Хятадын хөрөнгийн биржүүд хаагдав

2016 оны 1 сарын 7

Хятадын хөрөнгийн биржүүд өнөө өглөө /I.7/ нээгдээд хагас цаг болоогүй байхад арилжаагаа зогсоолоо. Хятадын хөрөнгийн биржүүдийн индексүүд долоон хувь давж унасан тул арилжааг бүтэн өдрөөр зогсоосон байна. Өнөө өглөө 9.58 цаг гэхэд Шанхайн “Shanghai Composite” индекс 7.32 хувь, “Shenzhen Composite” 8.35 хувиар унасан аж.

Үнийн хэлбэлзэл их байгаа үед арилжааг автоматаар зогсоох шинэ журмыг Хятадад нэгдүгээр сарын 4-өөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн юм. Хэрэв индексийн уналт таван хувьтай байвал арилжааг 15 минут, долоон хувьд хүртэл бүтэн өдрөөр зогсоохоор журамд заасан байна.

Энэ оны эхний даваа гаригт Хятадын хөрөнгийн биржүүд хоёр ч удаа арилжааг зогсоосон билээ. Гэвч Хятадын энэ арга хэмжээ нь тус болохоосоо илүү хөрөнгө оруулагчдыг улам цочролд оруулсан гэж “Phillip Securities'” шинжээч Чен Сингю хэлсэн байна.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна