Лос-Анжелест онц байдал үүсчээ

2016 оны 1 сарын 7

 

АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес орчимд өнгөрсөн хоёр сарын хугацаанд байгалийн хий алдагдаж, онц байдал үүсжээ. Калифорни муж улсын захирагч Жерри Браун байгалийн хийн алдагдлыг засахыг үүрэгдэж, онц байдал зарласан байна. “Southern California Gas” компанийн газар дорх байгалийн хий хадгалах уурхай маягийн агуулахаас метан хий алдагдаж байгаа аж.

 

Алисо хавцал дахь байгалийн хий хадгалах агуулахаас хий алдагдаж байгааг өнгөрсөн аравдугаар сарын 23-нд олж тодруулжээ. Гэвч гэмтсэн хоолой 1475 га газрын хаа нэгтээ хэдэн зуун футын гүнд байгаа тул хий алдагдлыг олж засахад хүндрэлтэй байгаа аж. Байгалийн хий алдагдлыг зогсоох ажил гуравдугаар сарын сүүл гэхэд бүрэн дуусахыг компанийн зүгээс мэдээлжээ. Албаныхны тооцоогоор эвдэрхий хоолойноос цагт 30300 кг метан хий алдагдаж байгаа гэнэ.

 

Алисо хавцлын ойролцоо орших Сан-Фернандод 30 мянга гаруй хүн амьдардаг байна. Тэднийг нүүлгэн шилжүүлэх ажлыг өнгөрсөн зул сарын баярын амралтын өдрүүдээр зохион байгуулжээ. Метан хий алдагдлаас үүдэн оршин суугчдад толгой өвдөх, бөөлжис цутгах, амьсгал боогдох, хий амтагдах зэрэг зовиур шинж тэмдэг илрэх болсон аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна