Диснейн гүнжээс попын гүнж рүү

2016 оны 1 сарын 7

Дэлхий дээр өсвөр наснаасаа эхлэн шоубизнесийн амьдралд хөл тавин, олны танил болсон олон залуучууд бий. Тэдгээрийн дундаас дуу хөгжим болон кино урлагийн салбарт аль алинд нь хүч үзэж яваа хэд хэдэн залуу уран бүтээлчид бий бөгөөд энэ удаад бид Селена Гомезийн амьдрал уран бүтээлийг онцолж байна.

Блиц:

Бүтэн нэр: Селена Мэри Гомез /Селена гэдэг нь Грекээр сар гэсэн утгыг илэрхийлнэ/

Төрсөн он сар өдөр: 1992 он долдугаар сарын 22.

Төрсөн газар: Техас

Түүний үлгэр жишээ авдаг жүжигчин: Жонни Депп болон Рэчил МкАдамс

Селенаг түүний ээж нь 16 настайдаа төрүүлсэн бөгөөд эцэг эх нь 5 настай байхад нь салжээ. Селена 2001 оноос хойш Дисней компанийн олон бүтээлүүдэд тоглож байсан боловч, хамгийн амжилттай хэрэгжиж, түүнийг олны танил болгосон гэрээ нь 2007 онд Диснейн телевизийн цуврал болох “Wizards of Waverly Place”-ийн гол дүрд тоглосноор амжилтынх нь суурь тавигджээ.

Энэ үед тэрээр ээжтэйгээ хамт Техасын амьдралаа бүрмөсөн орхиж, Лос-Анжелост нүүн иржээ. 2008 оноос эхлэн тэрээр жүжиглэхээс гадна дууны урлагийг давхар сонгож, “Selena Gomez and the Scene” хамтлагийг байгуулсан нь түүнийг Диснейн гүнжээс попын гүнж болох эхлэлийг тавьжээ.

Хэдий тийм ч, гэнэн охины төрхөө өөрийн имидж болгосон түүнийг дэлхийн хэмжээний дуучин хэмээн хүлээн авч чадахгүй байлаа. Гэхдээ мэдээж түүнийг бага наснаасаа эхлэн сонссон үзэгчид нь түүний карьертай хамтдаа өсөн том болж, түүний сонсогчдын орон зайг хадгалсаар байсан юм.

Харин сүүлийн нэг хоёрхон жилээс эхлэн түүний сонсогчдын хүрээ тэлж, орчин үедээ тохирсон мэдрэмжтэй дуунуудыг гаргаж эхэлсэн юм. Энэ бүх амжилтынх нь ард мэдээж “Hollywood Records”, “Interscope Records”-ууд бий. Селена дээрх продакшнуудтай хамтран ажиллах гэрээ байгуулснаар сүүлийн үед гараад буй дуунууд нь бүтжээ. Түүний урлагтай амьдралаа холбосон арван жилийн хугацаанд хамгийн их нэр хүндэд хүргэсэн он бол 2015 он гэдгийг тэрбээр нэгэн ярилцлагадаа онцолсон байна.

Гэхдээ нэг зүйлийг мартаж болохгүй. Селенаг хамгийн их олны анхааралд өртүүлж, эцэс төгсгөлгүй хов живний эзэн болгосон зүйл нь түүний карьер гэхээсээ илүү хувийн амьдрал нь юм. Тэрээр өөрөөсөө хоёр насаар дүү, залуу од Жастин Биебертэй 2010 оноос болзож эхэлсэн. Залуу хосын “on an off” харилцааны талаар сенсаацитай мэдээ цацагдаагүй сар бараг байгаагүй. Тиймээс ч тэднийг энтертайнмент ертөнцөд “Желена” хэмээн товчлон бичих болжээ.

Хэдий, одоогоор тэд хоёр тийш болсон байгаа боловч Селенагийн түүнээс хойшхи бүхий л уран бүтээлүүдийг Жастинтай холбож ойлгодог хандлага хэвээр. Хэрэв тэр гунигийн дуу дуулбал шар хэвлэлүүэд Селена Жастинийг одоо ч санаж байна хэмээн бичиж эхэлдэг. Тэдний хэдэн удаа харьцаагаа тасалж бас эхлүүлснийг дурдах нь илүүц биз.

Ямартай ч, Селена бол хүүхдийн нэвтрүүлгийн гүнж байхаа больж, насанд хүрсэн үзэсгэлэнтэй бүсгүй болсон. Тэр хэрээр чанар чансаа нь өссөн уран бүтээлүүд ар араасаа цацагдсаар байна. Өнгөрсөн хугацаанд Селена таван цомог гаргаснаас, сүүлд гаргасан “Revival” нэртэй шинэ цомог нь маргаангүй амжилт дагуулж байна.

Уран бүтээлээс гадна, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сантай хамтран ажилладаг учир хүүхдийн төлөөх хандивын ажлуудад идэвхтэй оролцож иржээ. Селена хувийн бизнеэсээ “July Moon” хэмээх компанийнхаа нэрээр явуулдаг бөгөөд “Dream Out Loud” гэх шинэ брэндийг бүтээж, өвөрмөц загварын хувцас болон үнэртэй ус гаргаж байсан юм.

Жил жилийн Викториа’с Секретийн тайзан дээр хамгийн олон удаа дуулсан дуучны тоонд тэрээр ордог. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн аравдугаар сараас Селена “Pantene” брэндийн нүүр царайгаар ажиллаж эхэлжээ.

Г.СҮМБЭЭ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна