Л.Отгонбаяр: Говьд бэлтгэлээ хийсэн

2016 оны 1 сарын 7

Энэ сарын 2-ны өдөр БНХАУ-ын Сямын хотноо болсон Олон улсын марафоны тэмцээнд оролцсон манай баг тамирчдаас ОУХМ Б.Гантулга, Л.Отгонбаяр, Б.Мөнхзаяа нар олимпийн эрхийн нормативыг дахин биелүүлээд ирсэн. Өнгөрсөн онд гавьяат тамирчин Б.Сэр-Од “Рио”-г зорих эрхээ биелүүлж, баталгаажуулсан бол дахин гурван марафонч эрхийн нормативыг биелүүллээ.

Ингээд "Xiamen International marathon" mэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд 9-р байрт орж, олимпийн эрхийн цагийн нормативыг дахин биелүүлсэн ОУХМ Л.Отгонбаяртай ярилцлаа.

-Юуны өмнө шинэ оны анхны тэмцээнд амжилттай оролцож, Олимпийн эрхийн нормативыг дахин биелүүлсэнд баяр хүргэе. Таны хувьд "Xiamen International marathon" тэмцээний топ 10-д багтлаа? Тэмцээний талаарх мэдээллийг өгөхгүй юу?

-Монголын марафоны тамирчид оны өмнөхөн буюу 12.30-ны өдөр урд хөршийг зорьсон. Бидний зорилго бол Сямын хотод болдог уламжлалт Олон улсын тэмцээнд амжилттай оролцох байлаа. Энэ зорилгоо хангалттай биелүүлж чадлаа. Энэ удаагийн тэмцээнд дасгалжуулагч Б.Төрбатын удирдлага дор долоон тамирчин оролцож, гурван тамирчин олимпийн эрхийн нормативыг биелүүлсэн. Эрэгтэйчүүдийн ангилалд Б.Гантулга, эмэгтэйчүүдийн ангилалд миний бие мөн залуу тамирчин Б.Мөнхзаяа нар “Рио-2016” олимпийн наадмын эрхийг нормативыг хангасан байгаа. Энэ тэмцээнд дэлхийн олон шилдэг тамирчид хүрэлцэн ирж, оролцсон. Тэмцээний дүнгээс харж байхад хар тивийн гүйгчид үнэхээр хүчтэй байлаа. Эрэгтэй, эмэгтэй ангилалд тэд тэргүүлэгчийн байраа алдаагүй. Эмэгтэй ангилалд Этиопын дөрвөн тамирчин эхний байруудад орсон гэхээр үнэхээр өрсөлдөөн ихтэй тэмцээн байлаа. Гэхдээ миний бие 9-р байранд орж, Б.Мөнхзаяа 10, Г.Хишигсайхан 11-р байрт орсон. Б.Мөнхзаяа бид хоёрын хувьд өмнө нь үзүүлж байсан олимпийн эрхийн нормативыг дахин биелүүлсэн. Мөн топ-10-т багтсан гэдгээрээ Олимпод оролцох эрхээ бүрэн хангасан гэсэн үг.

"Xiamen International marathon” бол оны эхэнд болдгоороо ихээхэн онцлогтой. Мөн топ 10-т орсон тамирчдын хувьд Олимпийн эрх нээлттэй учраас орон бүрийн тамирчид холоос гэлтгүй зорьж ирсэн. Хэдийгээр дэлхийн шилдэг гүйгчид болох Кени, Этиопын тамирчид очиж, шилдэг гэдгээ харуулсан ч Монголын тамирчид өндөр амжилттай ирлээ. Бидний хувьд Олон улсын хөнгөн атлетикийн холбоонд эрт амжилтаа бүртгүүллээ. Би төрсөн нутаг болох Өмнөговь аймагтаа очиж бэлтгэлээ хийсэн. 

-Цагийн амжилтын тухайд?

-Олимпийн наадмын хамгийн олон төрөлтэй нь хөнгөнатлетик байдаг. Марафоны тамирчдын хувьд 42 км 195 метрийн зайг эрэгтэйчүүд 2 цаг 45 минут /2.45.00/, эмэгтэйчүүд 2 цаг 19 минутаас дотогш гүйсэн байх ёстой. Миний хувьд энэ удаагийн тэмцээнд 2 цаг 42 минут 47 секундын амжилтыг үзүүлж, IX байрт орсон. Харин БНАСАУ-аас ирсэн марафончдоос 6, 8-р байрт орсон. Тэгэхээр эмэгтэй ангилалд Ази тивээс Ардчилсан Солонгос, Монголын марафончид хүчтэй байж, топ 10-т багтаж, олимпийн эрхийн нормативыг биелүүллээ.

-Таны хувьд олимпийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн олон жил оролцож байна. Гэтэл “Рио-2016” наадамд марафоны эрхийг олон тамирчид биелүүлээд эхэллээ. Үүнд та юу гэж бодож байна вэ?

-Манай марафон гүйлтийн тамирчдын амжилт жилээс жилд ахисаар байна. Монголоос урьд нь хоёр тамирчин олимпийн наадам, дэлхийн аваргад оролцдог байсан бол өнөөдөр дөрвөн эрхийг баталгаалжуулчихлаа. Цаашдаа энэ эрх ч нэмэгдэх боломжтойг энэ удаагийн тэмцээн харуулсан. Эндээс харахад манай залуу тамирчдын амжилт өндөр байна. Энэ тэмцээнд Г.Хишигсайхан 11-р байрт орохдоо 2 цаг 47 минутын амжилтыг үзүүлсэн. Түүнд цаашид 2 минут 45 минутаас дотогш гүйх боломж байна. Цаашид манай залуу тамирчдын хувьд эрхийн нормативыг биелүүлээд олимпийн наадамд оролцох боломж нээлттэй. Тамирчид олноор гарч байгаа нь бидэнд ашигтай шүү дээ. Олимпийн наадамд улс бүрээс эрэгтэй, эмэгтэй гурван тамирчин оролцох эрхтэй байдаг. Бидний хувьд Риод олуулаа очих тусам амжилт төдий чинээ ахина гэсэн үг. Тэгэхээр залуу тамирчид маань бэлтгэлээ улам сайн хийгээд эрхийн нормативын төлөө зүтгэх хэрэгтэй. Тийм боломж манай тамирчид дунд байгаа.

-Таны хувьд олимпийн эрхийн эхний нормативыг өнгөрсөн онд биелүүлж байсан гэсэн. Аль тэмцээнд эрхийн нормативыг хангаж байсан бэ?

-2015 оны тавдугаар сард Германы Ханбург марафонд олимпийн эрхийн цагийн нормативыг биелүүлж байсан. Тухайн үед эхний топ 10-т орох нормативыг биелүүлж чадаагүй байсан юм. Харин Сямын марафонд цагийн нормативаас гадна топ 10-т орох зорилт тавин очоод биелүүлж чадлаа. "Xiamen International marathon" тэмцээн нь Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос батлагдсан “Алтан” зэрэглэлийн тэмцээн учраас эхний 10-т багтсан тамирчид цагийн нормативыг биелүүлсэн тохиолдолд Олимпод оролцох эрхтэй байдаг. Энэ удаагийн тэмцээнд цаг болон байрын нормативыг хоёуланг нь биелүүлж чадлаа.

-Өнгөрсөн жилийн хөнгөн атлетикийн ДАШТ Бээжинд болсон. Таны хувьд хэд дэх удаагийн дэлхийн аваргын тэмцээн байсан бэ?

-Миний хувьд хоёр удаа олимпийн наадамд, таван удаа дэлхийн аваргад оролцсон. Өнгөрсөн оны дэлхийн аварга Бээжинд болсон ч төлөвлөж байсан хэмжээнд гүйж чадаагүй.

-Таны хувьд “Рио-2016” олимпоос өмнө хэдэн тэмцээнд оролцох вэ?

-Олимпийн наадмаас өмнө гурван гараа хийнэ. Хамгийн ойрын тэмцээн бол ирэх гуравдугаар сард БНХАУ-д болох марафонд оролцох төлөвлөгөө бий.

-Өвлийн цагт гадаа гүйлтийн бэлтгэл хийхэд хэцүү байдаг. Гавьяат тамирчин Б.Сэр-Од өдгөө Япон улсад бэлтгэлээ хийж байна. Таны хувьд энэ удаагийн тэмцээний тэмцээний бэлтгэлээ хаана хийсэн бэ?

-Марафоны бэлтгэлийг нэг удаа хийхдээ олон цагаар хийдэг. Өвлийн цагт марафоны бэлтгэлийг хийхэд хэцүү. Тийм болохоор аль болох дулаан газар очиж, бэлтгэлээ хийхийг зорьдог. "Xiamen International marathon” бол оны эхэнд болдгоороо ихээхэн онцлогтой. Мөн топ 10-т орсон тамирчдын хувьд Олимпийн эрх нээлттэй учраас орон бүрийн тамирчид холоос гэлтгүй зорьж ирсэн. Манай тамирчдын хувьд энэ тэмцээнд амжилт үзүүлэх юм бол Олон улсын хөнгөн атлетикийн холбоонд эрт амжилтаа бүртгүүлэх боломжтой байлаа. Тиймээс хүн бүр бэлтгэл дээр хамаг анхаарлаа хандууллаа. Би төрсөн нутаг болох Өмнөговь аймагтаа очиж бэлтгэлээ хийсэн. Түүний үр дүн тэмцээн дээр гарлаа. Хэдийгээр дэлхийн шилдэг гүйгчид болох Кени, Этиопын тамирчид очиж, шилдэг гэдгээ харуулсан Монголын тамирчид өндөр амжилттай ирлээ. Энэ дашрамд, “Ажнай Таван толгой Транс” компани, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ий захирал Ц.Даваасүрэн, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийн хамт олондоо талархаж байгаагаа хэлмээр байна.


НЭМЭЛТ:

"Xiamen International marathon" /2016.01.02/

42 км 195 метр.

Эрэгтэй:

11-р байр: ОУХМ Д.Гантулга 2 цаг 18 минут 50 секунд. (Олимпийн эрхийн цагийн нормативыг 2 дахь удаагаа)

13-р байр: спортын мастер Н.Мөнхбаяр 2 цаг 28 минут 40 секунд.

18-р байр: спортын мастер Г.Гүррагчаа 2 минут 35 миунт 15 секунд.

Эмэгтэй:

9-р байр: ОУХМ Л.Отгонбаяр 2 цаг 42 минут 47 секунд (Олимпийн эрхийн цагийн нормативыг 2 дахь удаагаа)

10-р байр: ОУХМ Б.Мөнхзаяа 2 цаг 43 минут 31 секунд (Олимпийн эрхийн цагийн нормативыг 3 дахь удаагаа)

11-р байр: спортын мастер Хишигсайхан 2 цаг 47 минут 33 секундэд замаа туулжээ.

Тэмцээнийг зохион байгуулагч орны тамирчдаас 13-р байрт орсон нь хамгийн өндөр амжилт болжээ.

Ч.БОЛОРЧУЛУУН

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна