Гишүүдийн баяр дуусаагүй

2016 оны 1 сарын 7

Шинэ жилийн баяр дуусч, ажлын өдрүүд хэдийн эхэлсэн ч улстөрчдийн хувьд амралт зугаалга нь дуусаагүй бололтой.

Өнгөрсөн даваа гаригт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг ч, гишүүдийнх нь баяр дуусаагүй учраас МАН,АН-ынхан тодорхой шалтгаангүйгээр хуралдсангүй.

Улмаар энэ долоо хоногийн мягмар, лхагва гаригт болох байнгын хороодын хуралдаан ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар хойшлогдов.

Даваа гаригт хуралдахаар товлосон ажлын хэсгийнхний нэг ч хуралдаан болоогүй. Тэгвэл мягмар гаригт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хоёр асуудлаар буюу Тариалангийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төслийг Төсвийн байнгын хороогоор “Аудитын сэдэв батлах тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг, Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр товлосон ч ямар ч хуралдаан болсонгүй.

Лхагва гаригт дөрвөн байнгын хороо буюу Эдийн засгийн байнгын хороо Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд, “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын  тогтоолын төсөл, Төрийн өмчийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүд,Монгол Улсын Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл ,Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл/, “Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,Өргөдлийн байнгын хороо Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Улсын Их Хурлын тогтоолоор Засгийн газарт чиглэл өгөх асуудлаар ирүүлсэн өргөдлийг хэлэлцэхээр тус, тус товлосон ч гишүүдийн гадаад, дотоодын аялал, амралт дуусаагүй учраас дээрх хуралдаанууд бүрд хойшлогдсон юм.

Ийнхүү нэгдүгээр сарын эхний аравдугаар хоногт ажлаа хийгээгүй УИХ-ын намрын чуулганы завсарлах хугацаа ойртсоор байна.

Жижгүүдийг жийсэн сонгуулийн хуулийг баталж аваад санаа нь амарсан уу, аль эсвэл баярынх нь алжаал ядаргаа тайлагдаагүй юу, бүр амралт зугаалгаа дуусгамааргүй байгаа ч юм уу ямартай ч УИХ-ын байнгын хороодын үйл ажиллагаа амралтын байдалтай, саарал ордон эл хуль байна.

Сонгуулийн жил амрах ч сөхөөгүй ажиллах ёстой эрх баригчид, шинэ жилийн өмнөхөн талбай дээр жагсаал хийж, дүн өвлийн хүйтнээр улс төрийн акцаа эхлүүлсэн МАН-ынхан ажилдаа ирэхгүй байхыг бодоход тэд Сонгуулийн хуулиар санаснаа гүйцэлдүүлчихэв үү гэсэн хардлага ч төрж байна.

“Чоно борооноор” гэгчээр аливаа баяр ёслолоор далимдуулан баахан хууль бөөнддөг, эсвэл олны анхаарал баярын уур амьсгал дээр төвлөрөх цагаар өөрсдөдөө нийцүүлсэн хууль баталдаг бичигдээгүй хууль манай парламентад бий болоод удаж байгаа. Тиймээс ажлаа явуулахгүй, хурлаа хийхгүй явж байгаад шинэ оны өмнөхөн баахан хууль өөрсдөдөө зориулан батлаад чуулганы хуралдаанаа завсарлуулах вий гэсэн эмзэглэл ч байна. Намрын чуулган завсарлахад цөөхөн хоног үлдээд буй. Харин хаврын чуулганаар АН, МАН аль аль нь хуралдаандаа анхаарлаа хандуулах нь юу л бол.

Б.ХОНГОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна