Чуулганы хуралдаан завсарлалаа

2016 оны 1 сарын 7

Засгийн газраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-нд өргөн барьсан Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг Д.Дорлигжав сайд, Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү танилцууллаа.

Ж.Батзандан: Арбитр гэж Монголд байхгүй. Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэд нэг юм байдаг.

Д.Дорлигжав: Хуулийн төсөлд арбитрыг түр болон байнгын гэсэн хоёр янз байхаар зохицуулсан

С.Дэмбэрэл: Сая хуульч мөртлөө, цогтой халуун үгтэй зарим гишүүдийн хэлсэн үгийг сонслоо. Арбитрын талаар юу ч мэддэггүй юм байна. Би танхимын дэргэдэх арбитрын шүүгчээр арван жил ажилласны хувьд арбитр гэж юу болохыг сайн мэднэ. Би бүр ажлын хэсэгт ажилламаар байна. Ажлын хэсгийн туршлагатай хүнээр ахлуулмаар байна. Энэ бол маш чухал хууль шүү.

О.Баасанхүү: Бизнесменүүдийн хувьд цаг, хугацаа, мөнгө чухал байдаг. Гэтэл манайд хурдан шуурхай байдал тааруухан байдаг. Хугацаагаа хуульчлахдаа маш нарийн гаргаж өгөхгүй бол шүүгчээсээ болоод Монгол Улсын нэр хүнд унах аюултай. Бас энэ хуулиар далимдуулаад гадныхан Рио Тинто ч юм уу Монгол Улсын барьцаалчих вий. Бид бусад орны жишгийг дагах ёстой. Энэ бол худалдааны байгууллагын дүрмийг арбитр болгоод явж байгаа гэдэг үнэн. Энэ бол худалдааны шүүх юм.

С.Дэмбэрэл: Энэ хуулийн гол утга учир нь яаж маргаан шийдвэрлэх вэ гэдэгт байна. Жишээлбэл, төрийн худалдан авалт байна. Энэ бол хамгийн их маргаан дагуулдаг асуудал. Үүнийг хуульд яаж шийдвэрлэх вэ гэдгээ тусгах ёстой. Арбитрын хууль бол маш нарийн байдаг юм билээ. Тухайлбал, арилжаа, худалдаа хоёроо бид ялгадаггүй. Гэтэл арилжаа нь илүү өргөн утгатай байдаг юм байна лээ. Дахин хэлэхэд энэ хуулийн ажлын хэсэгт орж ажиллахад бэлэн байна шүү.

З.Энхболд: Ажлын хэсэг нь Дэмбэрэл гишүүний үгийг анхаарахгүй. Дэмбэрэл гишүүнийг ажлын хэсэгт оруулаарай.

Ингээд уг хууль болон бусад дагалдах хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэдэг асуудлаар санал хурааснаар 49 гишүүн оролцож, 39 гишүүн дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлж, чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлууллаа.

Г.ТУУЛ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна