АСЕМ-ийн бэлтгэлийг дахин хэлэлцлээ

2016 оны 1 сарын 7

2016 оны долдугаар сард Монгол Улсад зохиогдох Ази, Европын Дээд түвшний XI уулзалтыг зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний Зөвлөлийн 13 дахь удаагийн хуралдаан боллоо.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ахалж буй Үндэсний зөвлөл энэ удаагийн хуралдаанаараа уулзалтын бэлтгэл ажил, санхүүжилттэй холбоотой асуудлуудыг хэлэлцсэн байна.

Хуралдаанаар кибер аюулгүй байдлыг хангах болон Шуурхай удирдлагын штаб, Нэгдсэн удирдлагын төвд шаардагдах техник, тоног төхөөрөмж худалдан авах, Улаанбаатар хотын зарим чиглэлд авто зам тавих, гэрэлтүүлэг шинэчлэх, зочид буудлын зарим санхүүжилтийг гүйцээх зэрэг АСЕМ-ын бэлтгэл ажлын санхүүжилттэй холбоотой мэдээллийг сонсч, санхүүжилтийг ойрын хугацаанд яаралтай шийдвэрлэхээр тогтлоо.

Энэ дөрөвдүгээр сараас АСЕМ-ын дагалдах хурлуудын үйл ажиллагаа эхлэх учраас дэд ажлын хэсгүүдийг байнгын ажиллагаатай болгож, ажлын хэсгүүдийн хурлыг тогтмолжуулахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг холбогдох хүмүүст үүрэг болголоо.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна