Мөнгөгүйдсэн малчид

2016 оны 1 сарын 7

-Малчид бол ядуу хүмүүс яавч биш. Тэднийг Африкийн үгээгүйчүүдтэй, ус ундгүй ангаж цангасан хүмүүстэй зүйрлэшгүй. Хооллоё гэвэл хот дүүрэн сүрэг, хувцаслая гэвэл бойлсон малын арьс ширнээс их юм тэдэнд үгүй-

Малчдыг ядуу гэвэл хэн ч итгэхгүй. Хот дүүрэн хонин сүрэг, зэл дүүрэн үхэртэй хүн ядуу байх уу гэх нь бий. Ер нь бол манай улс хүн амынхаа тооноос хорь дахин олон мал сүрэгтэй болохоор ядуу орны тоонд яагаад ч орохгүй. Гадныхан бол ганц үхэртэй айлаа боломжийн амьдралтайд тооцдог. Гэтэл жил жилд хүйтэн сэрүүний улиралтай зэрэгцэн цас зуд, малчдад хаягласан тусламж дэмжлэг, элгэвч нэмнээ болоод явчихдагаас малчдыг ядруухан амьдралтай, хэцүүхэн нөхцөлд аж төрдөг гэх сэтгэлгээ хэн хүнд төрдөг нь нууц биш. Энэ жилийн хувьд ч наашлан буй мичин жилийн ай сураг чих дэлсэж, малчдын тусламжийн тухай яриа хэдийнээ эхэлжээ.

Монгол орны нийт нутгийн тал хувь нь цас ихтэй, зудархуу байдалтай өвөлжиж байгааг улсын Онцгой комиссоос мэдээлжээ. Гэвч энэ бол гэнэтийн мэдээ огт биш. Бараг л зуны сард ч “Ирэх өвөл, хавар ширүүхэн болох нь. Эртнээс бэлдэх минь” гэсэн хүмүүс байсан. Гэтэл эртнээс бэлдсэн дүр зураг ер харагдсангүй. Өнөөх л өвс тэжээл, хадлан бордоогоо алга тосон хүлээсэн хэвээр байна, малчид.

Улсын нөөцөөс хөнгөлөлттэй үнээр болон огт үнэ хөлсгүйгээр өвс олгох тухай яриа гарахтай зэрэгцэн дотоод гадаадын хүмүүнлэгийн байгууллагынхан малчдын зүг хараа бэлчээж эхэлжээ. Монголын Улаан загалмайн нийгэмлэгийнхэн хараа бэлчээгээд зогсохгүй энэ сараас эхлэн малчдад тусламжийн гараа сунгана хэмээн мэдэгджээ. Ингэхдээ алс тэртээх Английн улаан загалмайнхнаас ам өчиг авсан гэнэ. Тэндээс илгээх 140 сая төгрөгийн тусламжийг зургаан аймгийн 1600 өрхөд хуваарилна гэдгээ ч тооцсон гэнэ. Мөн олон улсын улаан загалмайн хороо 300 сая төгрөг амлаад байгаа аж.

Энэ мэтчилэн хол ойрын сайхан сэтгэлт хүмүүсээс тусламж хурааж, түүнийгээ тарааж байгаа нь хүмүүнлэгийн байгууллагын үндсэн үүрэг болохоор зөв бурууг шүүх нь илүүц. Гэвч ганцхан зүйлийг тодотгохоос аргагүй нь. Малчид бол ядуу хүмүүс яавч биш. Тэднийг Африкийн үгээгүйчүүдтэй, ус ундгүй ангаж цангасан хүмүүстэй зүйрлэшгүй. Хооллоё гэвэл хот дүүрэн сүрэг, хувцаслая гэвэл бойлсон малын арьс ширнээс их юм тэдэнд үгүй. Хүнээ бүү хэл гэрээ арьс ширээр бүрчих боломж бий. Харин тэдэнд бэлэн мөнгө байдаггүй гэдэг нь юу юунаас илүү үнэн. Тиймээс ч малчдад хамгийн хэрэгтэй зүйл юү вэ гэсэн асуултад олонх нь бэлэн мөнгө гэж хариулсан байна. Улаан загалмайнхан ч үүнийг ойлгож, тусламжийнхаа тодорхой хэсгийг бэлэн мөнгөөр олгохоор болж. Нэг хүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэхүйц буюу 192 мянган төгрөгийг дансанд нь шилжүүлэх хэлбэрээр олгохоо хүмүүнлэгийн үйлст хатагтай Н.Болормаа албан ёсоор мэдэгджээ. Мөнгө бүхнээс хүчтэй нь үнэн боловч хот дүүрэн мал сүргээ мөнгө болгох арга ухаан, аж ахуйч сэтгэлгээ л хамгаас чухал байгаа юм. Тиймээс малчдад хамгаас дутагдаж буй зүйл бол бэлэн мөнгө биш, мөнгө босгох арга ухаан.

Төгсгөлд сануулахад, хүмүүнлэгийн байгууллагынхан болоод төр засгаас түгээж буй үнэгүй тусламж, мөнгө төгрөг нь зорилтот бүлэгтээ тухайлбал, 1-5 хүртэлх насны хүүхэдтэй айл, өндөр настан, жирэмсэн эхчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл, отор хийж, нутгаасаа алсад өвөлжиж буй айл өрхүүддээ онож очоосой доо. Сумын төв рүү байсгээд шогшиж очоод хол ойрын чимээг түрүүлээд сонсчихдог, сүүхэйтэй, сэргэлэн, нутгийн удирдлагууддаа ая тал зассан заримдагуудад хүрчдэг гэм бас бий.

Нөгөөтэйгүүр хонин жилийн өвөл мичин жилийн хавартай золгоход байдал одоогийнхоос ч хатуурхах гэмтэй билээ.

Д.ЦЭЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна