн мэдүүлэхээр болжээ. Эдгээр асуудалтай холбоотой мэдээллийг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүн Ж.Мөнхбат, Монголын Ипотекийн корпорацийн захирал н.Гантөгс нар сэтгүүлчдэд өгч, сонирхсон асуултад дараах хариулт өглөө.

-Ипотекийн зээлийн орчинг өөрчлөх эхний даваагаа амжилттай давчихлаа гэлээ. Одоо хоёрдугаар үе шатыг эхлүүлэх нь. Ингэхдээ зээлийн хүүг 5 хувь руу оруулах нь. Үүнд өмнө нь 8 хувийн зээлд хамрагдсан иргэд орох уу. Хэзээнээс эхэлж хэрэгжүүлэх вэ. Банк санхүүгийн байгууллагуудын хувьд бүрэн боломжтой гэж харж байна уу?

З.Энхболд:

-Моргейжийн зээл их уян хатан байдаг. Одоо зээлийн хүү 8-5 хувь болчихлоо. Тэр рүү бүгдээрээ шилжих гэж ирнэ, түүнийг хориглох ямар нэг хууль зүйн акт байхгүй. 5 хувь болчихоор орлого буурна. Монголбанкны зүгээс нүдээ аниад явуул гэж байгаа, зайлшгүй хийх ёстой зүйл.

Хоёрдугаарт, АНУ-д 30 янзын моргейж байхад манайд хоёр төрлийнх байгаа. Манайх 8 хувийн хүүгээ багасгадаг шилждэг ангилал руу оруулчихвал энийг хийх бүрэн боломжтой.

Жишээ нь, 91 сая төгрөгийн байрыг урьдчилгаа 30 хувиа төлөөд 20 жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй авахад сардаа 532 мянган төгрөг төлсөн бол жилийн хүү 5 хувь болоход сар бүр төлөх зээлийн хэмжээ 110 мянган төгрөгөөр буурна. Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн гомдоллоод байгаа юм иргэд ресторанд орохоо больчихсон. Орон сууцны зээлийнх нь сарынх нь төлбөрөөс 110 мянган төгрөг хөнгөрөөд ирэхээр ресторанд ордог болно.

-Сар шинээс урьтаж УИХ хууль эрх зүйн орчин бүрдүүлэх нь. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг УИХ ямар байдлаар шийдэх вэ. УИХ Үндсэн хууль зөрчсөн гээд 13 дугаар дүгнэлтээрээ эцсийн шийдвэрээ гаргасан. Цэцийн дээр хөх тэнгэр бий гэж ярьдаг шүү дээ?

-Цэцийн дээр хөх тэнгэр биш “Lexys-570” байсныг Ц.Нямдорж гишүүн олж үзсэн байна. Шалгаад тогтоогоод УИХ дээр ярьсан. Цэц энэ шийдвэртэй би санал нийлэхгүй байгаа. 2015 он солигдож байхад ажлын хэсэг гаргаад энэ зах зээлд оролцдог газар бүрээс төлөөлөл оруулсан. Тэдний хүсэл бол хуучнаар нь сэргээж өгөөч, дээр нь сайжруулж өгөөч гэж хүсч байгаа.

Ж.Үнэнбат:

-Банкуудын зүгээс өмнө үйлчилж байсан эрх зүйн орчинг сэргээх, цаашид сайжруулах шаардлагатай гэж үзэж байна. Нэгэнт Цэцийн шийдвэр гарсан учраас УИХ шинэ хууль өргөн барьж батлах шаардлагатай байгаа. Төсөл боловсруулахад нь оролцсон.

Эрх зүйн орчинг сэргээхгүйгээр маш их хэмжэний эрсдэл үүсч байгаа. Зөвхөн ипотекийн зээлээр зогсохгүй бусад зээлүүдэд ч хамааралтай. Дээр нь олон улсын зээл хөрөнгө оруулалтад хамааралтай учраас яаралтай сэргээх шаардлагатай байгаа.

-Чингис бондоор барилгын материалын үйлдвэрлэлүүдийг дэмжсэн. Одоо зээлийн хүүг бууруулах нь. Эргээд энэ нь байрны нэг ам метр  үнэд нөлөөлөх болов уу. 3-2 сая төгрөгийн үнэтэй байгаа байрны үнэ буух болов уу?

З.Энхболд:

-Түүхий эдийн үнэ унах нь манай эдийн засагт муу. Тэгэхдээ гангийн үнэ 2008 онд 1265 ам.доллар, жилийн өмнө 485, одоо 210 ам.доллар болж буурсан байгаа. Барилгын 1ам метр -ын үнэ бууна л гэсэн үг. Цемент 200 ам.доллараар авдаг байсан, “Хөтөл” 150-аар өгч байгаа. МАК-ын цемент гарвал илүүдэлтэй болно. Барилга барихад шаардагддаг хамгийн их хэрэглэгддэг хоёр материалын үнэ ийм байгаа.

Э.Бат-Үүл гарч ирээд орон сууцны газрын үнэ маш өндөр үнэтэй байсныг үнэгүй болгосон. Одоо бол хашааны газар л үнэтэй. Хоосон газар барьсан “Буянт-Ухаа” хорооллын орон сууцны 1ам метр  нь 1,350 сая төгрөгөөр гарч болж байгаа, бодлогоор барьсан учраас. Гэр хороололд барьсан орон сууц 1ам метр  нь 1,350 сая төгрөгөөр гарахгүй. Яагаад гэвэл хашааны газрыг нь худалдаж авсан учраас. Гэхдээ хашааны газрын борлуулалтыг дэмжихийн тулд 5 хувийн хүүг хүн болгонд өгөхгүй байж болно. Хашааны газар барьсан байранд 5 хувийн хүү өгнө гэж газрын үнийн ялгааг гаргаж өгөхгүй бол гэр хороололд үнэтэй болох гээд байгаа учраас энэ тал дээр хөнгөлөлт үзүүлэх бодлого барьж болно. Тэгэхээр газрын үнийн нөлөө л үлдэнэ гэсэн үг.

Н.Золжаргал:

-Эрэлт нийлүүлэлт үнэд шууд нөлөөлдөг. Урьд нь жилд 4000 айлын орон сууц ашиглалтад ордог байсан бол сүүлийн 2 жилийн хугацаанд жилд 20 мянган орон сууц нийлүүлэгддэг болсон учраас орон сууцны үнэ цаашдаа өсөхгүй тогтвортой байх бололцоотой.

Хэрэв хууль эрх зүйг гэнэт зогсоосон шийдвэр гаргаад үймүүлээд байх юм бол эрэлт хуримтлагдаад үнэд муугаар нөлөөлнө. 200 мянган хүн ажилладаг ийм салбарт хууль эрх зүйн орчин нь, санхүүгийн орчин нь тогтвортой байх юм бол жилдээ 20 мянган орон сууц бариад байх юм бол үнэ тогтвортой, эерэг нөлөөтэй байна.

З.Энхболд:

-Хуулиас гадна сайдын хариуцлагагүй үг нөлөөлөөд худалдан авалтыг зогсоочхоод байгаа. 10 хувь болно гээд сайхан юм ярьчихдаг, энэ нь зээл авалтыг үндсэнд нь зогсоосон.

-Ипотекийн 8 хувийн зээлийг 5 хувь руу бууруулах бололцоо бүрдсэн гэсэн үг үү?

Н.Золжаргал:

-Олон талаас нь тэнцвэрүүдийг хардаг. Нийгмийн хамгийн том өгөөж хаана байна гэхээр аль болох их өрх л орон сууцад орох. Ядаж утаа багасна. Өрхийн ямар орлого дээр 8 хувийн зээлд хамрагдаж чадаж байна вэ гэдэг чухал. Гэтэл 10 хувь нь урьдчилгаа болчихвол сарын орлого нь 1.8 сая болж, зээл нь 90 хувь болох болж байгаа. Бидний санал болгоод байгаа хувилбарын нэг нь инфляцийг нам төвшинд барьж чадах юм бол бид хүүгээ буулгаад явж чадаж байгаа. Хүртээмжийг тэлнэ. Нөгөөдөх нь урьдчилгаа 30 хувь дээр УИХ, Засгийн газар ажиллаад тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж чадах юм бол хүрээг тэлэх боломжтой. 14 хувийн инфляцтай байхад ипотекийн 8 хувийн зээлийг хэрэгжүүлж байсан. Тэр үед инфляцыг 6 хувь болно гэж харж байсан, өнөөдөр 2.9 хувь болсон учраас 8 хувийг дахиад бууруулах боломж бүрдсэн л гэсэн үг.

-8 хувийн зээлтэй иргэд эрх ашгаа хамгаалахаар сонордуулга гаргасан байсан. Харин Цэцийн зүгээс сонордуулгыг шалгах ёстой гээд цагдаад өргөдөл өгсөн гэж байгаа. Энэ асуудлыг УИХ-ын дарга юу гэж үзэж байна вэ?

З.Энхболд:

-Фейсбүүкээс мэдээллийг харсан, гудамжинд сонордуулга наасан гэсэн. Хүмүүсийн түрийвчийг хөндчихгүй юу, буцаад 20 хувь болчих вий гэж. Санхүүгийн орчин буцаад 20 хувь болгох нөхцөл рүү явж байгаа. Эрсдэл өсч буй учраас. Хэрвээ хууль эрх зүйн орчинг баталгаажихгүй бол шүү дээ. Тэгэхээр шон дээр сонордуулга наасан нь одоохондоо маш тайван хэлбэрээр бухимдлаа илэрхийлж байна. Тэгэхээр хуулийн байгууллага тэгж айхавтар хатуурхахгүй байлгүй.

-Байрны урьдчилгаан дээр төр дэмжлэг үзүүлж болох юм. Энэ тохиолдолд улсын төсвөөс 20 тэрбум төгрөг шаардана гэлээ. Хэчнээн хүнийг хамруулах эх үүсвэр вэ. 30 хувийнх нь 10 хувийг төрөөс даасан нөхцөлд хамрагдах хүндээ тодорхой шалгуур тавина гэсэн үг үү. Хоёрдугаарт, Монголбанкинд үүрэг өгөөд 8 хувийн зээлийн хүүг 5 хувь болгож буурууллаа. Нөгөө талд нь барилгын компаниуд байрны 1ам метр -ын үнээ өсгөвөл яах вэ. Энэ тохиолдолд барих бодлого юу байх вэ. Мөн 80 ам метрээс дээшх талбайтай орон сууцыг ипотекийн зээлд хамруулах уу. Хамруулах бол хэзээнээс вэ. Хүлээлт үүсчихээд байна?

Н.Золжаргал:

-Цоо шинэ тогтолцоог 2013 онд 4 их наяд төгрөгөөр эхэлж байхад олон талаар хязгаарлаж жигд явуулах гэж оролдсон. Гэнэт эрэлт 4-5 дахин нэмэгдэхэд, үнэ 10 дахин нэмэгдсэн гэдэг тооцоог түрүүн хэлнэ лээ.

Гурван жилийн дотор үнэ зах зээл дээр 20 гаруй хувиар өсөөд жилийн дотор 10 гаруй хувиар буурсан.   Жигд үнийн төвшингөө 20-иод жилийн дотор барих юм бол энэ тогтолцоо маань зөв явна. Бусад юмнууд нь жигд байх ёстой. Үнийн хувьд тогтвортой гэдэг төвшин зөв төвшин.

Зах зээлд өнөөдөр 17 мянган орон сууц эзнээ хүлээж байна. Түүнийг барьсан 200-гаад аж ахуйн нэгж бий. Хэрвээ зах зээлд гуравхан оролцогч байсан бол бүгд үнээ өсгөх байсан болов уу. Нийлүүлэлт огцом явагдаж байгаа үед үнэд огцом нөлөөлөл гарахгүй болов уу. Яагаад гэвэл барилгын компаниудад тулсан юм бол эрэлт талыг сэргээх. Байшингаа барьчихсаны дараа зарах гэхээр эрэлтийг нь огцом унагаад байгаа. Боломж гарангуут байраа зарах сонирхолтой. Дараагийн жил 20 мянган айлын орон сууц баримаар байгаа. Барилгын компаниуд ингэж л ажлаа төлөвлөдөг. Тэрнээс ганц байшин барьчихаад маш өндөр үнэтэй зарахгүй бол болохгүй гээд хүлээгээд сууж байх компани байхгүй. Тэгэхээр үнэд бол онцгой том нөлөө гарахгүй. Орон сууц нь байхгүй үед том эрэлт бий болгох юм бол үнэ огцом өснө.

Эрэлтийг нэмж өгдөг хамгийн том дэмжлэг бол урьдчилгаа 30 хувь дотор төсвөөс гарах 20 тэрбум төгрөг бол бодитой дэмжлэг болно гэсэн судалгааг хийж байгаа. Төсөвт хэрхэн суулгах нь Засгийн газар, УИХ-ын шийдэх асуудал. Бидний хувьд эрэлтээ яаж олон хүнд хүртээмжтэй болгох вэ?. Хүртээмжийг нэмэх юм бол Монголд байгаа орон сууцны тоо 140 мянга биш 250 мянга болж үнэ тогтворжино. Бидний зорилго бол ойрын гурван жилд 40-70 мянган орон сууц эдийн засагт нийлүүлэгдээд өрх гэрүүд орон сууцанд хамрагдвал Засгийн газар УИХ-ын зүгээс урьдчилгаа төлбөр дээр нь тодорхой хэмжээний халамжийн бодлогоо зөв чиглүүлж, уяж өгвөл дэмжлэг болно гэж үзэж байгаа. Тэрэн дээр 20 тэрбум шаардлагатай гэсэн тооцоо гаргасан.

Халамж гэдэг нэрээр бэлэн мөнгөний үер буулгахыг бид дэмжиж чадахгүй. Халамж гэдэг нэрээр сард 80 тэрбум төгрөгийн үер буулгаж байлаа, тэр үед инфляци 14 хувиас буух ямар ч бололцоогүй. Иргэдийн орлого нь 14 хувиар жил болгон үнэгүй болж байхад орон сууцны үнэ жил бүр өсч байсан.

Харин халамж нь өөрөө олон мянган хүний ажлын байрны дэмжлэг, үйлдвэрлэл болж хувирч байгаа нөхцөлд Монголбанк бүрэн дэмжинэ.  

З.Энхболд:

-Барилгын салбарт “НИК”, “Петровис”, “Шунхлай” шиг гуравхан компани байсан бол тэнд хуйвалдаан явна. Одоо 300 гаруй компани байна. Зарлал харсан байлгүй, “Граш үнэгүй, фитнес үнэгүй” гээд бөөн урамшуулал байна лээ. Нэг байр авбал нэг байр үнэгүй авна гэдэг зар байна уу, үгүй юу.

20 тэрбумыг улс өгөхгүй байлаа гэхэд зах зээл явдгаараа явна.

Улс өөрөө шаардлагаа тавина. Ямар монгол айлыг улс харахыг хүсч байна вэ. Нэг газраа олон жил тогтвортой ажилладаг. Эсвэл багш нар нийгэмд чухал гэвэл, эсвэл олон хүүхэдтэй айлд олгоно гэдэг ч юм уу. Тэгэхдээ зөвхөн урьдчилгаа төлбөр дээр 20 тэрбум. Хүртээмжийг тэлэх л зорилго. Цэгүүдээ олж хатгах. Чи сайн ажилласан 1 сая төгрөг өгье биш. Байранд ороход нь урьдчилгаа төлбөрийн зарим хэсэг дээр улс дэмжлэг үзүүлэх. 20 тэрбум бол хамгийн сайн зарцуулалт болно.

-Шинэ орчин бий болгоно гэж байна. Энэ нь Цэц дээр очоод иргэний эрхийг зөрчиж байна гээд дахиад унах вий. Баталгааг яаж өгч байна?

З.Энхболд:

-УИХ хууль гаргах эрхтэй, Үндсэн хуулийн цэц хүчингүй болгох эрхтэй. Тэгэхдээ УИХ-тай заавал ярилцах ёстой. Тэгэхгүйгээр яваад байгаад гол учир байгаа. Бид яагаад ийм хууль гаргаснаа хэлнэ. Тэгэхгүй байх гэж бодож байна. Эрх ашгийг зөрчөөд зах зээлийг гажуудуулсан шийдвэр гаргахгүй байхаа л гэж найдаж байна. УИХ хуулиа гаргана, хамгаална.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж