Сар шинийн сюрприз

2016 оны 1 сарын 7

-Ипотекийн зээлийн хүү буурахад инфляци гол нөлөө үзүүлжээ. Жилийн 8 хувийн ипотекийн зээлийг хэрэгжүүлж эхэлсэн 2013 онд инфляци 14 хувь байсан бол одоо 2.9 хувь болжээ-

Сар шинийн босгон дээр эрх баригчид ипотекийн зээлийн хүүг 5 хувь руу буулгах нь. Жилийн 8 хувийн хүүтэй олгогддог ипотекийн зээлийг 3 хувиар бууруулснаар орон сууцанд хамрагдах иргэдийн тоо илүү өргөжинө гэж үзэж байна. Учир нь зээлийн хүүгийн бууралтыг дагаад уян хатан нөхцөл бий болох юм. Жишээ татвал, “Буянт-Ухаа-2” хорооллын орон сууцнаас 80 м2 гурван өрөө байрыг 20 жилийн хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэйгээр авах бол 30 хувийн урьдчилгаагаа төлчихөд өрхийн сарын орлого нь 900 мянган төгрөгт хүрэхэд л банкны шалгуур хангах аж. Энэ бол шинэ үзэгдэл биш. Гурван жилийн өмнө буюу 2013 онд Монголбанк, Засгийн газар хамтран ипотекийн 8 хувийн зээлийг хэрэгжүүлсэн юм. Энэ үеэс иргэд өндөр хүүтэй орон сууцны зээлээ 8 хувь руу шилжүүлж, хүүгийн дарамтаас чөлөөлөгдөж байсан. Монголын ипотекийн корпорациас гаргасан судалгаагаар дунджаар 18.3 хувийн хүүтэй орон сууцны зээл төлж байсан иргэд 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдсанаар сар бүр 180 мянган төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгджээ. Гурван жилийн хугацаанд 78 мянган өрх ипотекийн зээлд хамрагдсанаас 45 мянга нь шинээр орон сууцанд орсон бол үлдсэн нь өндөр хүүтэй байрны зээлээ 8 хувь руу шилжүүлсэн юм байна.

Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр 352 мянган өрх байгаагаас 204 мянга нь гэр хороололд, 148 мянга нь нийтийн эзэмшлийн орон сууцанд амьдардаг аж. Гэр хорооллын айл өрхүүдээс 189 мянга нь дэд бүтэц хөгжсөн тохилог сууцанд амьдрах хүсэлтэйгээ илэрхийлжээ. Орон нутгийн иргэдээс ч 15 мянга нь Улаанбаатар хот руу шилжиж, орон сууцанд амьдрах сонирхолтойгоо уламжилсан байна. Энэ бол ойрын хугацаанд 200 мянган айл өрхөд орон сууц шаардаж байна гэсэн үг.

Харин өнөөдөр ашиглалтад орсон 17 мянган айлын орон сууц эзнээ хүлээж буй аж. Сүүлийн хоёр жил дараалан тус бүр 20 мянган айлын орон сууц баригдаж, ашиглалтад оржээ. Гэхдээ одоо орон сууцыг борлуулахад тогтвортой хууль эрх зүйн орчин чухал байгаа юм. Учир нь Үндсэн хуулийн цэц нь 2015 оны арванхоёрдугаар сард Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт гаргасан. Үүнтэй холбоотойгоор арилжааны банкууд ипотекийн 8 хувийн зээлээ түр зогсоож, УИХ-ыг хууль эрх зүйн орчин бүрдүүлж өгөхийг хүсч буй.

УИХ-ын даргын тайлбараар бол сар шинээс урьтаж УИХ ипотекийн зээлийг хэрэгжүүлэхтэй холбоотой бүхий л хууль эрх зүйн орчинг баталгаажуулсан хуулийг батална. Бас баталсан хуулиа Цэцийнхнээс хамгаалахаа мэдэгдээд байна. Ингэсэн нөхцөлд банкуудын эрсдэл буурч, жилийн 5 хувийн хүүтэй ипотекийн зээл хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.

Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 13 дугаар дүгнэлтээр үл хөдлөх хөрөнгө барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр барьцаа хөрөнгийг бусдад худалдах, бэлэглэх, давхар барьцаалах, ашиглуулах зэргээр шилжүүлж болох нөхцөл үүссэн юм. Үүгээр зээлдэгч иргэн, аж ахуйн нэгжийн эрх нэмэгдэж байгаа мэт боловч зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ авах боломж хумигдсан аж. Өөрөөр хэлбэл, зээлийн эрсдэл өсч, зээлийн барьцаанд байгаа хөрөнгийн барьцааны үүргийг алдагдуулахад хүрсэн учраас арилжааны банкууд зээл олголтоо зогсоожээ. Гэхдээ Үндсэн хуулийн цэцийн зүгээс Үндсэн хуулиа барьж, иргэнийхээ эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргасан, мөн зээлийн хүүг хөндөөгүй болохоо мэдэгдсэн билээ.

Хэдий ийм тайлбар хийсэн ч Үндсэн хуулийн цэцийн дээрх шийдвэртэй холбоотойгоор “Буянт-Ухаа- 2” хороололд орохоор зээлийн шийдвэрээ хүлээж байсан 200 өрх байрандаа орж чадаагүй байна. Удахгүй УИХ хүлээсийг тайлах тул иргэд орон сууцанд орох боломж бүрдэхийн зэрэгцээ барилгын компаниудын үйл ажиллагаа сэргэж, банкууд ч эрсдлээс сэргийлэгдэх нь.

Ипотекийн зээлд хамрагдахаар арилжааны банкинд бичиг баримтаа бүрдүүлэн өгч, шийдвэрээ хүлээж байсан иргэдийн хувьд Цэцийн дээрх шийдвэртэй холбоотойгоор хүлээхээс өөр аргагүй болж, 8 хувийн зээл өсөх вий гэсэн айдастай байсан бол одоо тайвширч болохоор боллоо. Учир нь сар шинээс урьтаж УИХ хууль батална, мөн түүнийг дагаад ипотекийн 8 хувийн зээл 5 хувь болж буурах нь. Эрх баригчид сар шинээр ард түмэндээ том сюрприз барих нь.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна