Улстөрчдийн ах дүүг “харж үзнэ”

2016 оны 1 сарын 7

Үндсэн хуулийн дунд шатны маргаашийн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль “эцэг” хуулийг зөрчсөн эсэхийг хэлэлцэх юм. Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолоор баталсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмын зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж зарим иргэнээс үзэж Үндсэн хуулийн цэцэд хандаж гомдол гаргажээ.

Өнгөрсөн 2015 оны наймдугаар сард зарлан хуралдсан ээлжит бус чуулганы хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг УИХ-аас баталсан бөгөөд уг хууль нь дөрвөн хуудас бүхий долоон зүйл заалтаас бүрдсэн.

Хуулийг батлах явцад “4.1.7. Авлигын эсрэг хууль” гэсэн заалтыг хасах санал олонхын дэмжлэг авсан тул энэ заалттай холбоотой төслийн хоёрдугаар дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Авлигын эсрэг хуулийн дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргахаар” гэснийг, 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн “мэдүүлэг, холбогдох байгууллагад шинээр гаргаж өгсөн хөрөнгө, орлогын” гэснийг, мөн хэсгийн “хөрөнгө, орлогын” гэснийг, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “болон хөрөнгө, орлогын мэдүүлэг” гэснийг тус тус хасаж, төслийн эцсийн хувилбарт тусгасан. Ингэснээр Авлигын эсрэг хуулийн дагуу жил бүр хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг 40 мянган төрийн албан хаагчид энэ хууль хамаарахааргүй болсон юм.

Ил тодын хууль батлагдахаас өмнө сүүдрийн эдийн засагт эргэлдэж байгаа мөнгөний хэмжээ ДНБ-ийн 40 хувьтай тэнцэж байв. Наймдугаар сарын 7-ноос буюу батлагдсан өдрөөсөө хэрэгжиж эхэлсэн уг хуулийн хүрээнд оны эцсийн байдлаар найман их наяд төгрөгийн хөрөнгө ил болсон бөгөөд шинэ оны өмнөхөн УИХ-аас хуулийн хэрэгжих хугацааг ирэх хоёрдугаар сарын 20 хүртэл сунгасан.

Гудсан доор нуусан хөрөнгийн олох операци санасныг бодвол маш амжилттай хэрэгжиж байгааг албаны хүмүүс тодотгосоор буй. Учир нь уг хуулийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх явцад “Хуулийн хүрээнд найман их наяд хөрөнгө илрэх боломжтой”-г ТЕГ-ын дарга асан Б.Ариунсан тайлбарлаж байв. Тэгвэл оны сүүлээр гэхэд найман их наядын хөрөнгө хэдийнэ илэрсэн хууль хэрэгжээд дуусах хугацаанд тооцоолж байснаас ч илүү хөрөнгө илрэх боломжтойг Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав дуулгав.

Энэ сарын 1-нээс эхэлсэн НӨАТ цаашдаа төгрөг нэг бүрийг тоолох нөхцөлийг бүрдүүлж, хоёр тайлантай аж ахуйн нэгж компаниуд зах зээлээс шахагдахад хүрэх тул ийнхүү Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль улстөрчдийн төсөөлж байгаагаас амжилттай хэрэгжиж, өнгөрсөн 2007 онд Татварын өршөөлд хамрагдаж чадаагүй аж ахуйн нэгжүүд ч гудсан нуусан хөрөнгө ил гаргах талаар идэвхтэй хандаж байгааг гааль, татвар, бүртгэл мэдээллийнхэн хэлж байна.

Эдийн засагт нуугдсан их хөрөнгийг илрүүлэх хууль Үндсэн хуулийн цэц дээр “дуудагдах” болсон шалтгаан нь дагалдах журамтай нь холбоотой аж. Журамд эрх бүхий байгууллагын акт тавьсан аж ахуйн нэгжүүд уг хуульд хамаарахгүй гэсэн нь Үндсэн хуулийг зөрчиж байна гэж үзсэн бололтой. Өөрөөр хэлбэл, татварын торгууль акттай хүмүүс уг хуульд хамаарахгүйгээр шийдвэрлэсэн нь эцэг хуультай харшилж байна гэж иргэд гомдолложээ.

Хууль зүйн яамнаас гаргасан журам Үндсэн хуулийг зөрчиж байгаа эсэхийг маргааш шийднэ.

Гэхдээ энэ хуультай холбоотойгоор Засгийн газар өөр нэгэн хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өнөө маргаашгүй өргөн барихаар болжээ. Тодруулбал, хуулийн төслөөс 4.1.7-г буюу Авлигын эсрэг хууль гэсэн заалтыг хассанаар хөрөнгө орлогоо мэдүүлдэг 40 мянган хүн, тэдний ар гэр хамаатан садан болох 200 мянган хүн ил тодын хуульд хамрагдахгүй үлдэж байгаа учраас Засгийн газраас улстөрчид, төрийн албан хаагчдын нуусан хөрөнгийг ил болгох хуулийн төсөл өргөн барихаар бэлтгэж байгаа гэнэ.

Учир нь хуулийн дагуу хөрөнгө ил болгосон албан хаагч ажлаасаа халагдах юмуу, хариуцлагын шийтгэл хүлээх, ажлаасаа халагдахгүй гэвэл хөрөнгөө нуусан чигтээ үлдэхээс өөр аргагүй болчихоод байгаа аж.

Тиймээс Засгийн газрын санаачлагыг УИХ дэмжвэл төрийн албан хаагчид авлигад авсан, аль эсвэл хаа нэгтээ “хаяж, гээсэн”, хамаатан садандаа “өвлүүлсэн” их хөрөнгөө ил болгох боломжтой болох юм.

Засгийн газрын дээрх бодлого УИХ-аас ногоон гэрлээр батлагдах болов уу гэсэн хүлээлт бий. Учир нь хөрөнгөө нуусан, хаасан хүмүүсийн ихэнх нь улстөрчдийн ах дүү, аав ээж, авгай хүүхэд байгаа учраас “Авлигын эсрэг хууль” гэсэн заалтад өртөж, хөрөнгөө дэлгэх аргагүй болсон тэдэнд гомдолтой байгаа бололтой. Тиймээс Засгийн газар улстөрчдөд зориулж, гудсан доорх мөнгийг нь ил болгох хуулийн шинэ төсөл өргөн барихаар төлөвлөж буй бололтой.

Хөрөнгө орлогоо мэдүүлэг 40, тэдний ах дүү 200 мянган хүн гудсан дороо нуусан мөнгөө гаргавал овоо хэдэн тэрбум долларын хөрөнгө Ил тодын хуулиар ил болох нь ээ.

Харамсалтай нь, хэн хаана ямар хөрөнгөө яаж нууж байснаа тэд хуулиар халхавчилахаар болсон шүү дээ.

Ж.НЯМСҮРЭН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна